Уран ухаалаг сонголт мөн үү
2013/02/16
“Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны хаягдлыг булахгүй. Ураныг шар нунтаг хүртэл нь боловсруулна. Шар нунтгийн цацрагийг хэмжихэд агаарт байх хэмжээтэй ойролцоо гардаг.
Ийм хэмжээнд боловсруулсан тохиолдолд хор нөлөөгүй. Гэхдээ олборлолт хийхдээ тухайн нутгийн иргэдтэй 100 хувь ойлголцох зарчмаар ажиллах учиртай” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэр /2013.01.23/ мэдэгдсэн. Уг мэдэгдэл ураны бизнес эрхлэгчдэд гэнэтийн бэлэг болсон нь дамжиггүй. Харин ураны нөөц илрээд буй орон нутгийн иргэдэд таатай мэдээ байгаагүй нь лавтай.
Ураныг шар нунтаг болгох үйлдвэрлэлийг Ерөнхий сайд дэмжиж байгаа ч УИХ, Ерөнхийлөгч дэмжих болов уу. Цаашилбал, Засгийн газрын гишүүд 100 хувь дэмжих эсэх нь эргэлзээтэй. Монгол Улс 50 сая тонн ураны нөөцөөрөө дэлхийд 15-дугаар байрт жагсаж байна. “Зүүн бүст ураны хайгуул, судалгааг өнгөрсөн зуунд хийсэн. Харин баруун бүст ураны судалгааг бараг хийгээгүй” гэж ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн удаатай. Хэрэв баруун бүсийн ураны нөөцийг тогтоосон тохиолдолд Монгол Улс дэлхийд тэргүүлэхийг үгүйсгэх аргагүй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн урьдчилсан тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2015 он гэхэд 2.4, 2030 онд 2.7 хувиар жил бүр өсөх төлөвтэй. Эдүгээ 30 гаруй улсад цөмийн 440 атомын цахилгаан станц ажиллаж, дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг хангаж байна. Үлдсэн 80 хувийг шатах эрчим хүч эзэлж байгаа бол сэргээгдэх эрчим хүч дөнгөж дөрвөн хувийн хэрэгцээг хангаж буй. Дэлхийн 60 гаруй улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг судалж байгаа гэх. Мөн ашиглахаар зэхэж буй 100 орчим цөмийн хөдөлгүүр угсарсан мэдээлэл бий.
Ураны нөөцөөр дэлхийд Канад, Казахстан, Австрали, ОХУ, Нигер, Өмнөд Африк, Украйн, Хятад, АНУ тэргүүлж буй. Эрчим хүчгүйгээр бид амьдарч чадахгүй. Үеийн үед эрчим хүч хүн төрөлхтөнд хөгжин дэвших боломж олгосоор ирсэн. Дулаан, гэрэл гаргах, хоол тэжээл бэлтгэх, эрүүл мэндийг хамгаалах, бүх төрлийн тээврийн хэрэгсэл ажиллуулах, утас компьютер цэнэглэх болон эдгээрийг хийж бүтээхэд ч эрчим хүч бидэнд үргэлж шаардлагатай байсаар. Дэлхийн хүн амын тоо ихсэх тусам эрчим хүчний хэрэглээ ч өсөх нь гарцаагүй.
2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрэх урьдчилсан таамаг бий. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр, түүнийг орлох шинжлэх ухааны ололтыг эрж хайхад онцгой анхаарах болсон. Дэлхийг био, ус, цөм, нүүрс, салхи, газрын тос, хий, нарны эрчим хүч дулаацуулж, гэрэлтүүлж байна. Үүнээс ураныг эрчим хүчний шинэ эх үүсвэр хэмээн цоллож буй. Францын хувьсгал гарсан 1789 онд ураныг нээж, “Uranus” буюу тэнгэрийн ван гаригийн нэрийг оноосон байдаг.
Алт, зэстэй харьцуулахад уран нь байгаль дээр дангаар оршдоггүй металл. Усанд уусамтгай химийн элемент. Нэг тонн чулуулагт 10 хүртэл кг уран агуулж байдаг бөгөөд уран нь бага хэмжээгээр байгальд хаа сайгүй оршдог “эд”. Нэг кг баяжуулсан уран 170 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргадаг юм байна. Манай улсын хэмжээнд 130 орчим ураны тусгай зөвшөөрөл олгогдсон аж. Үүнээс 26 ордод хайгуул болон судалгааны ажил хэдийнэ эхэлжээ.
Б.Тогтох