Долдугаар дүрийн Гачэн маань үнэхээр чамин эдлэл хэрэглэлтэй байжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 90 жилийн ойн өдрүүдийн өмнөх өдрүүдэд буюу өнгөрсөн Бямба, Ням гарагт тус сумын Пандэчойнхорлин хийдэд Гачэн ламын 9 дүгээр дүр Гачэн Чогбрүл  Ринбочэ Б.Ренчинсамбууд  Бат оршил өргөх, тус хийдийн Балданлхам бурханыг тахих үйл ажиллагаа боллоо.

Гачэн ламын өмнөх дүрүүд Энэтхэг, Төвдөд мэндээлж байсан байна. Гачэн ламын 7 дүр Лувсандамбийням Ванчинбогдын зарлигаар 1910-1925 онд Монгол оронд суурьшин, одоогийн Эрдэнэцогт сумын Пандэчойнхорлин хийдэд сууж “Монгол бол шашин дэлгэрч баймаар тавьлантай сайхан нутаг” хэмээн онцолж, энэ газар нутагт дахин төрнө гэж таалал болохынхоо өмнө хэлж байсан гэж судар бичигт тэмдэглэсэн байдаг.

Гачэн ламын 9 дүгээр дүр Ренчинсамбуу шашин дэхин дэлгэрсэн 1990 онд 12 настайдаа Пандэчойнхорлин хийдэд өвөөгөө дагаж ирэн шавилжээ. 2004 – 2006 онд бурхан шашины ёс жаяг, шалгуураар олон удаа шүүн тунгааж, Монголын бурхан шашины тэргүүн Есдүгээр богд Жамбалнамдалчойжийжанцан Дээрхийн гэгээн Далай ламд айлтгаж, зөвшөөрсний дагуу гал нохой жилийн өвлийн тэргүүн сарын 15 буюу 2006 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гачэн ламын 9 дүгээр дүрээр тодруулсан зарлиг гаргажээ. 9 дүгээр Гачэн лам Ренчинсамбуутай Бат оршил өргөх ёслолын ажиллагааны дараа цөөн хором хөөрөлдснөө уншигч танд хүргэе.

  • Сайн байна уу, сайхан зусч байна уу, та?
  • Сайн. Сайн явж байна уу? Энэ жил манай нутагт сайхан зун болж байгаа юм байна. Ирээд хэд хонож байна. Нутагтаа ирээд, өөрийн дуган хийддээ ном уншилгаа уншаад сайхан байна. Бас хот хүрээ газар, аймаг орон нутгаас нутгийнх ч их ирж байна. Өнөө жил манай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Өргөн дэлгэр наадам болох шинжтэй байна шүү.
  • Пандэчойнхорлин хийд энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байх шиг. Гэгээнтнээ ирсэнд мөргөлчид их байна уу?
  • Хийдийн гол шүтээн Балданлхам бурханы их тахилгыг зун бүр хийдэг юм. Энэхүү ёслолд энэ хийдэд шавьлан сууж байгаад шилжин явсан бүхий л лам хуваргууд оролцдог томоохон арга хэмжээ болдог. Сүсэгтэн олон ч энэ үеэр олноороо ирцгээдэг. Энэ жилийн хувьд хийдийн гол шүтээн тахих их ёслолын хажуугаар 108 суварга аравнайлах ёслол, номын өргөөний шав тавих ёслол, Дияаны хийдийн суварганы шав тавих ёслол болон бусад буян номын үйл хэрэг болно.
  • Таны хувьд энэ хийд ямар ч буян номын газраас илүү эрхэм дотно газар чинь байх?
  • Анх 1990 онд өвөөгөө дагаж ирээд энэ хийдэд шавилж байлаа. Хүрээ хийд дөнөж сэргэж байсан болохоор өвөөгийн маань үеийн өвөгчүүд олон байаг байлаа. Олон танихгүй хүний дунд жаахан бишүүрхдэг байсан юм шиг байгаа юм. Тэр настнуудын дээд талд өвөөдөө наалдаад л суудаг хүүхэд байсан.  Энэ хийддээ 2004 он хүртэл шавилж суусан даа. Мөн энэ хийдэд Гачэн ламын хойд дүрээр тодоруулан Сэнтийд залах ёслол болгосон. Гачэн ламын долдугаар дүр Лувсандамбийням энэ хийдэд шавилж байсан.
  • Долдугаар дүрийн чинь эдлэж хэрэглэж байсан зүйлсээс танд байдаг уу?
  • Социлзмын хүнд хэцүү цаг үед энэ хавийн хүрээ хийдээс ганцхан энэ урд талын сүм л үлдсэн. Энэ манай долдугаар дүрийн зуны лаврим байгаа юм. Ганц энэ хийд баруун тийшээ харсан хаалгатай. Бусад бүх хийд урагшаа харсан байж л дээ. Энэ хийд удаан байх болов уу гэж баруун тийшээ харуулахыг хүссэн юм гэдэг юм билээ. Надад долдугаар дүрийн хэрэглэж байсан эдлэл хэрэглэлүүдийг хүмүүс өгдөг. Их л чамин ур хийцтэй эдлэл хэрэглэдэг байсан бололтой. Саяхан надад нэг дүүрэн чимэглэлтэй хайрцаг ирсэн. Үнэхээр нандин эд байна билээ. Үнэхээр нандин эд хэрэглэлийг тэр хүн хэрэглэдэг байсан бололтой.
  • Танд сайн сайхныг хүсье.

Б.Чулуунцэцэг