ИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир гэж нэг хачирхалтай нөхөр байх юм. Сав л хийвэл “Эсэргүү” үйлдэл хийх болсон түүнийг намынхан нь ер нь тоож байгаа ч юм уу, үгүй ч үү.

Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшихэд тэрбээр хэвлэлд ярилцлага өгч, намынхаа нэр дэвшигчийг дэмжихгүй хэмээж байсан. Гэтэл одоо намын Бага хурал хуралдахын өмнө бас л ярилцлага өгсөн харагдлаа. Ингэхэд энэ нөхөр намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй намын удирдлагууддаа санаа тавихгүй байж гэнэтхэн л нэг их намдаа хайртай хүн болж ярих юм ямар учиртай юм бол. Нам нь таван удаагийн сонгуульд ялагдаж, намдаа санаа зовсон залуус нэгдэж, намаа шинэчлэхийг уриалахаар тэднийгээ “Юуг шинэчлэх гээд байгаа юм бэ” хэмээн тавлаж суух.

 

Угтаа тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн нэгэн. Тэгсэн хэрнээ Удирдах зөвлөлийн хуралдаа оролцдоггүй гэж байгаа. Бас болоогүй ээ, намынхаа залуусыг хэн нэгний нөмөр нөөлөг дор гарч ирсэн, ямар нэг албан тушаалд очих гэж санаархагчид хэмээсэн байх юм. Ингэж ярихдаа өөрөө улс төрд хэрхэн орж ирснээ марчихаагүй л байлтай.

 

Түүнчлэн намын Бага хурлын талаар шуугиж байгаа энэ үед “Хэрэв У.Хүрэлсүх хэрэв намын дарга болох юм бол би намаасаа гарна” гэжээ. Аавыгаа айлгаж байгаа хүүхэд, эсвэл Д.Арвин гишүүн биш дээ. Түүнийг намаасаа гарлаа гэхэд хэн айх билээ. Түүнийг ингэж хэллээ гээд У.Хүрэлсүхийг намын даргаар сонгохгүй байна гэж үү. Анхнаасаа л түүнийг У.Хүрэлсүхтэй түнжин муу гэдгийг МАН-ын гишүүд байтугай эгэл жирийн иргэд ч мэдэж байгаа. Тэрбээр 2009 оны сүүлээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс ухамсрын шанаа хүртэж байсан нэгэн. Тухайн үед мөн л намын талаар элдэв зүйл ярьж байгаад У.Хүрэлсүхт хоёр шанаадуулсан хэрэг. Үүнийхээ дараа мань эр намын байрнаасаа гарч ч амжаагүй байхдаа хэвлэл мэдээллийнхэн рүү утас цохиж “У.Хүрэлсүх намайг хүлж байгаад зодлоо. УИХ-ын гишүүний бүрэн эрхт халдлаа” хэмээн дөвчигнөсөн байдаг. харин энэ нь сүүлдээ хоёр эрийн хооронд болсон үйлдэл болж өнгөрсөн. Хэтээсээ шазруун хаа явсан газраа хүний шар хөдөлгөж, сав л хийвэл нударга зөоүүлээд авдаг энэ эрхэмд өгсөн У.Хүрэлсүхийн гарын амт өнөө хэр нь зүрхнийх нь шар усыг хуруулсаар байгаа бололтой. Тиймдээ ч У.Хүрэлсүхийг намын дарга болбол би намаас гарна хэмээсэн байлгүй дээ.

 

Гэхдээ хачирхалтай байгаа биз дээ. У.Хүрэлсүх, Э.Мөнх-Очир хоёрын зодоон тэндээ л байдаг юм байгаа биз. Маньд ямар хамаа вэ. Харин МАН дараалан таван сонгуульд ялагдал хүлээж, хэдийгээр сөрөг хүчин гэгдэж байгаач сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаа. Дээр нь намын нэрээр албан тушаалд заларч байсан этгээдүүд ар араасаа авлигын хэрэгт холбогдоод байхад энэ хүн намаа муулсан шиг ээ сууж байдаг. Ерэн жилийн түүхтэй нам нь одоо л сэргэхгүй юм бол ирэх 2016 оны сонгуульд ялагдаж, улмаар ёстой нөгөө ертөнцийн хөрснөөс арчигдахад хүрээд байгаад намын эгэл жирийн гишүүд нь ч санаа зовж байна. Юун намаа муулах. Юун намынхаа нэр дэвшигчийн эсрэг ярихтай мантай байхад Э.Мөнх-Очир гэдэг хүн тэгтлээ юм сэтгэдэггүй хүн үү.

 

УИХ-ын гишүүн байхдаа чуулганы хуралдаан дээр олигтой ч үг хэлдэггүй байсан түүнийг намаасаа гарлаа гэхэд тосоод авах улс төрийн хүчин бий билүү. Сайн эцгийн нэрийг ес худалдаж иддэг гэдэг ч Э.Мөнх-Очирыг одоо хэн ч тоохгүй. Ядаж л намын нэрээр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч явснаа тарчихдаг энэ хүнийг намаас гарлаа гэхэд буцаад ир ээ гэх гишүүн ер нь байгаа болов уу. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ. Э.Мөнх-Очир намынхаа төлөө хуруугаа хөдөлгөж чаддаггүй юм гэхэд ядаж намынхаа нэр хүндэд халдах үг хэлдэг амаа жаахан “үдчихвэл” ядаж л нэр цэвэр байна биз ээ.

 

Н.БУДСҮРЭН