Өчигдөр 480 жолоочид торгуулийн хуудас хүргүүлжээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн 80 тоот тогтоолоор Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа “Зам, тээврийн хяналтын оновчтой тогтолцоо”-г /зөрчил бүртгэх камерын систем/ ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлэх, торгууль ногдуулах, торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг зохицуулахаар тогтоосон юм.

Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид /камер/ бүртгэгдсэн зөрчил гаргасан этгээдэд болон цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн фото зургаар баримтжуулсан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдүулах бөгөөд зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй юм байна. Хэрэв торгуулийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 14 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр зохицуулагдсан байна.

Энэ арга хэмжээг 2013 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс буюу өчигдрөөс эхлэн мөрдөж байгаа юм. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт 480 жолоочид шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргүүлжээ. Энэхүү торгуулийн хуудаст тухайн жолоочийн нэр, хаяг, регистрийн дугаар, дүрэм зөрчсөн байдлыг баримтжуулсан зурагтай байгаа юм байна. Хяналтын камер нь автоматжуулсан системтэй учраас дарга цэрэг, ажилчин гээд хэнийг ч ялгалгүй зөрчлийг баримтжуулан авах давуу талтай гэж албаныхан хэлж байна.

Дэлгэрэнгүйг энд дар
 

Н.НОМИН