Колумб Улсын Кали хотноо энэ сарын 25-нд Дэлхийн спортын IX наадам эхэлнэ. Олимпийн бус 36 спортын төрлөөр зохиогдох уг тэмцээнд манай улсаас сумо бөх, аэробикийн спортын тамирчид оролцохоор эрхээ авчээ.

Монголын сумочдын хувьд 2009 онд Тайванийн Коашиун хотноо зохиогдсон VIII наадамд оролцсон туршлагатай баг явах юм. Монголын Гимнастикийн холбооны Степ Аэробикийн баг тамирчид 2012 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар уг наадамд оролцох эрхээ аваад байгаа  юм. Дэлхийн наадам нь 1981 онд анх АНУ-ын Калифорни мужийн Санта Клара хотноо болж байжээ. Тус наадмын гол онцлог нь олимпийн бус спортын төрлөөс гадна соёл, урлагийн томоохон арга хэмжээг хөтөлбөртөө  багтаадаг аж. Монголын баг тамирчдын багийн ахлагчаар Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, Сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Төгөлдөр нар ажиллаж байна.

 

Ж.Болор