Загвар өмсөгч О.Амгаланбаатарыг загварын андахгүй сайн танина. Харин түүнийг "Содура" кинонд тоглосон дүрээр нь олон нийт бүүр андахгүй ээ. Уг бүтээлээс өмнө "Учиртай гурав" киноны гол дүр буюу Юндэнд тоглож олны танил болсон.

Тэрбээр өөрийгөө ихээхэн ааштай нөхөр гэж тодорхойлдог. Ааштай зангаасаа болж фэн дүүгээ зад загнажээ. Энэ талаараа "Уржигдар орой учиргүй их даараад уур хүрчихсэн орж иртэл фэйсбүүкээр нэг царайлаг дүү л юм асууж байна. Яаж загварлаг, хувцаслаж, имиж дүр төрхөө тодорхойлох уу гэнэ. Ууртай байсныг ч хэлэх үү нэгдүгээрт би өөрийнхөө имижийг олох нь битгий хэл олдсон хувцсаа овоолж өмсөөд явдаг хүн. Хоёрт өвөл болж байхад хуцалгүй дулаан хувцасаа өмсөөд явбал барав. Үсээ гельдэж тархины хялгасан судсуудаа таслаад толгой тархины өвчтэй, савхи, пальто өмсөж байж уушиг, ууц нуруугаа өвтгөөд сүрьеэ, үе мөчний өвчтэй, потинк, дан өмдөөр гангарч байгаад боожгой, түрүү булчирхайн өвчтэй болвол яана. Охидод таалагдах гэж дэрчийж яваад осгож үхдэггүй юмаа гэхэд үргүй, өвчин зовлонгийн үүр уурхай болох чинь дутаа юу? гээл замурай шиг зад загнаадахсан блоклоод л алга болж. Уучлаарай дүү хүү удахгүй хавар болоод гангалах, гадаа удаан байх, охид хувцасаа нимгэлэх, эрчүүд бид нүдээ хужирлах цаг ирнэ шүү дээ.., Дулаан явбал 1000 лан" гэв.

Эр хүнд байхааргүй адаар ааштай хог байх нь гэж найзууд нь түүнийг үнэлж байх юм.

О.Ариун