Москвагийн Шереметьевогийн нисэх буудал дээр сар гаруй амь­дарч буй Эдвард Сноудентэй өмгөөлөгч нь уулзах үеэрээ солих хув­цас, унших ном өгөв. Гэвч Оросын эрх баригчид түүнд Моск­вад хөл тавих зөвшөөрөл хараа­хан өгөөгүй байна. Өн­гөр­сөн долоо хоногт ОХУ-ын Ца­гаачлалын албаныхан Э.Сноуденд транзит тээв­рийн бүсээс гарч, хилээр нэвтрэхийг зөв­шөөр­сөн гэх мэдээлэл гарсан. Ин­гээд хэвлэлийнхэн Шереметьевогийн буудлын гарах хаалган дээр Америкийн тагнуулчийг өдөржин хүлээж зогссон боловч тэр гарч ирсэнгүй. Харин түүний өмгөөлөгч Анатолий Кучерена “Зөвшөөрлийн бичиг нь хараахан ирээгүй байна” хэмээн мэдэгджээ. Энэ нь Оросын эрх баригчид Э.Сноуденд түр орогнох зөвшөөрөл өгөх олгох эсэхээ шийдэж ядаж байгаагийн нотолгоо юм. Оросын Цагаачла­лын албаны тэргүүн Владимир Волох “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа Э.Сноуденг Шереметьевогийн нисэх буудал дээр хэдэн сар ч амьдарч магадгүй хэмээн дурьджээ. Гэхдээ нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд хамгийн ихдээ зургаан сар байж болдог аж. 

Америкчуудын хувьд Э.Сноу­денийг буцаах хүсэлтийг Оросын талд удаа дараа тавьсан. Хамгийн сүүлд уржигдар АНУ-ын Хууль зүйн яамнаас нэгэн захидал явуулжээ. Уг захианд Э.Сноуденийг эх орон руу нь буцаавал түүнд цаазаар авах ял оноохгүй хэмээн бичсэн байна. Мөн түүнтэй холбоотой хэргийг иргэний шүүхээр шийднэ гэжээ. Э.Сноуден АНУ-ын иргэн хэвээр байгаа учраас “Пасспорт нь хүчингүй болсон” гэх мэдээлэл худлаа гэдгийг ч онцолсон байна. Э.Сноудены хувьд уг нь Москвад буусныхаа дараа Куб, Кубээс Венесуэл рүү явах төлөвлөгөөтэй байсан. Гэвч Москвад очингуут нь түүний пасспортыг АНУ-ын тал хүчингүй болгосон учир цааш зорчих боломжгүй болсон юм. Тиймээс АНУ-ын Хууль зүйн яамнаас хийсэн мэдэгдэл үнэн эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ тэдний хувьд Э.Сноуденг эргэж аваачихын тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байна.

Саяхан Э.Сноуден нууц мэдээллийг нь задалчихсан тагнуулын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох асуудлыг АНУ-ын Төлөөлөгчийн танхимаар хэлэл­цэж, дэмжсэн билээ. Өөрөөр хэлбэл, тус улсын эрх баригчид Э.Сноуден шиг хүнд дахин мэдээллээ алдах­гүйн тулд хамгаалалтаа сайжруула­хаар хөрөнгө хаяхад бэлэн байгаа юм. Э.Сноудений аав Барак Обамад хандан саяхан захидал бичиж, хүүгийнхээ хэргийг хаах хүсэлт тавьжээ. Тэрбээр хүүгийнх нь шүүх хурал Америкт болбол шударга явагдахгүй, тийм учраас түүний эсрэг үүсгэсэн хэргийг бүрмөсөн зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Гэвч АНУ-ын хуулийн дагуу Эдвард Сноуденг зөвшөөрөлгүй тагнах ажиллагаа хийсэн гэх мэт гурван зүйл ангиар буруутгасаар байна. Хэрэв шүүх хурал нь болбол түүнд 30 хүртэлх жилийн ял оноож магадгүй.

Америкчууд ийнхүү янз бүрийн санал тавьж байх хооронд Оросын Дотоод хэргийн яам, прокурорын газраас Сноуденийг хүлээн авч, аюулгүй байдлыг нь хангаж, АНУ-ын талд хүлээлгэж өгөхгүй гэх мэдэгдэл хийсэн. Э.Сноудентэй холбоотой асуудал АНУ, Оросын тагнуулын байгууллагын тэргүүн нарын хооронд өрнөж байгаа аж. Түүнээс биш улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд энэ талаар ярилцаагүй гэнэ. Гэхдээ хэрэв Э.Сноуденд түр оршин суух зөвшөөрөл өгвөл түүнийг АНУ, Оросын дипломат харилцаанд сэв суулгахуйц үйлдэл хийхгүй байх шаардлага тавих юм. Энэ талаар В.Путин “Хэрэв Э.Сноуден дахиж тагнуулын шинжтэй материалыг олон нийтэд задалбал Орос улс түүнд түр орогнох зөвшөөрөл өгөхгүй” хэмээн мэдэгджээ. Одоо­гоос хэдэн жилийн өмнө Америкт очсон Чеченийн алан хядагч Илиас Ахмадовыг Орос руу шилжүүлэн авах хүсэлт гаргасан ч Америкийн тал зөвшөөрөөгүй. Тиймээс энэ мэтчилэн харилцан тохиролцоогүй асуудлууд дээрээ дөрөөлөн Оросын тал Э.Сноуденг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрч магадгүй юм.

Ямартай ч АНУ-ын тагнуулын нууцлал өндөртэй материалуудыг олон нийтэд задалсныхаа төлөө Эдвард Сноуден эрх чөлөөний оронд чөлөөт иргэнийхээ хувиар дахиж хэзээ ч хөл тавихгүй гэдэг нь тодорхой болоод байна. Тэрбээр “Хууль зөрчөөгүй байсан ч тэд чамайг нууцаар ажиглаж байдаг. Зүй нь бол тэд ингэхийн тулд олон нийтээс зөвшөөрөл авах ёстой” гэж байсан юм. Одоо бол Э.Сноуденд америкчуудын нууцалж байсан мэдээллүүд бүгд байна. Түүний өгсөн тагнуулын шинжтэй мэдээллийг нийтэлж байсан “Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринуолд “Сноуденд байгаа баримтууд хэвлэлээр тарвал Ца­гаан ордны хувьд түүхэнд байгаагүй том цохилт болно” гэжээ. Энэ нь зөв­хөн Америкийн иргэдтэй биш, харин олон улсын харилцаатай холбогдож магадгүй гэсэн үг юм. Өнгөр­сөн долоо хоногт Германы “Der Spiegel” сэтгүүлд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Евро­пын холбооны зарим газрыг тагнах зорилгоор программ зохион бүтээж ашиглаж байгаа талаар өгүүл­сэн нийтлэл гарсан. Харин түүний дараахан Германы хүний эр­хийн байгууллагуудаас Э.Сноу­денд “Мэдээллийн дууч” гэдэг шагнал өгсөн юм. Тиймээс дээрх хоёр үйл явдал хоорондоо холбоотой байж магадгүй гэх хардлага ч гараад байна.

 

Т.Элиса