Эрдэнэт үйлдвэрээс 557.6 тэрбумын зөрчил илэрчээ
2013/07/23
Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 2012 Үндэсний аудитын газраас энэ онд санхүүгийн үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар 557.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Эх сурвалжийн хэлснээр өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрт Аудитын тухай хуулийн дагуу аудитын хувийн компаниуд шалгалт хийж, тухай бүртээ 22.4 тэрбум болон 69.3 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж байжээ.
Харин энэ удаад Үндэсний аудитын газраас “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгээс харахад 500 гаруй тэрбум төгрөгийн зөрчил дутагдалтай холбоотой. Дахин шалгах шаардлагатай гэсэн хэд хэдэн баримтыг илрүүлсэн байна.
Энэ нь магадгүй одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийн зохистой харьцаа алдагдаж хүнд нөхцөлд орчихсон гэдгийг батлах үндэслэл болох магадлалтай гэнэ. Түүнчлэн эх сурвалжийн хэлсэнчлэн 2011 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс нэг тонн ган бэлдэцийг 920 ам.доллараар худалдаж авах гэрээ байгуулжээ. Гэтэл тус гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал П.Эрдэнэцогт хүчингүй болгож байсан удаатай юм байна. Ийнхүү уг гэрээг хүчингүй болсгосны дараа “МҮХК” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бэлдэцийг 715 доллараар худалдан авч, “Эрдэнэт” үйлдвэрт 920 доллараар зарах болсон байна. Үүний нэгэн адилаар “Аж богд трейд”, “Эс Си Эм” компаниуд ган бэлдэц нийлүүлэх замаар улсын үйлдвэрийн 7.7 тэрбум төгрөгийн ашгийг хуваан авчээ. Мөн өөр нэг зөрчил нь Оросын талын бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэг юм байна. Тодруулбал бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ тендер зарладаггүй байснаас гадна анх зөвлөлийн хурлаар баталсан үнийн дүнгээ үргэлж өсгөж бүтээгдэхүүн худалдаж авч байсан гэдэг нь тогтоогдсон аж. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэтэй харьцуулсан жишгээс үзэхэд өнгөрсөн жил зөвхөн том оврын техник хэрэгслийн худалдан авалтаас 10 тэрбум 700 сая төгрөг хэмнэх боломжийг алдсан байна. Эдгээр нь “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шалгалтын наад захын жишээнүүд болох аж. Нөгөөтэйгүүр 500 гаруй тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан Үндэсний аудитын газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой зөрчлийг дахин нягтлахаар болжээ.
Ийнхүү дээрх хийсэн шалгалтын дагуу Үндэсний аудитын газар болон “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгээс дахин тодруулсан гэсэн боловч Үндэсний аудитын газрын ажилтан “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломж байхгүй. Наймдугаар сараас энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө” гэх хариултыг өглөө.
Т.Болорцэцэг