Засгийн газрын ээлжит хуралдаан болов Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар  дараах  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
 Нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлттэй холбогдуулан хот, суурин газруудын төлөвлөлтийг орчин үе, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгож сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. 1996 оноос хот байгуулалт болон газрын суурь хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос хот суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болоод байгаа юм.

Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн бөгөөд хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтанд төвлөрүүлэх харилцааг одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах боломжгүй болоод байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталлаа
          
 Дэлгэрэнгүйг энд  дар