Олон улсын сайн дурынханы өдрийг жил бүрийн арван хоёрдугаар сарын 05-ны өдөр тэмдэглэдэг билээ. Тэгвэл энэ өдрийг угтаж өнөөдөр Монголын донорын холбоо, Цус сэлбэлт, судлалын үндэсний төв, Олон улсын сайн дурын байгууллагууд хамтран нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгөөр цусаа авчихаад дараа нь ямар бүтээгдэхүүн болгож, хэрхэн шинжилгээ хийдэг, цусны бүлэг гэж юу байдаг талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч үйлчилсэн юм.

 

Тус өдөрлөгт Тахарын албанынхан нэгдэж цусаа бэлэглэв. Энэ талаар Тахарын албаны шуурхай удиртгалын ахлах зохицуулагч Марат "Нийслэлийн тахарын алба нь өмнө нь цус сэлбэлт, үндэсний төвтэй хамтарч нэлээд олон ажлын зохион байгуулж байсан. Өнөөдөр Олон улсын сайн дурынханы өдрийг угтаж мөн Спорт, аялал жуучлалын сайдын тушаалаар сарын бүрийн 03-ны өдрийг цус бэлэглэх өдөр болгон болгосонтой холбогдуулж өнөөдөр дахин цусаа бэлэглэх ажиллагаанд сайн дураараа оролцож байгаадаа Тахарын албаныхан таатай байна. Миний авсан мэдээллээр бол нэг албан хаагчийн өгсөн цус гурван хүний амь насыг аврах хэмжээтэй байдаг. Сайн дурынхан, албан хаагчид, иргэддээ сайн сайхныг хүсэн ерөөе" гэлээ.

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр: Донорынхоо тоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой

-Олон улсын сайн дурынханы өдрийг угтаж нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна?

-Энэ жил ес дэх удаагаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг есөн өөр дүр зургаар явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллага, төрийн байгууллага компани, аж ахуйн нэгжүүд зэрэг маш олон сайн дурынханы бүлгүүдэд чиглэсэн байдлаар өдөрлөгөө явуулдаг. Тухайн өдөртөө явуулаад өнгөрөх биш зохион байгуулж байгаа хүмүүсээр дамжуулж донорынхоо тоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байгаа.

-Донорын тоо нэмэгдэж байгаа юу?

-Тоо баримтаас авч үзэхэд улсын хэмжээнд нийт 26 мянган донор байсан. Одоогоор улсын хэмжээнд тоо баримтаа нэгтгэж дуусаагүй байна. Харин цус сэлбэлт, үндэсний төвийн хэмжээнд 19 мянга байсан бол өнөөдрийн байдлаар авч үзэхэд 22 мянга 500 болж өссөн. Үүнээс харахад нэлээд өндөр үзүүлэлттэй гарах эерэг тал ажиглагдаж байна.

-Өдөрт хэдэн хүн сайн дураараа цус ирж өгдөг вэ?

-Манай донорууд 100 хувь сайн дурын донорууд. Хуучин тодорхой хэмжээнд донорын нөөц багасах асуудал байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд олгогдохгүй байгаа цус цусан бүтээгдэхүүний хэмжээ бол эрс буурлаа.

 

Монголын донорын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах "Өнөөдөр Олон улсын сайн дурынханы өдрийг угтаж Монголын донорын холбоо, Сайн дурын сүлжээний гишүүн байгууллагууд хамтран цус сэлбэлт, үндэсний төв дээр "Цусаа өгч амьдрал бэлэглэе" гэсэн уриатай донорын өдөрлөгийг зохион байгуулж байна. Манай сайн дурынхан амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө цаг зав, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа хүмүүсийг хэлдэг. Энэ сайн дурынханы нэгээхэн хэсэг нь Монголын донорын холбооны сайн дурын авлагагүй донорууд ордог юм. Сайн дурын сүлжээний гишүүдээс гадна гадаадад ажиллаж, амьдардаг сайн дурынхан маань ирж цусаа өгч, оролцож байгаад баяртай байна. Манай улсад 100 гаруй сайн дурын байгууллага байдаг. Энэ онд 30 гаруй сайн ажилчид ажиллаж 4.5 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Олон улсын сайн дурынханы өдрийг баярын мэндийг бүх сайн дурынхандаа хүргэе" гэсэн юм.

 

Хүндэт донор С.Хадхүү "Олон улсын сайн дурын байгууллагуудын өдөрлөг болж байна. Энэ өдөрлөгт оролцож байгаалаа баяртай байна. Би Донорын холбоонд 1981 онд элсээд нийт 36 литр цусаа бэлэглэсэн. Залуучуудыгаа сайн дураараа авлагагүй донорын эгнээнд нэгдээрэй гэж уриалья. Мөн төр засагтаа хандаж хэлэхэд, сайн дурынханы байгууллагуудыг дэмжиж ажилламаар байгааг энэ дашрамд хэлмээр байна" хэмээлээ.

 

Монголын Донорын холбооны тэргүүн Хүндэт донор М.Сосорбарам: Сайн үйлсийн аянг тогтмол зохион байгуулдаг

-"Цусаа өгч амьдрал бэлэглэе" өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийн талаар?

-Монголын донорын холбоо, сайн дурын сүлжээний байгууллагатай хамтарч жил бүрийн арван хоёрдугаар сарын 05-ны өдөр Олон улсын сайн дурынханы өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан өнөөдрийн арга хэмжээгээ явуулж байна. Сайн дурынхан цусаа бэлэглэх энэ өдөрлөгт маш их идэвхитэй оролцсоноороо донорын хүрээг өргөжүүлэхэд томоохон хувь нэмрийг оруулж байгаа. Донорын эгнээ тэлэх тусмаа манай оронд хэрэгжиж байгаа эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай явагдаж олон хүний амь насыг аварч байгаа юм. Гадагшаа явж хийлгэдэг байсан энэ мэс заслыг Монголынхоо чадварлаг эмч нараар хийлгэж байгаа нь Эрүүл мэндийн салбарт гарч байгаа томоохон алхам. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах үеийн цусны хангамж маш их чухал байдаг. Энэ талаар манай донорын холбоо амжилттай ажиллаж байна. Тийм учраас сүүлийн үед залуучууд маань сайн дурын ажилд идэвхитэй оролцон цусаа бэлэглэх хөдөлгөөнд хамрагдан байгууллага, хамт олноороо оролцож байгаа учраас жилээс жилд цусны хангамж сайжирч байна.

-Энэ онд Монголын донорын холбоо ямар ямар үйл ажиллагааг өрнүүлэв?

-Манай холбооны энэ жилийн гол ажлууд 4-5 төрөл. Үүнээс 2-3 ажил маань сайн үйлсийн аянг дандаа тогтмол зохион байгуулдаг. Эх, нялхасын үндэсний төв дээр өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор сайн үйлсийн хандивын аянг 3 хоногийн өмнө зохион байгуулж, биднийг дэмжин хамтран ажилласан компаниудынхаа гарын бэлгийг гардуулж хүүхдийн эрүүл мэндийн төлөө анхаарлаа хандуулсан.

-Донорын холбооны санхүүжилтыг хаанаас олдог вэ. Төрөөс дэмжлэг үзүүлдэг үү?

-Ер нь санхүүжилтийн асуудал хүнд. Би Монголын донорын холбоог 16 жил удирдан авч явах энэ хугацаанд төрөөс болон эрүүл мэндийн яамны зүгээс нэг ч төгрөгний санхүүжилт төсөв авч үзээгүй. Бид гишүүдийнхээ татвар дээр түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашдаа төр засгаас сайн дурынханыг санхүүгийн талаар дэмжиж ажиллах хууль санаачлан ажиллана гэдэгт итгэж яваа.

-Өнөөдрийн байдлаар донорын холбоонд сайн дурын ажилд нь идэвхитэй оролцогчдог хэдэн гишүүн байдаг вэ?

-Монголын донорын холбоонд нийт 500 гаруй гишүүд бүртгэлтэй. Тэдний их идэвхитэй оролцогчдог 300 гаруй хүн байгаа. Сайн дурын ажилд 30 гаруй хүндэт донорууд их идэвхи, санаачлагатай оролцдог.

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн зүгээс 2012 оноос эхлэн нийтдээ 51 удаа цусаа бэлэглэсэн Х.Алтангэрэлийг МЗХ-ны Эр зоригийн алдар цол тэмдгээр, 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 70 удаа цусаа өгсөн Б.Өлзий-Хишигийг МЗХ-ны Тэргүүний залуу цол тэмдгээр тус тус шагнаж, урам хайрлав.

Мөн Монголын донорын холбоо цусаа бэлэглэсэн бүх хүмүүстээ гарын бэлгээ гардуулсан юм.

 

Х.Даваа