Хэдийгээр МАН-ынхан арилжааны банкуудын олгож байгаа найман хувийн хүүтэй зээлд ямар нэг өөрчлөлт орохгүй гэж байгаа ч өчигдөр Цэцийн шийдвэртэй холбогдуулан Монголын банкуудын холбоо хуралджээ.

Ингээд “орон сууцны найман хувийн зээл хэрэгжих хууль эрхзүйн орчингүй болж байгаа тул иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд орон сууцны найман хувийн зээлийг ҮХЦ-ийн шийдвэрээс үүдэн зогсоож байна” гэж Монголын банкуудын холбооны дарга О.Орхон хэлжээ. Гэхдээ зээлтэй иргэдийн хувьд гэрээ нэгэнт байгуулагдсан учир өмнөх хуулийн дагуу өөрчлөгдөхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, зээлийн төлөлт, гэрээнд ямар нэг өөрчлөлт орохгүй аж. Харин ипотекийн зээлд хамрагдахаар хүлээгдэж буй иргэдэд Цэцийн шийдвэр нөлөөлнө гэж Монголын Банкуудын холбоо үзжээ. Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай холбогдоход “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Ингэснээр арилжааны банкууд зээлийн гэрээнд ашигладаг тус хуулийн зарим хэсгийг ашиглах боломжгүй болж байгаа. Тиймээс банкууд хувийн, ашгийн байгууллага гэдэг утгаараа зээлээ зогсоож байгаа байх. Хэдий тийм ч Цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжээд олон жил болж байна. Үүнээс илүүтэй иргэдийн, энэ нийгмийн хүсэлт, захиалга гэж нэг том зүйл байгааг мартаж болохгүй. Асуудал сайнаар шийдэгдэх байх аа” гэв.

Дашрамд дурдахад, энэ сарын 4-ний байдлаар ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 837.8 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Мөн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 41 мянга гаруй иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

 

Б.ШИРНЭН

Эх сурвалж: www.assa.mn