Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридтай өнөөдөр сэтгүүлчдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаар цөөн хором ярилцлаа.

  • Залуухан сэтгүүлчид өвчний улмаас хорвоог орхиж байна. Харамсалтай санагдах юм. Одоо ч бас нэгэн залуу сэтгүүлчийн бие маш хүнд байна. Та Монголын сэтгүүлчдийг базаж явдаг, толгойлдог хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
  • Эрүүл мэндийн хувьд дан ганц сэтгүүлзүйн салбар ч биш, Монголчууд маань тэр чигээрээ эрүүл мэндийн доройтолд орсон юм биш үү л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ нь магадгүй 90-ээд оноос хойш хүнсний бүтээгдхүүн дээр тавигдах хяналт муудснаас болж байгаа гэж бодож байна. Монгол айл бүрт  хорт хавдартай хүн байна гэхэд хилсдэхгүй болоод байна. Хуучин бол хорт хавдарт маш цөөн байсан. Одоо бол хамрын ханиад шиг л элбэг болж. Энэ нь эргээд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хэмжээнд яригдахаар болоод байна. Сэтгүүлзүйн салбарт ч гэсэн энэ нөлөөлж байна.
  • Сэтгүүлчдийн алба хөндлөнгийн хүн харахад амархан, хялбархан сайхан ажил шиг харагддаг ч, цаг наргүй хамгийн хүнд хүчир алба гэдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй? Хүнд хүчир албанаасаа болоод хүнд өвчин тусах нь элбэг байх шиг байна?
  • Арваад жилийн өмнө бол сэтгүүлчийн албыг уурхайчны дараа орох хүнд хүчир ажил гэдэг байсан шүү дээ. Цаг наргүй, хоолтой хоолгүй зүтгэдэг алба. Орой 18 цаг болчихлоо. Ажил тарчихлаа гээд тараад явчихдаг, ажлын найман цагтай алба биш. Тэгэхээр хувь уран бүтээлч сэтгүүлч өөрөө ажил амралтаа маш сайн зохицуулдаг болох шаардлага тулгарч байна. Үүн дээрээс ажил олгогчид, хөрөнгө оруулагчид сэтгүүлчээ болон уран бүтээлчид, ажилчдынхаа эрүүл мэндийг маш сайн анхаарч нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Эрүүл зөв тогтолцоог яаж гаргаж бий болгох вэ гэдэг асуудал тулгарч гарч ирээд байна. Бид бол нэг үе зөвхөн ажлын төлөө зүтгэсэн. Ер нь ч энэ бол уран бүтээлч хүний зан байдаг. Нэг бүтээл эхлүүлсэн л бол дуусгаж байж санаа нь амардаг. Бусад шиг тодорхой цагт ажиллаад, тодорхой цагт амардаггүй. Ажлаа дуусгаж байж л сая санаа нь амарч, амсхийдэг  хүмүүс. Энэ нь ч магадгүй эрүүл мэнд нь муудахад илүү ихээр нөлөөлж байгаа байх.
  • Өнөөдөр  Монголын хэвлэл мэдээлэлийн аль ч хэрэгслийн жинхэнэ эзэд нь улс төрчид байдаг. Тэд зөвхөн ажиллахыг л шаарддаг. Хэзээ ч хувь уран бүтээлчийн ахуй амьдрал, нийгмийн асуудал, эрүүл мэндийг бодолцдоггүй. Тэд зөвхөн ажиллахыг, хатуухан хэлэхэд өөрийг нь хамгаалж дуугарахыг, өөрийнх нь алдар нэрийг мандуулахыг л биднээс хүсдэг нь нууц биш? Ээлжийн амралтын 15 хоногийг ч тухтай эдлүүлдэггүй араас утасдаад л эхэлдэг шүү дээ?
  • Бид энэ тал дээр ажил олгогчийг, эздүүдийг уриалмаар байгаа юм. Юу гэхээр ажилчдаа байнгын үзлэг хяналтанд оруулж байгаачээ, нөөц бололцоогоо ашиглаад ажилчдынхаа эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаараачээ гэж уриалмаар байна. Өнөөдөр манай салбар үндсэндээ МҮОНРТ-ээс бусад нь 100 хувь хувийн хэвшил болчихсон. Үнээгээ сүүтэй байлгая гэвэл сайн тэжээ гэдэг үг байдаг ш дээ. Түүнтэй адилхан энэ салбараас ашиг ольё гэж бодож байгаа бол ажилчдынхаа эрүүл мэнд, ахуй амьдралыг бодох цаг болсон гэж бодож байна. Бид өнгөрсөн жилүүдэд ашгийн төлөө явж ирсэн. Шатах нэг нь шатаж, хуримтлал үүсгэх нэг нь хуримтлал үүсгэсэн. Одоо харин ажилчидаа боддог болмоор байна. Чадалтай боловсон хүчинг илүү түлхүү дэмждэг болмоор байна. Энэ салбар өөрийн хүмүүсээ хайрладаг болмоор байна. Урьд нь бол бид хэдэн цаг ажиллах чинь хамаагүй, сайн ажилла. Харин дараа нь хэдэн  төгрөг өгөхөө би мэдье гэдэг зарчимаар ажилладаг байсан. Одоо шинэ үе шат  манай сэтгүүлзүйд ороод ирлээ. Шударга өрсөлдөөн бий болж эхэлж байна. Хүчтэй, шударга, шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байя гэх юм бол яах аргагүй ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд онцгой анхаарах ёстой. Ажилтнаа анхаарч байж л тухайн ажилтнаас чанартай бүтээл гарна. Тэгэхгүй бол зүгээр нэг эфир бөглөдөг, сонины зай талбай бөглөдөг сэтгүүлзүй одоо хол явахгүй. Одоо цэвэр мэргэжлийн өрсөлдөөн бий болж байна. Тийм зах зээл бий болоод байгаа нь ажиглагдаж байна.  
  • Миний хувьд үнэхээр авьяастай, чадалтай сэтгүүлч бол өөрийгөө өндөр үнэлэх ёстой гэж боддог. Сэтгүүлч өөрийгөө үнэлэх ёстой биз дээ?
  • Үнэлэх ёстой. Одоо цэвэр мэргэжлийн өрсөлдөөн бий болох цаг нь болчихсон. Ийм цаг ирсэн нь ажиглагдаж байна. Тэгэхээр манай сэтгүүлчид өөрсдийгөө үнэлж сурах хэрэгтэй. Хүмүүс надад сайн сэтгүүлч олоод өгөөч гэж хүсэлт тавьдаг. Хариуд нь би “Сайн сэтгүүлч байна. Чи хэдэн төгрөгний цалин өгч чадах вэ” гэж асуудаг.  Санаанд багтамгүй жижигхэн тоо хэлдэг. Тэгсэн хэрнээ сайн сэтгүүлч авна гэдэг. Чи ийм цалингаар сайн сэтгүүлч хэзээ ч олохгүй гэж хэлдэг. Сэтгүүлчид минь өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй. Сэтгүүлч үнэтэй байх ёстой.
  • Өнөөдөр сэтгүүлч Б.Эрдэнэцогтын бие маш тааруухан байна. Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалыг олохын төлөө бид бүхэн нэгдэж байна. МСЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд та маш нөлөөтэй оролцож байгаад тань бид бүхэн баяртай байгаа...?
  • Өнөөдөр манай авьяаслаг сэтгүүлч хүндээр өвдсөн байна. Энэ үед нь мэргэжил нэгт нөхөд нь, салбар байгууллага нь хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Монголын Сэтгүүлчдийн эвлэл хэвлэл мэдээллийнхэндээ хандаж уриалга гаргасан. Энэхүү уриалгыг маш сайн дэмжиж Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд нэг өдрийнхөө цалинг хандивласан “Монголын үнэн” сонин, “Шинэ Монгол” радио,  “Шинэ дэлхий” телевиз, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, ТВ-9 телевизийнхэнд талархлаа илэрхийлье. Мөн бидний хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авч нэг өдрийнхөө цалин болох 5 сая төгрөгийг хандиласан “Эко консракшин” компанийн хамт олонд баярлалаа. Мөн наймдугаар сарын 3-ны өдөр хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа. Бүх оддын нэгдсэн тоглолт хийхээр анд нөхдүүд нь ажиллаж байна. Энд манай урлаг соёлынхон харамгүй сэтгэлээр оролцох байх гэж бодож байгаа. Манай Б.Эрдэнэцогт азаар олон сайхан нөхөдтэй хүн юм байна гэдгийг энэ өдрүүдэд мэдлээ. Цаашид өшөө олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү хандивын үйл ажиллагаанд нэгдэх байх. Бид нэгдвэл нэгдсэн шиг нэгдэж чадна. Энэ тал дээр бол ёстой итгэлтэй байгаа шүү. Манай салбар ямар хүчирхэг болохыг хүн болгон харж байгаа.
  • Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Чулуунцэцэг