Хамгийн өргөн уудам газар нутагтай, асар олон хүн амтай Евразийг тээврийн сүлжээгээр холбох санаачилгыг НҮБ анх гаргаж, Евразийн дэд бүтцийн санаачилгад 28 орон нэгдэхэд Монгол Улс анхнаас нь оролцож гарын үсэг зурж байлаа. Уг нь НҮБ-ын энэхүү санаачилгыг хамгийн түрүүнд дэмжиж, хамгийн их ажил хэрэг болгож, хамгийн том ашиг олох боломжтой орнуудын нэг нь Монгол.

Учир нь Монгол улсын хувьд Европ-Азийг холбох хамгийн товч зам. Өнөөдөр Хятадаас далайгаар Европт хүрэхэд 45 хоног зарцуулж байгаа бол төмөр замаар Манжуураар дамжин 12 хоногт хүрнэ. Харин монголоор дамжин Европ хүрэхэд ердөө 9 хоногт хүрэх тооцоог хийсэн Хятадууд энэхүү төслийг тун их сонирхож байгаа. ОХУ ч ялгаагүй. Байгалийн хий болон цахилгаан эрчим хүчээ хятад болон Азийн орнууд руу экспортлох том гарц хайж, дэлхий нийтээрээ Хятадын далайн торгоны замыг хуурай газрын торгоны замтай холбох энэхүү төслийг анхааралтай ажиглаж байна.

Тиймээс ч хөрш орнуудын төрийн тэргүүн нар Монголд ээлж дараалан айлчилж, Ази-Европыг холбосон 5 шугамыг барьж байгуулахаар ярьж байгаа. Нэр томьёоны хувьд жаахан зөрүүтэй ч агуулгын хувьд бараг л ялгаагүй. Хятадууд “Торгоны замын эдийн засгийн бүс” болон XXI зууны “Далайн торгоны зам” хэмээх энэхүү хоёр том үзэл баримтлалаа нэгтгэн өнөөдөр “Нэг бүс нэг зам” хэмээн нэрлэж байгаа. Харин Монголчууд “Талын зам” хэмээн нэрлэсэн. Гэхдээ энэхүү нэр томьёон дээр ямар нэг маргаан гардаггүй. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачлагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна.

Монголын талын дэвшүүлсэн “Талын зам” санаачилгад идэвхтэй, нээлттэй хандаж байна” гэж хэлж байлаа. Үүнээс гадна ОХУ-ын Уфа хотод Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийн тэргүүнтэй гурван талт уулзалт хийж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү эдийн засгийн коридорт ч Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон автозам, төмөрзам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугам тэргүүн эгнээнд бичигдэж байгаа. Тиймээс “Талын зам” хэмээх энэхүү төслийн талаарх мэдээллүүдийг багцлан дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа том төсөл Монголд яагаад гацаанд орчихоод байгааг тодруулахыг зорьсон юм.


Хийн хоолой


Монголчууд биднийг “Талын зам” төслийнхөө талаар өөрсдөө ч тодорхой мэдээлэл ч үгүй шахам сууцгааж байхад Орос, Хятад аль эрт тохироогоо хийж эхэлсэн. ОХУ болон БНХАУ 2018 оноос эхлэн 30 жилийн турш байгалийн хий худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураад хоёр жилийн нүүр үзэж байна. Уг нь Орсоын тал байгалийн хийн ордуудаас хий авч, Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоог гаргасан.

Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга аяндаа нээгдэнэ. Зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байгаа хийн хоолойн шугамнаас бид асар их орлого олох боломжтой болно. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой болох юм. Энэхүү хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг бүрэн дэмжиж, энэ талаар судалж үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өнөөдөр тэд байдлыг харзанаж байна. Хий дамжуулах энэ ажил гэрээ ёсоор 2018 он буюу ердөө л жил гаруй хугацааны дараа эхлэх учиртай. Гэвч Монголчуудын улс төрийн тогтворгүй байдал хийрхэл, хэнээрхэл, хэтэрхий бүтээлч бус байдал Хятадуудыг төдийгүй Орос ах нарыг айлгаж байгаа бололтой.


Автозам


“Талын зам” төслийн автозамын хувьд дэд бүтэц хэт сул хөгжсөн Монголчуудад ч, Ази-Европийг холбосон том гарц шинээр нээх боломжийг хайж байгаа хоёр хөршүүдэд ч ашигтай. ОХУ болон БНХАУ-ыг холбосон алс дорнодоор тойрдог автозамаас 3000 гаруй км дөт замыг Монголчууд бид барьж байгуулах боломжтой. Уг нь “Талын зам” төслийн хүрээнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозам төсөл хэрэгжүүлэхээр болж, МУ-ын Засгийн газар “Чингис Лэнд Девелопмент” Групптэй 2014 оны гуравдугаар сарын 9-нд концессын гэрээ байгуулж, энэ оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тохирсон.

Гэрээ ёсоор бол нийтдээ 12 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн санхүүжилтыг Чингис Лэнд Девелопмент групп олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгон барьж 30 жилийн дараа Монгол улсад хүлээлгэн өгөх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл мөнгө босгох учиртай “Чингис Лэнд Девелопмент” групп таг чиг. Сураг сонсохнээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ гэрээг хийсэн учраас өнөөдөр хэрэгжүүлэх боломжгүй болсон, шинээр гарч ирсэн сайд дарга нар заавал өөрсдийнхөө таалалд нийцүүлж шинэ гэрээ хийхийг тулгаж байгаа гэсэн мэдээлэл чих дэлсээд өнгөрөв.


Төмөр зам


Монголын төмөр зам 1953 онд баригдаж эхэлсэ, нэг урсгалтай, даац багатай энэ төмөр замаар Орос, Хятад хоёрыг холбодог. Гэвч Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл ачааг дунджаар 5-8 хоног тээвэрлэдэг, хэт удаан, бас ачаалал даахгүй төмөр замыг хос төмөр зам болгох, улмаар хурдны галт тэрэгний зам барих асуудал “Талын зам” төслийн гол таван зорилгын нэг нь. Энэ замаар хятадууд бараа бүтээгдэхүүнийг Европ руу гаргаж, Евро ази хүртэл өөрсдийн зах зээлийг тэлэх сонирхолтой байгаа. Гэтэл Эрээнээс бараа зөөдөг хэдэн бизнесменүүдийнхээ ачааг ч цаг хугацаанд нь амжуулж чадахгүй байгаа Монголын төмөр замыг зайлшгүй шинэчилж, хурдны галт тэрэг, хос зам барих шаардлагатай.

Хэрвээ Хятад, Оросыг холбосон шинэ төмөр замыг барьж чадвал Монголын нутгаар жилд 100.0 сая тонн ачаа бараа өнгөрч, эндээс бид жилд 10.0 тэрбум ам долларын ашиг олно гэсэн тооцоог зарим эдийн засагчид гаргажээ. Үнэндээ жилдээ 2.0 сая тонн л ачаа тээвэрлэж байгаа Монголын төмөр замын даац 50 дахин нэмэгдэнэ гэдэг том боломж. Гэвч өнөөх Төмөр зам бас л таг. Одоогоос хоёр жилийн өмнө Оросын төмөр зам” /РЖД/ компанийн Дэд Ерөнхийлөгч Вадим Морозов Монголд айлчилж, хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэгийн хуралд оролцохдоо шинэчлэлийн асуудлыг түргэтгэхийг санал болгосон. Шинэчлэлийн үр дүнд Монголын төмөр зам жилд 100 сая тонн транзит тээвэр хийх буюу Улаан-Үд-Наушки-Эрээн-Жининь чиглэлийн төмөр замын коридорыг байгуулах боломжтой гэж ярьсан.

Яриа үүнээс цааш хэтэрсэнгүй. Монголын эрх мэдэлтнүүд төмөр замын цариг нарийн байх уу, бүдүүн байх уу гэж хэдэн жил хэрэлдэж, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоо батлах гэж баахан хэрэлдсэн. Биднийг ийнхүү хэрэлдэж суух хойгуур оросууд 411,7 км бүхий Кызыл-Курагино төслийг эхлүүлэх, Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэлх төмөр зам барих ажлыг хийх, Байгаль-Амур болоод Транссибирийн төмөр замуудаа шинэчлэх хөтөлбөрийг батлаад байна. Монголчууд бид “Нарийн төмөр зам барьчихвал хятадууд бөөнөөрөө дайраад орно” хэмээн айж, эмээж сууж байхад Оросууд цөмийн зэвсгээрээ дэлхий нийтийг айлгаад байгаа хойд Солонгосчуудаас эмээхгүйгээр төмөр зам барих гэж байна. Монголын Засгийн газар дуншиж дуншиж, шинэ төмөр зам барихаар шийдсэн. Гэвч ёстой нөгөө дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэгч л болжээ. Хэрэлдэж хэрэлдэж Төмөр замын талаар баримтлах бодлогоо батлаж, Шинэ төмөр зам төсөл эхлүүлж, чамлахааргүй хөрөнгө мөнгө өгсөн ч өнөөх мөнгө нь элсэнд асгарсан ус шиг л замхарчээ. Өнөөдөр баахан залуучууд шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ хийлгэх, хуулийн зөвлөх баг байгуулах нэрээр асар их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн, уусан хэрэгт холбогдоод л энэ асуудал таг чиг болж байна.


Эрчим хүч


Хятадын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. 2015 онд 6.27 их наяд кВтц эрчим хүч хэрэглэж байгаа хятадуудын хэрэглээ 2020 онд 8.2 их наяд кВтц болж нэмэгдэх тооцоо бий. Тиймээс хятад улс Орос, Монгол гэх мэт орнуудаас эрчим хүч авахад бэлэн байгаа. Монголчууд одоогоос арван жилийн өмнө Шивээ-Овоо дээр томоохон цахилгаан станц байгуулж, хятадад эрчим хүч үйлдвэрлэх гэрээ байгуулж байсан ч энэ гэрээ бас л салхинд хийссэн мэт алга болжээ. Монголчууд хүнд эрчим хүч өгөх нь бүү хэл өөрсдийнхөө хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй төвийн бүсийн эрчим хүчний систем маань оргил ачааллаа даахгүй байгаа. Тиймээс орос, хятадыг холбосон эрчим хүчний систем байгуулах асуудал олон хүний анхаарлыг татаж байгаа. “Талын зам” төслийн ажлын хэсэг байгуулах үедээ нийтдээ 1100 км эрчим хүчний шугам шинээр барина гэж ярьж байсан ч бас л таг чиг. Бүтэн жил гаруйн өмнө Засгийн газрын хуралдаан дээр яригдаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар толгойлуулсан ажлын хэсэг байгуулагдсан ч энэ ажлын хэсэг Н.Алтанхуягтай хамт огцорсон бололтой.


Газрын тос дамжуулах хоолой


Хятадын эрчим хүчний түүхий эдийн хангамж гаднаас хамаарах нь нэмэгдсээр байгаа талаар, тухайлбал газрын тосны импортын хамаарал 58%, байгалийн хийнх 31% хүрээд байгаа гэсэн тооцоо байна. Урд хөрш маань Япон, Өмнөд Солонгос хоёр шиг газрын тос, болон эрчим хүчний түүхий эдээр гаднаас бүрэн хамааралтай улс биш ч авч буй хэмжээгээрээ асар их жин дардаг учраас эх үүсвэрээ аль болох олон салаалж, нэг эх үүсвэрээс хамааралтай байхгүйг хичээж байгаа гэнэ. дэлхий даяар хамтын ажиллагаа өрнүүлж, дөрвөн том стратегийн бүсийг бий болгоод байгаа нь Саудын Араб төвтэй Ойрх Дорнод, Казахстан төвтэй Төв Ази, Венесуэл төвтэй Өмнөд Америк, Судан төвтэй Хойд Африк аж.

Гэвч газрын тосныхоо 80%-ийг Маллакийн хоолойгоор дамжуулан усаар тээвэрлэж авдаг тул бас л эрсдэлтэй. Тээврийн энэ хамаарлыг саармагжуулахын тулд хятадууд хуурай газраар зүүн хойд, баруун хойд, баруун өмнөд гэсэн гурван чиглэлээр газрын тос, байгалийн хийн хоолой татаж байна. Хятад, Орос хоёрын хамгийн гол тохироо бол газрын тос. Орос улс ирэх арван жилд 70 сая тонн нефть буюу 85 тэрбум ам.долларын нефтийг Хятадад нийлүүлнэ гэдгээ хоёр жилийн өмнө гэрээгээр баталгаажуулсан. Тиймээс энэ газрын тосыг нийлүүлэх хоолой барихын тулд тэд бас л Монголыг сонирхож байгаа. Харин энэ талаар Монголчууд ямар ч мэдээлэлгүй шахам сууж байна.


“Талын зам” төслөө хэрэгжүүлэх үү? Арал дээр хаягдсан Робинзон Крузо шиг үлдэх үү?


Өнөөдөр бидний өмнө ийм асуулт яах аргагүй тулгараад байна. Олон жилийн өмнөөс ярьж байгаа ч Монголчууд бидний хувьд ямар ч амжилт олж чадахгүй суусаар. Нэг Засгийн газар огцорход дараагийн Засгийн газар нь өмнөх сайд нарынхаа хийсэн зүйлийг цоо шинээр эхлүүлдэг зарчим манайд үйлчилж байгаа. Тиймээс арай л ахицтай байсан “Талын зам” төслийн автозамын ажил бүрэн зогсож, бүүр шинэ маршрут гаргах яриа хүртэл улс төрчдийн дунд яригдаж байгаа сурагтай. Сүүлийн гурван жилийн дотор олон бонд гаргаж, их хэмжээний мөнгийг бүтээн байгуулалт нэрээр салхинд хийсгэсэн ч дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ том төслийг хэрэгжүүлэх ажилд сохор зоос ч зарцуулсангүй гэж хэлэхэд хатуудахгүй. Үнэндээ цаг хугацаа урсаж, дээдчүүл нь амаа олохгүй хэрэлдэж, доодчуул нь ажлаа олохгүй будилсаар...

“Талын зам” төсөл гэсэн гоё нэр томьёог тойрон хэрэлдсээр л... Мэдээж Орос нь ч, Хятад нь ч биднийг хүлээхгүй. Дорноос Евро-Азийг чиглэсэн том бүтээн байгуулалтын ажлууд хаяа тойрон хийгдэж байна. Хэрвээ бид “Талын зам” төслөө хэрэгжүүлж чадаж гэмээнэ өрнө, дорныг холбосон гол зангилаа болж, 997 км хурдны зам, мөн хэмжээний төмөр зам, 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой баригдаж бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Байгалийн асар их нөөцтэйгөөс гадна “далайд гарцгүй” гэдэг сул талаасаа болж өөрт байгаа баялагаа зарж борлуулж чадахгүй суугаа манай улсын хувьд шинэ зах зээл нээж, эрчим хүч, газрын тос гэх мэт том асуудлаа арай хялбараар шийдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарч, ажлын байр нэмэгдэнэ. Эндээс асар их хэмжээний ашиг олох боломж бий.

Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ бидэнд бүтээсэн зүйл бараг алга. Хэрвээ энэ маягаараа удвал, “Талын зам” төслөө хэрэгжүүлж чадахгүй бол бид арал дээр хаягдсан Робинзон Крузо шиг л хоцрох нь. Монгол улсыг тойрсон бүтээн байгуулалт, аялал жуулчлал, ачаа тээвэр, хөрөнгө оруулалт... Үнэнийг хэлэхэд хаягдаж үлдэх нь хэний ч хүсээд байхаар зүйл биш. Саяхан БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод аравдугаар сарын 23-26-ний өдрүүдэд “Монгол-Хятадын экспо”-д оролцоод ирсэн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Энэ төсөл бол ЕвроАзийн 21 зууны мөрөөдөл нь. ЕвроАзид 88 улс орон хамаарч, мөн хуурай газрын 40 хувийг эзэлж, дэлхийн хүн амын дөрөвний гурав нь амьдарч байна. Бид үүнээс хоцорч болохгүй, 21 дүгээр зууны мөрөөдөл болсон шинэ торгоны зам төсөлд монголчууд идэвхитэй оролцож өөрсдийнхөө эдийн засгийн хөгжлийг хангахад бусад улс орнуудтай мөр зэрэгцэн алхах санаачлагатай байх ёстой” гэж зоригтойгоор мэдэгдсэн. Одоо түүний үгэнд найдах л үлдэв. Их Монгол улс цагтаа алдарт “Торгоны зам”, “Цайны зам”-ыг хянаж, Европ, алсдорнодоос ирэх, мөн Дорноос өрнийг зорих худалдааны их урсгалыг хөгжүүлэн, худалдаачдад нь баталгаа гаргаж байсан түүхтэй гэдгийг сануулах нь илүүц биз.

Б.Цоож