Монголын уул уурхайн үйлдвэрийн механикчид Эрдэнэтэд чуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэв. Механикчдын өдөрлөгийг Монголын уул уурхайн цахилгаан механикчдын холбоо “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зохион байгуулсан нь учиртай. Техникийн бодлогыг ил тод болгох, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэс жил бүр механикчдын баярын өдрийг тохиолдуулан цогц үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай юм. Өмнө нь уг зөвлөлгөөнд “Эрдэнэт” үйлдвэрийн механикч мастерууд оролцож өөрийн үйлдвэрт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцдэг байсан бол энэ удаа уул уурхайн ижил төстэй компаниудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцон туршлага судлав.
Зөвлөлгөөнд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтсийн бодлого, үйл ажиллагаа, Монгол улсын мэргэшсэн зөвлөх болон уул уурхайн механик инженерүүдийг бэлтгэх өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг хэд хэдэн сэдвээр илтгэл тавигдлаа. Үйлдвэр хэвийн ажиллахад голлох үүрэг гүйцэтгэдэг механик инженерүүд, мастерууд энэ үеэр тоног төхөөрөмжийн насжилтанд дүн шинжилгээ хийх мэргэжлийн баг ажиллах хэрэгтэй. Үүний тулд хугацаа дууссан тоног төхөөрөмжийг дахин ашиглах, эдэлгээний бодит хугацааг уртасгах эрх бүхий байгууллагыг бүрдүүлэх шаардлагатайг онцлов. Харин манай үйлдвэрийн хувьд эцэг, эхийнхээ ажлыг залгамжилсан залуу боловсон хүчнийг мэргэшүүлэх асуудал тулгамдаж байгаа аж. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрт механикч, мастер 200 гаруй хүн ажиллаж байна. Зөвлөлгөөнд оролцсон гадны компанийн төлөөлөгчид Хүдрийн ил уурхай, Засвар механикийн завод, “Эрдмин” ХХК-ийн Зэс утасны үйлдвэртэй танилцсан юм.

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/58-2014-10-31#sthash.w87BZpRF.dpuf