Б.Бат-Эрдэнэд ч бас зангирсан гомдол бий гэнэ
2013/07/25
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнөөдрийн байдалд хүргэсэн гол хөшүүрэг нь гомдол. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хуримтлуулсан гомдлоо өнөөдрийг хүртэл мартахгүй яваа. Тийм ч учраас Ардын намыг эгзэгтэй үе бүхэнд нь ээлж дараалан эвгүй байдалд оруулж, дараалсан таван ялагдлын араас өндийж босохгүй болтол нь дарж чадлаа. Мэдээж өөрөө ч энэхүү зангирсан гомдлынхоо хохирогч нь болчихоод явааг та бид мэднэ. Өршөөгдөх эрхгүй, эмчлэгдэх хүсэлгүй хоригдол болсноос нь үзэхэд. Тэгвэл Ардын намд дахин нэг гомдогч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрсөн бололтой юм. Тэр нь мөн л Ерөнхийлөгчид нэр дэвшигч. Гэхдээ тэрбээр өнөөдөртөө “Миний ялагдалд намын удирлага буруутай” хэмээн ил тодоор зарлаагүй байгаа. Гэсэн ч түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх лоббиг гардан гүйцэтгэхээс эхлээд ялагдлынх нь сүүлчийн мөч хүртэл хамт байсан У.Хүрэлсүх хийгээд түүний нөхдийн үг, үглэл дээрх үнэнийг батална. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг нам дотроо хийж эхлэхтэй зэрэгцээд л Б.Бат-Эрдэнийг дэмжсэн. Улмаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах Бага хуралдаа үг хэлэх үеэрээ намынхаа даргыг түүний төлөө “мөргөж унагасан” гэж болно. Үүнийг түүний тухайн үед хэлсэн үг нотолно.
Шууд л “Намын дарга нэр дэвшээд хэрэггүй” гэх аястай үгийг санал хураалтын өмнө хэлснээс харахад шүү дээ. Ингэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших намынхаа даргын хүслийг нуга дарсан Б.Бат-Эрдэнэ гишүүнд тухайн үед Ө.Энхтүвшин дарга гомдож, бухимдаж байсан нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цорын ганц боломжийг нь үгүй хийсэн учраас тэр.
Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намын удирдлагуудаас хамгийн идэвхгүй оролцсон хүн нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин байсан гэдэг.
Наад зах нь “Намынхаа төв аппаратыг нэгдсэн зохион байгуулалтад оруулаагүй”, “Туршлагатай улстөрчийн хувиар нэр дэвшигчдээ өгөх ёстой заавар зөвлөгөөг өгөөгүй”, “Намын даргын хувиар манлайлагчийн үүрэг гүйцэтгээгүй” гэх мэт гэмийг түүнээс асуугчид олон байх аж.
Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Хэдийгээр тэрбээр энэ тухайгаа хэвлэлд зарлахгүй байгаа ч “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үүдэлтэйгээр намынхаа удирдлагад хариуцлага тооцох ёстой” хэмээгчдийн талд зогсож буй гэдэг.
Түүнчлэн өөрийнхөө хувьд “Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн спортын амжилт хийгээд улстөрчийнхөө туршлагаар бас ч гэж чамлахааргүй санал авч чадлаа” гэсэн дүгнэлтэд ч хүрсэн гэх. Иймд хэзээ болох нь тодорхойгүй байгаа Бага хуралд Б.Бат-Эрдэнэ гишүүн намын даргад нэр дэвшвэл гайхах хэрэггүй л болов уу. Наад зах нь түүнд “Ө.Энхтүвшингээс илүү” гэсэн дотор амбиц бүрэлдсэн гэдэгтэй маргах хэрэггүй юм.
Тэгээд ч “Намаа шинэчлэх хэрэгтэй” хэмээцгээж буй залуус шинэ удирдлагыг хүсэмжилж байгаатай хамтатгахад тодорхой нэгэн дүр зураг харагдах биз.
Магадгүй тэр үед та бид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн цээжинд зангирсан гомдлыг ил тодоор харч, улстөрчдийн гомдол хаанаас эхэлж, хаа хүрдгийг батлах дахин нэг жишээтэй болохыг үгүйсгэх аргагүй юм. Н.Энхбаяраас өөр нь тэрбээр нам дотроо илүү хүчтэй карьер хөөх юм гэсэн шүү.
Г.Отгонжаргал
Зочин · 2013/08/02
энхбаяр юундаа гомдох вэ 20,30 жил дэмжиж сайн сайхан амьдруулж байсан гэж гомдох юм хэний буянд явснаа мартсан уу
Зочин · 2013/08/02
тэр худлаа биздээ Бат-Эрдэнэ аваргаа ерөнхийлөгчийн сонгуульд та ялсан нийт иргэдийн 60 гаруй хувь нь танд өгсөн Харин луйврын сонгууль болсон. Элбэгдорж ******** яг олонхийн санал авч харагдаач
Зочин · 2013/08/02
тэр худлаа биздээ Бат-Эрдэнэ аваргаа ерөнхийлөгчийн сонгуульд та ялсан нийт иргэдийн 60 гаруй хувь нь танд өгсөн Харин луйврын сонгууль болсон. Элбэгдорж ******** яг олонхийн санал авч харагдаач