Дуулианы  эзнээр тодроод буй  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын  дарга  Д.Бат-Эрдэнийн  ба­лаг дуусахгүй нь. Хаа явсан газраа хор найруулж, улсын мөнгө шамшигдуулж, дуулианы эзэн болдог Д.Бат-Эрдэнэ гэгч хэн бэ. Түүний хувьд зөвхөн энэ удаад хийсэн хэрэг нь илэрч байгаа юм биш. Өмнө нь хэд хэдэн авлигын хэрэгт нэр холбогдож энэ эрхэм “баялаг” намтартай нэгэн.
Д.Бат-Эрдэнэ нас барсан ахынхаа нэрийг “зээлжээ”

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэр нь Д.Батмөнх. Д.Батмөнх 1964 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Түүний хувьд аль нэг дээд сургууль төгсөөгүй. Өөрөөр хэлбэл, долдугаар ангийн боловсролтой нэгэн. 1981 онд буюу иргэний үнэмлэх  авах үедээ  төрсөн ах Д.Бат-Эрдэнийнхээ нэрийг “зээлж” бичиг баримтаа бүрдүүлжээ. Учир нь тухайн үед түүний төрсөн ах нь нас барсан байсан аж.

Энэ цагаас хойш ахынхаа нэрээр явж өдий хүрчээ. Тэрбээр Д.Бат-Эрдэнэ гэх нэрийг авахаасаа өмнө аймгийнхаа “Сүхбаатарын зам” нэгдэлд мал маллаж байв. Тэрбээр 1981 онд Улаанбаатар хотын иргэн болохоор хотод ирж суурьшсан байна.  Ер нь энэ үеэс л Д.Бат-Эрдэнийн луйварын ажил эхэлсэн гэж хэлж болно. Түүний одоогийн намтрыг үзвэл Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн дээд боловсролтой нэгэн гэх тайлбар бий. Гэхдээ Д.Бат-Эрдэнэ гэгч нь үнэн хэрэгтээ бол долдугаар ангийн боловсролтой нэгэн. Өөрөөр хэлбэл, дээрх сургуулиудын  диплом, дагалдах бичиг баримтыг   хуурамчаар бүрдүүлж авсан гэсэн үг. Түүнийг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын даргаар ажиллаж байх үед тухайн үед нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр АТГ-т шалгуулах хүсэлтийг гаргаж байсан юм билээ. Улмаар АТГ-аас түүний бичиг баримт хуурамч гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг.

Ингэснээр түүнийг дээрх албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед түүнд хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэнгүй. Мөнгөтэй хүн ямар ч үед гараад ирдэг гэдгийг Д.Бат-Эрдэнэ утгаар нь харуулж, НИТХ-д нэр дэвшсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга болж чаджээ. Гэсэн ч тэр хууль бус үйлдлээ зогсоохыг хүссэнгүй.
 
Ганцхан Д.Бат-Эрдэнэ биш түүний ард олон хүн нуугдаж буй

Олон хүн  нуугдаж байгаа гэж хэлсэн нь учиртай. Одоогоос гурван жилийн өмнө Д.Энхмандах гэх жирийн нэг эмэгтэй “Хаан” банкнаас 30 сая төгрөг залилж авсан гэх хэрэг тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьж байв. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны өдөр гэм буруугүй гэдэг нь нотлогдож, нэрээ цэвэрлэж авсан. Харин Д.Энхмандахыг хилс хэрэгт унагаж, 2007 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2008 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл хорих ангид байлгасан хүн нь Д.Бат-Эрдэнэ болон түүний анхны эхнэр Б.Сувдаа нар. Д.Энхмандахын хувьд 30 сая төгрөг залилсан гэж баригдах үедээ дөрвөн сартай жирэмсэн байсан. Улмаар бие нь муудаж, батлан даалтад гарсан ч эрүүл саруул бойжиж байсан хоёр ихэр хүүхэд нь эндсэн байна.  /Д.Энхмандахын хэргийн шүүх хурлын үеэр хүүхдийн эцэг нь Д.Бат-Эрдэнэ хэмээн түүний эхнэр Б.Сувдаа хэлж байсан./

Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн ч амьдралын эрхээр Д.Бат-Эрдэнийн гэрийн үйлчлэгч хийж байжээ. Улмаар Д.Бат-Эрдэнийн удирдаж байсан  “Эрдэнэ суварга” /Д.Бат-Эрдэнэ ИТХ-ын дарга болсны дараа компаниа өөрийн төрсөн дүү Д.Давгадоржид хүлээлгэн өгсөн /гэх компанид эхнэрийнх нь тавьсан саналын дагуу менежерийн ажилд оржээ. Тухайн үед Б.Сувдаа түүнд таван жил ажиллавал хоёр өрөө байр өгнө хэмээн итгүүлсэн аж. Ингээд Д.Энхмандах өдөр шөнөгүй тус компанид зүтгэж эхэлсэн байна. Гэвч энэ хугацаанд түүнд ямар нэгэн орон сууцны тухай нэг ч удаа дурсаагүйгээр барахгүй гэмт хэрэгтэн болгосон байна.

Дэлгэрэнгүйг энд  дар
Г.Мянган