УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг  авъяаслаг,  эрч хүчтэй, үнэ цэнэтэй жүжигчин хэмээн үнэлдэг. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг төгссөн бөгөөд  эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун ажилладаг нэгэн.

Түүний хөдөлмөрч дайчин зан бзтээсэн дүрээс нь ч эрхгүй мэдрэгддэг. Алив магтаалд бялуурч, шүүмжлэлд гоморхоод байдаггүй аль ч цагт өөрийн чадвараа дайчлан ажилладаг  жүжигчин хэмээн үзэгчид үнэлдэг.  

 Тэрбээр тайз дэлгэцийн чамгүй олон дүрийн эзэн болж, олноо танигдсан төдийгүй  “Гэгээн муза-2011” наадмын шилдэг эрэгтэй  дүрийн эзэн болж байсан билээ.  Кино уран бүтээлийн хувьд “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа”, “Бурхан өршөөг”, “Ганган Төгс , “Аравт” кинонд дүрээ амжилттай бүтээсэн.

Түүнийг сайн жүжигчин гэдгийг нь мэдэх ч сайн зураач гэдгийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй бизээ. Тэрбээр анх Дүрслэх Урлагийн Дээд сургуульд элсэж зураач болохоор бэлдэж байсан ч гэнэтийн шийдвэрээр СУИС-д шалгалт өгч жүжигчин болсон түүхтэй гэнэ.  Ямартай ч зураач болохоор бэлдэж байсан болохоор зургийн мэдрэмжтэй, ур чадвартай бизээ. 

Б.Хорлоо