10 мянган сэтгэгдлийг нэг бүрчлэн уншсан
2015/12/06
Дуучин О.Гантулгатай ярилцлаа. Түүнийг “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр нь олон хүн танина.
-Саяхан Хөххот яваад ирлээ гэсэн. Ямар ажлаар явав?
-Тэнд “Ододтой” гэдэг клубт, Өвөрмонгол болон Монгол оюутнууд хамтран“Colors of nighting” үдэшлэг зохион байгуулсан юм. Тэр үдэшлэгт уригдаж, уран бүтээлээ хүргээд ирлээ.
-Таныг дуучин, гитарчин эсвэл жүжигчин гэдгийн аль үгээр нь овогловол зохистой вэ?
-Намайг хөтлөгчид нэг бол жүжигчин, эсвэл гитарчин гэж зарладаг. Тэгэхээр нь би “Зүгээр дуучин Тулгаа гэчих” гэдэг юм. Ер нь дуучин Тулгаа гэдгээрээ хойшдоо цоллуулбал сайхан л байна.
-Бас гитар “уйлуулагч” гэж нэг цол бий?
-Зарим сайт, янз бүрийн фэйсбүүкийн групп хүмүүсийн анхаарлыг татах гэж учиргүй тийм сүртэй нэр өгч миний бичлэгийг оруулаад байсан. Тэрнээс “уйлуулах” нь юу байхав. Өөрийнхөө хэмжээнд, хайртай хөгжмөө тоглоод л явж байна даа.
-Дур сонирхол байвч хүссэн бүхэн тоглоод сурчихдаггүй. Та хэдий хэр хугацааны хичээл зүтгэл, оролдлогоор гитар тоглож сурав?
-Манай аав орос, монгол дуунуудыг гитараар их гоё тоглодог байсан юм. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор ер ойшоодоггүй, бараг л наадхаа болиочээ гэж дургүйцдэг байлаа. Тэгсэн хожим нь ШУТИС-ийн оюутан боллоо. Оюутны байранд амьдардаг байхад, гэнэт л гоё санагдаад, тогломоор, сурмаар санагдаад явчихсан. Нэг найзынхаа гитарыг түр гуйж аваад, хичээлээ таслаад уйгагүй оролдсон юм даа. Хамгийн анх “Эх үрсийн элбэрэл” гэдэг дууг тоглож сурсан. Самбар дээр аккорд, мөрийг нь бичүүлж аваад долоо хоног уйгагүй “нүдсэн”. Яг долоо хоногийн дараа харахгүйгээр тоглоод сурчихсан, бүр гарт орчихсон байж билээ. Тэрнээс хойш урамшаад, олон сайхан дууг тоглож сурсан.
-“Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, гитарчин Өөжгий нар, Галсанбат гэдэг хүний гитар тоглохыг анх хараад сурахаар шийдсэн гэдэг. Харин таны хувьд?
-Тухайн үед Болдоо гэж нэг ах байсан юм. Дуунуудыг их гоё тоглоно. Тэр ахыг хараад л анх сурахаар шийдэж байсан. Тухайн үед шинэхэн оюутан интернетээр янз бүрийн бичлэг үзэж мэддэггүй байлаа. Анх “Youtube”- рүү ороод гитар гээд хайгаад үзсэн чинь янз бүрийн хичээл, гоё бичлэг зөндөө байсан. Тэр бүгдийг үзээд л суралцсан.
-Хүмүүсийн “румба” гэж нэрлэсэн бичлэг тухайн үедээ шуугиан тарьсан шүү?
-Мексикийн нэг гитарчины хийсэн бичлэг байсан юм. Тэрийг үзэж байгаад сурсан л даа. Дээр нь түс тас гэсэн нэг тийм ритм байвал гоё юм байна гэж бодоод гитараа цохиод хөг нэмчихсэн. Тэрийг сурах гэж их юм болсон. Удаан тоглохоор болоод, хурдан темпэнд оруулах гэхээр ер болж өгөхгүй. Өөрөө шартайг ч хэлэх үү, хичээсээр байгаад сурсан. Тухайн үед Цагдаагийн академид олон нийттэй харилцах ажилтан байлаа. Зуны хээрийн сургалтад нэгдүгээр курсын сонсогчдоо аваад нэг сар карентинд гарсан юм. Сонсогчдоо хичээлд нь гаргачихаад нэг найзтайгаа хоёулаа зайдуу гарч байгаад тэр бичлэгийг хийж байлаа. Уг нь Солонгост байдаг нэг хүнд явуулах зорилгоор хийсэн ч нөгөө хүн рүүгээ явуулсан ч юм байхгүй тэр үедээ тэгээд л орхичихож билээ.
-Есдүгээр сарын сүүлчээр манай найз энэ бичлэгийг чинь “Youtube”-д оруулчих уу гэхээр нь тухайн үед юм бодсон ч үгүй тэг л гэсэн. Аравдугаар сараас эхлээд, нөгөө бичлэгийг чинь өчнөөн хүн татаж аваад л фэйсбүүк группдээ байршуулаад эхэллээ. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гээд нэг групп байсан. Би анх бичлэгээ тэр группэд тавигдсан байхыг үзсэн юм. Сэтгэгдэл нь 10 мянга гаруй, найман мянган хүн бусадтай хуваалцсан байсан. Хүмүүс миний тухай өчнөөн олноороо яриад, юм бичээд эхэлсэн чинь үнэхээр их урамшиж билээ. Сэтгэгдлүүдийг нь уншихаас л гоё санагдаад ёстой нэгд нэгэнгүй уншсан даа. Урамшаад Сүүжийн амралтад “Чин үнэн” гээд дууг хоёр найзтайгаа дуулаад, дахиад интернетэд байршуулсан.
-Тэгвэл Цагдаагийн академийн ажилтан ямар хувь тохиолоор кинонд тоглов оо. Магадгүй тэр бичлэгүүдтэй холбоотой болов уу?
-Тийм тийм. Тэр “румба” бичлэгийг киноны ерөнхий зохиолч М.Наранцогт, ерөнхий найруулагч Б.Гантулга ах хоёр үзсэн юм билээ. Тэгээд над руу холбогдсон. Би ч дуртай хүлээж аваад МҮОНТ дээр очиж гурван ч удаа пробонд орлоо. 2013 оны тавдугаар сард намайг сонгосон тухайгаа хэлж, зохиолтойгоо танилцсан. Төрийн албанд ажилладаг байсан учраас өдөр нь ямар ч завгүй. Орой харихдаа, өглөө ажилдаа явахдаа автобусанд л зохиолоо уншдаг байлаа. Оросоогийн дүрээр дамжуулан, хэлэх гэсэн санаа бол ойлгомжтой. Хэн нэгэн ах дүү хамаатан саднаа ажилд оруулна. Нэгийг халж, нөгөөг албан тушаалд дэвшүүлэх гээд л. Төрийн албанд ийм зүйл байдаг. Нийгмийн өнөөгийн байдлыг л Оросоогийн дүрээр харуулсан. Киноны төгсгөлд зөв хүн болооод төгсөж байгаа нь харин нийгэмд байна уу үгүй юу.
-Кинонд тоглох болоод ажлаасаа гарчихсан гэсэн үү?
-Тэгсэн. Кинонд тоглох гээд даргаасаа чөлөө хүссэн чинь өгөөгүй. Тэгээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байсан юм. Гурван ч захирлын нүүр үзэж, хуучин Цагдаагийн академи байхад нь ажилд ороод Хууль сахиулах их сургууль болоход нь гарч байлаа.
-Гантулга хувь хүнийхээ хувьд ямаршуу хүн бэ?
-Миний бүх юм энгийн. Надад элбэг дэлбэг хөрөнгө бас дутуу зүйл байхгүй. Багаасаа л ээж аавтайгаа дутагдах гачигдах зүйлгүй сайхан өссөн. Элдэв мөнгөнд дурлаж, далийж халийж явахыг хүсдэггүй. Эгэл сайхан амьдрахыг хүсдэг юм. Байгаа юмандаа сэтгэл хангалуун. Нэг л амьдрана. Тиймээс үзэх юмаа үзээд туулах юмаа туулаад жаргалтай байхыг хүсдэг.
-Амьдралын уртад болсон элдэв дурсамж олон. Саваагүйтээд, санахаас ч ичмээр дурсамжийг тань асуумаар байна?
-/Бодлогоширов.сур/ “Нарны жим” кинонд тоглосныхоо дараа л хэд хэдэн удаа улайтлаа ичиж байсан юм. Телевизээр кино гараад эхэлчихсэн. Нэг өдөр автобусанд суулаа. Тэгсэн чинь кондуктор нь “Хүүе ээ манай автобусанд Оросоо ороод ирлээ” гээд л их чанга дуугаар хэлдэг байгаа. Автобусанд сууж явсан хүмүүс инээлдэх нь инээлдээд л, ярих нь яриад л. Би чинь ичээд, улайгаад, хамаг биений хөлс гараад, алга хөлрөөд л. Тэр мэдрэмж бол нээрээ хэзээ ч мартагдахгүй байхаа. Тэгээд хамгийн урд талд нь очоод л буун буутлаа нэг ч эргэж харалгүй зогсож байгаад л буусан.
-Яагаад тэгж их ичсэн юм бэ?
-Мэдэхгүй. Их л ичсэн юмдаг. Тэрнээс өөрөөр би учиргүй тэгж бантаж, эвгүй байдалд орж байгаагүй санагдаж байна. Хамгийн сүүлд тэгж л нэг их ичиж билээ.
-Нэгэнт дурсамжийн талаар яриа эхлүүлсэн юм чинь нэмээд анхны хайрын тухай асууя. Хамгийн гэгээн дурсамж ч байж болох юм?
-Арван жилийн ангийн охиндоо л учиргүй сайн байсан юм. Бид хоёр чинь цэцэрлэгт хамт байлаа. Цэцэрлэгээ төгсөөд 1-5 дугаар анги хүртлээ нэг анги, нэг ширээнд суудаг байв. Тавдугаар ангидаа анх санаагаа илэрхийлээд жижигхээн цаасан дээр захиа бичээд, “Бомбари” гээд чихэртэй хамт өглөө. Тэгсэн маргааш нь “Хоёулаа одоохондоо бага байна аа. Долоодугаар ангиасаа үерхэж эхэлье” гэсэн хариу бичиж билээ. Долдугаар ангидаа үерхсэн ч юм байхгүй. Тэр охин одоо гэр бүлтэй болчихсон их сайхан амьдарч байгаа.
-“Хонгор минь сайн уу” дууны чинь клипэнд тоглосон бүсгүйтэй таныг холбоод биччихсэн байсан.
-Тэр чинь СУИС-т сурдаг манай дүү шүү дээ.
-Та чинь хаанахынх билээ?
-Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. Баруун аймгийнхан их нутагсаг, нэгнийгээ их сайн дэмждэг юм билээ. Би нутгийнхнаа харж л явдаг. Санал хүсэлт тавьдаг л юм. Нааштай хариу ирэхгүй л юм. Нэг жаахан хамтын ажиллаатай байвал сайхан л байна.
-Аливаа ажил архигүйгээр бүтэхээ больчихож гэж хүмүүс ярих юм. Ер нь байх ёстой зүйл гэж бодож байна уу?
-За даа наадах чинь ч бичигдээгүй хууль болчихоод байна шүү дээ. Зайлшгүй нэг ёсолгоо, эсвэл ажлаа бүтээхийн тулд эцсийг нь хүртэл ууж идэх тохиолдол зөндөө л байгаа. Гэхдээ миний хувьд учиргүй тийм зүйл байхгүй. Би ямар сүртэй том бизнес бүтээгээд яваа ч биш. Найз нөхөд, гэр бүл минь сайхан дэмжиж байна.
-Шинэ он хаяанд иржээ. Ирэх онд юуг хийж бүтээхээр төлөвлөж байна вэ?
-“Хайр мандтугай” гээд нэг хөнгөхөн аястай шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Яриагаа дуусгачихаад студид очиж хоолойндоо орно. Он гаргаад олон нийтэд хүргэнэ. Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай болохоор тэр чигтээ аз жаргал юм даа. Алга ташуулж тайз руу гараад, алга ташилтын дор тайзнаас буух тэр мэдрэмж хамгийн гайхалтай. 2016 онд цомгоо гаргана. Цомгийн баяраа нүсэр хийнэ. Өөрийн төрөлх нутаг Сайншандад анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
-Гантулга ирээдүйд алдар нэр, гавьяа шагнал хүртээд, угаасаа л байсан юм шиг аяглахгүй юм байгаа биз дээ?
-Надад тэгэх зориг, зүрх байхгүй ээ. Дуучин Тулгаа гэдэг нөхөр байна. Байсаар л байх болно /инээв.сур/
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
Г.Тэгшсүрэн
Зочин · 2015/12/07
nice