Тээврийн салбарын үзүүлэлт буурсаар байна
2015/11/15
Төмөр зам болон агаарын тээврийн салбарын үзүүлэлт үргэлжлэн буурсаар байна. Тухайлбал, төмөр замын тээврийн зорчигчид болон тээсэн ачаа энэ оны эхний 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 7.9 болон 16.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Төмөр замаар нийт 15.6 сая тонн ачаа тээвэрлэж, 2.3 сая хүн зорчсон байна. Харин агаарын ачаа тээврийн хэмжээ 18.9 хувиар, зорчигч тээврийн жилийн үзүүлэлт 9.6 хувиар буурсан аж. 2015 оны эхний 10 сарын байдлаар агаарын тээврээр 1.3 сая хүн тээвэрлэж, 532 мянган хүн аялжээ. Төмөр замын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 30.1 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар буурчээ. Мөн агаарын тээврийн салбарын орлого 6.4 тэрбум буюу 3 хувиар өсчээ. Гэвч эдийн засгийн хямралын улмаас агаарын тээврийн компаниудын алдагдал сүүлийн жилүүдэд 20 тэрбум төгрөгөөр өсч байгаа талаар ИНЕГ-аас мэдээлж байв.
Харин Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын дагуу олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо болон агаарын тээврийн багтаамжийг нэмэгдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу "Чингис хаан" олон улсын нисэх буудалд транзит заалыг шинээр нээх гэж байна. Тус буудлын гуравдугаар давхрыг транзит заал болгосноор дамжин өнгөрөх цэг болж, улмаар салбарын ашиг орлого, ерөнхий үзүүлэлтүүдэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Т.Буянаа