Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг, төрсөн эцэгтээ зодуулж, хүнд бэртэл авсан бяцхан хүү, хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг аваад хэвтэрт ортлоо зодуулсан хүү, нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд. Энэ бүхэн гэр бүлийн хүчирхийлэл. Тоочоод байвал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг, хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 300-400 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг.

Бид хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэж ярьж бичээд удаж байна. Үг хэрэгжихгүй үнэ цэнэгүй болж дээ. Гэр бүлийн хүчирхийлэл гээч зүйл төрийн болон төрийн бус байгууллагын цөөхөн хэдэн хүмүүсийн ажил биш. Харин хүн бүрийн сэтгэлийн боловсрол, амьдралын үнэ цэнийг мэдрэх ухаарал үгүйлэгдэж байгаа юм.

 

Хүн амын өсөлт, нийгмийн хөгжил гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан Гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэх, нуугдмал байдалд үйлдэгддэг, хохирогчдын хүрээ тэлж байгаа.

 

Тухайлбал, тавхан настай хүүгээ заазуураар зүсч гэмтээсэн эцгийн тухай саяхныг хүртэл хэвлэлүүдээр шуугиж хэргийг үйлдсэн эцэг долоон жилийн ял авснаар энэ хэрэг дууслаа. Үүнтэй зэрэгцэн 15 настай өсвөр насны хүү 52 настайгаа эцгийгээ архи ууж дарамталдаг гэх шалтгаанаар цээжинд нь дөрвөн удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарчээ.

Цаашилбал аавдаа хутгалуулсан охины тухай ч чих дэлсэх боллоо. Тэр дөнгөж 21 настай. Түүнийг Яаралтай түргэн тусламжийн эмч нар Алтай хотхоны 18 дугаар байрны гаражны үүдэнд нүүр нүдээ тэсэртэл зодуулсан, гуяндаа хутгалуулсан байдалтай байсныг эмнэлэгт хүргэжээ. Тэрээр аавыгаа согтуу ирэхэд нь дургүйцэн эрүүлжүүлэхэд өгнө гэж хэлснийхээ хариуд хутгалуулсан байдаг.

 

Цаашлаад төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан 4-хөн настай бяцхан охины хэрэг нийгэмд багагүй дуулиан дэгдээлээ.


Хүний санаанд багтамгүй дээрх хэргүүд архи согтууруулах ундаатай ямар нэгэн сэжмээр холбогддог. Мөн чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг
гэр бүлийн хүчирхийлэлийн дийлэнх нь архи хэтрүүлэн хэрэглэгчдээс үүдэн гарсан байдаг. Харин зарим нь санаатайгаар, удаа дараагийн ч үйлдэл болох нь бий.

 

Тэгвэл өчигдөрхөн дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж. Бяцхан хүү согтуу аавынхаа гарт арай л амь эрсдчихсэнгүй.

 

Тодруулбал, СХД-ийн 16-р хороо “...-р байрны .... тоотод согтуу хүн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчөө. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид, НОБГ-ийн Аврах тусгай ангийн ажилтнуудын хамт цонхыг нь хагалан ороход, тус тоотод суух 27 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү 2 настай эрэгтэй Б -д хутга тулган эсэргүүцэл үзүүлсэн байна.

 

Уг хэргийг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

 

Магадгүй цагдаа, онцгойгийн алба хаагчид цаг алдаж очсон бол 4-хөн настай бяцхан охин хойд эх, төрсөн эцгийнхээ гарт амиа алдсантай яг адил зүйл болох байсныг үгүйсгэхгүй.

 

Гэр бүлийн хүчирхийлэлд бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүд өртөж байгаа нь олон хүмүүсийг эмзэглүүлдэг. Гэвч олон нийт харж, сонсож, жигшихээс өөр зүйл төдийлөн хийж чаддаггүй.

 

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн тусгайлсан хууль байдаггүй, төр засгаас анхаарал хандуулал цогц бодлого ч байдаггүйтэй холбоотой байсан биз.

 

Тэгвэл өдгөө Эрүүгийн болоод, Зөрчлийн шинэчилсэн хуульд гэр бүлийн хүчирхийллийг тусгайлан тусгаж өгч эрүүгийн хэрэгт холбогдуулж байгааг албаныхан онцлоод байгаа билээ.

Д.Дуулим

http://www.24tsag.mn