Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат   “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын талаар мэдээлэл хийлээ.

Тус журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах аж. Журамд барилга угсралтын ажил хийх газар анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийх, үйлдвэрлэлийн хашааны стандартыг тодорхой зааснаас гадна барилга угсралтын ажлын талбайн орчныг камержуулсан байх зэрэг шаардлага тусгажээ.

 Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ярихдаа, “Журмын хамгийн чухал заалт нь захиалагч, барилга угсралтын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлын талаарх аливаа арга хэмжээний санхүүжилтийг бүрэн хариуцахаар тусгасан явдал юм” хэмээн онцлов.

 Журмыг хэрэгжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, зургадугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй эхэлсэн болон  зөрчилтэй барилгыг цэгцлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хатуу мөрдүүлэх зорилгоор дээрх журмыг боловсруулжээ. Журам гарсантай холбоотойгоор барилгын ослын тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан хэмээн энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Энхсайхан онцолсон. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас барилгын 36 осол гарч, ослын улмаас 18 хүн  амь насаа алдсан бол энэ оны хагас жилийн байдлаар барилгын 9 осол гарснаас 4 хүн нас баржээ.

 

Б.Заяа