Манай улсын иргэн Н.Золзаяа гэгч эмэгтэйг хар тамхины хэргээр Малайзид шүүжээ. Түүнд анхан шатны шүүхээс гэм буруугүй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон юм. Гэвч ар гэрийнхэн нь шүүхийн шийдвэрийг үнэн гараагүй хэмээн хэлж байгаа аж.

Иймд Монгол улсын ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд нар уг хэрэгт анхаарлаа хандуулан хэргийн ээдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд тус улсын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал бичсэн аж.

Үүний зэрэгцээ Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлсөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байна.

Тэгвэл энэ сарын 26-нд Н.Золзаяагийн Дээд шүүхийн хуралдаан болох юм. Дээд шүүхээс нааштай хариу гарах болов уу гэж ар гэрийнхэн болон Гадаад харилцааны яамнаас үзэж байгаа юм.

Т.Буянаа