Өчигдөр МАН-ын VIII хурал  цагаасаа хоцорч, арай чүү ирцээ бүрдүүлэн хуралдав.  Энэ үеэр гол яригдах асуудал нь намын шинэчлэл гэх далбаан доор Ө.Энхтүвшинг суудлаас нь ховхлох хугацааг товлох, хэсэг бүлэг этгээдийг намаас хөөх  зорилготой байсан гэхэд болно.

Мэдээж үүний тулд сонгуулиудад ялагдсан гэх нээнтэг бүхий “овоог” босгосон юм. Харин намын УЗ-ын зүгээс Ө.Энхтүвшинг дуун дээр нь халж, солих тиймхэн байсан учраас зайлшгүй шаардлагаар “чангаах” хэрэгтэй болж байгаа юм. Мэдээж хэрэг үүн дээр нь Ө.Энхтүвшин тоглолт хийж, намынхаа даргын ажлыг өгье гэсэн ч журмын нөхөд маань, хүлээн авалгүй үлдээлээ. Ер нь өнгөрсөн хугацаанд “Намын даргын ажлыг авснаас хойш намын эв нэгдлийг  бодож элдэв бүлэглэл, талцлыг дэмжихгүй гэдгээ дандаа хэлж, өөрөө ч ямар нэгэн хүрээлэл үүсгэхийг огт хүсэлгүй явж ирсэн. Ойр ойрхон болсон хоёр сонгуульд амжилттай оролцох үндсийн үндэс нь эв нэгдэл л гэж ойлгож, зөөлөн нь хатуугаа дийлнэ гэсэн зарчмаар ажилласан. Үүнээсээ болж би өөрийн командгүй, сул дорой, үлбэгэр энэ тэрээгээрээ цоллуулж яваа хүн. Энэ бол яахав, бага хэрэг. Нам маань л бүрэн бүтэн байх ёстой, тэгэх тусмаа энэ хүнд цаг үед гаднаас ирэх дайралт, довтолгооныг дотоодын баг цул эв нэгдлийн хүчээр няцааж чадна гэдэг итгэл үнэмшил маань улам гүнзгийрч байна.” гэдгийг онцолж хувийн тоглолтоо хийж байгаа харагдсан.

Өөрөөр хэлбэл намайг та нар юу ч гэж хэлсэн би суудлаасаа амархан ховхорхгүй харин намын их хурлаараа би өөрийнхөө залгамжлагчид суудлаа тавьж өгнө гэдгийг мэдээллэчихэж байгаа юм. Гэхдээ намын даргын хувьд Ө.Энхтүвшин хариуцлага хүлээх нь тодорхой... Огцрох нь тодорхой... 10-р сард намынхаа Их хурлаар энэ бүхэн эцэслэгдэн шийдвэрлэгдэх болно.

Уг нь түүний энэ илтгэлд хариу “цохилт” өгөх ёстой байсан “Шинэчилье” хөдөлгөөний төлөөлөгч,  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тун үлбэгэр, бөөрөнхийлсөн зүйл ярив. Онол, практик гэсээр л илтгэлээ дуусгасан. 

Үүнээс хойш МАН-ын VIII бага хурал сэтгүүлчдэд хаалттай болж, гишүүд нь жиргэв.  Жиргээнээс ажаад байх нь ээ МАН-ын  Их хурлыг ирэх аравдугаар сарын 27-нд хуралдуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл МАН-ын XXVII Их хурал Х/27-нд 1134 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хуралдахаар шийдвэрлэлээ. Учир нь  МАН-ын Их хурал 712 гишүүнтэй тэд намынхаа нийт  220 мянга гаруй гишүүнийг төлөөлнө гэдэг арай л багадсан тоо юм байх. Тиймээс гадаад дахь МАН-ын гишүүдийг намын Их Хуралд оролцуулахаар болсон байна. 

Мөн МАН-ын гишүүд нам шинэчлэгдэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа. Тиймээс намын даргыг сонгохдоо намын дарга хүн нэр дэвшүүлэх биш, жирийн гишүүд хүртэл намын даргад хэн нэгнийг санал болгох, өөрөө нэр дэвших хэрэгтэй гэсэн горимын саналыг гаргасан. Газар авах эсэх нь тодорхойгүй байгаад бусад санал, шүмжүүдтэй  зэрэгцэн явсаар дэмжэг авч чадсангүй.

Харин намаас зарим нэг нөхрийг хөөх нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл МАН нам хувиа хичээж, амиа бодогчдоос салах цаг нь болжээ!, Тэд намын татвараа төлдөггүй, намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдоггүй гээд л хэдэн биендээ туниж, би ч ийм юм хийсэнгүй, чи ч санаачилсангүй, сэдсэнгүй гээд л хэдэн биен рүүгээ гомдлын үг чулуудаж байсан. Энэ маргаанаас болж МАН-ын бүл цөөрнө. Харин хэсэг хугацааны дараа МАН шархаа нөхөх нь тодорхой.

МАН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуусыг хуралдааны үеэр амбиц хөөсөн, хөгийн гарууд гэсэн яриа гарсан байх юм. Тодруулбал С.Баяр цагтаа жүжгээр гарч ирээд их хурлаар жүжгээ жинхэлсэн, С.Батболд мөн л бага хурлаар гарч ирээд их хурлаар жинхэлсэн, дүрмээ зөрчиж гаргаж ирсэн лидер бол лойдор болоод намаа тэнэгтүүлээд дуусдаг жишээ бий. Тэгэхээр шинэчлэл яригчид мөн л суудал горьдсон нөхдүүд байх магадлал туйлын өндөр...

МАН-ын хаалттай бага хурлын санал шүүмж бараг үүр цайтал үргэлжилсээр л байсан юм. Энэ хооронд МАН-ын бага хурлын төлөөлөгчид жиргэж, хоорондоо маргаж, мэтгэлцэх, нэгнийхээ зургийг авах гээд л  хийгээгүй үлдсэн зүйл цөөн байх шүү.

 

А.Баярмаа