Г.Мөнхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа “City toilet” төсөл эхлүүлж, хотын төвд нийтийн бие засах газар барьж эхэлсэн байдаг. Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж 1.2 сая хүн амьдардаг болчихсон байсан тэр үед Нийслэлд зайлшгүй хэрэгтэй зүйлүүдийн нэг нь нийтийн бие засах газар байсан нь дамжиггүй. Тухайн үед 33 байршилд 22 ширхэг нийтийн бие засах газар барихаар төлөвлөхдөө нэг “City toilet”-ыг 50 сая төгрөгт багтаана гэж тооцоолсон байдаг.

Гэвч барилгын ажил эхлэх гэж байхад “Улаанбаатар сан”-гийн захирал Хадбаатар нэг бие засах газрыг 60-80 сая төгрөгт багтаан барина гэж байв. Харин Улаанбаатар зочид буудлын өмнө төв цэцэрлэгт баригдсан нийтийн бие засах газрын барилгыг гүйцэтгэж байсан инженер залуу тухайн үед ярихдаа “одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөг үүнд орчихсон байгаа” гэсэн байдаг. Түүнийг ийн ярихад барилгын ажил 80 орчим хувьтай байжээ. Тэгэхээр тэр “City toilet”-ыг хүлээлгэж өгөхөд 100 сая дээр нэлээд мөнгө нэмэгдсэн бөгөөд анх төлөвлөснөөс бараг хоёр, гурав дахин их зардал гаргасан байж таарах нь.

Угаас “Төр хамгийн муу менежер” гэдэг үг үнэн болж таарах гээд байгаа юм. Юу гэвэл энэ бүхнийг нарийн тооцолгүй барилга барина гэсэн хүмүүсийн амаар хөрөнгө мөнгөө зарцуулна, барилгын явцад өртөг нэмэгдлээ гэдэг. Нэмээд өгчихдөг. Тэр нь хэн нэгэн даргын өөрийнх нь мөнгө биш, төсвийн мөнгө болохоор бас ингэж хайр найргүй зарцуулчихдаг байх.

Энэ мэт зүйл маш олон бий. Жишээлбэл сургуулийн хүүхдийн үдийн цайны материал, цэцэрлэгийн хүүхдийн хоол, анги танхимын ширээ, эмнэлгийн багаж, хэвтэн эмчлүүлэгсдийн эм гээд төсвийн мөнгөөр авдаг бүхэн зах зээлийн үнээс өндөр хэрнээ чанар муутай байдаг. Энэ нь нийтийн бие засах газар дээр хүртэл харагдаж байгаа юм.

Цаашлаад энэ мэт ач холбогдолгүй хөрөнгө оруулсан барилгууд улсын хэмжээнд маш олон бий. Өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгөөр хөрөнгө оруулан барьсан тэр олон нийтийн бие засах газруудын 2-3 нь лав одоо огт ажиллахгүй, түгжээтэй байна. Тооцоо судалгаагүйгээр, шаардлаггүй газар “City toilet” барьсаны гай. Юуны тулд тэд ингэж үр дүнгүй зардал гаргаж, юу ч хамаагүй бариад байдаг юм бэ. Түүний оронд ганц цэцэрлэг босгочихсон бол хичнээн тустай байх билээ.

Н.Ганаа