Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга н.Ариунболд нарын гурван хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилтан бүсгүйг зодож, хүчирхийлсэн байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Тэгвэл хохирогч бүсгүйн ээж В. Бадамсүрэн олон нийтээс дэмжлэг хүссэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

 

-Хэрэг гараад гурван сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Болсон хэргийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байлаа?

-Хэрэг гараад гурван сар шахам хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн худал мэдээлэл цацагдаж байсан. Тиймээс би охиныхоо талаар үнэн бодит мэдээлэл өгөх ёстой юм байна гэж бодоод танай сайтад хандлаа. Охины минь талаар янз бүрийн мэдээлэл цацаж, хүний зовлонг далимдуулан хоолоо олж идэж байгаа хүмүүс байгаад туйлын харамсч байна. Мөн нөгөө талаасаа хийсэн нүгэлт хар хэргээ гуйвуулах гэсэн муйхар бодлоор сөрөг мэдээлэл цацаж байгаа нь ичгэвтэр үйлдэл. Тиймээс энэхүү худал ташаа мэдээллийг залруулах нь зүй ёсны хэрэг юм байна гэж эх хүний хувьд бодлоо.

-Тэгэхээр тухайн үед болсон хэргийн талаар мэдээж охин тань танд ярьсан байх?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний охиныг Б.Ханбаатартай хайр сэтгэлийн холбоотой байсан гэж цацагдсан. Энэ бол ташаа мэдээлэл. Миний охин Б.Ханбаатар гэгчтэй амрагийн холбоо огт байгаагүй. Хэрэг болсон өдөр найр наадам, унаганы тамгалах баяр болсон гэж хэвлэлээр гарсан. Манай охиныг тэнд очоод тасарч унасан гэдэг худал. Охин маань архи уугаагүй эрүүл байсан. Охиныг маань тэнд очоод тасарсан гэх мэдээлэл бий. Тийм зүйл ч болоогүй. Охиныг минь архиар шахсан ч уугаагүй эрүүл байсан. Мөн охины минь бие эрхтэн, эрүүл мэнд, сэтгэл санаа амьдралаар нь тоглож хохироочихоод хоёр хүнтэй зэрэг явдаг, биеэ үнэлэгч мэтээр нийтэд түгээсэнд үнэхээр харамсч байна.

-Охиныхоо тухай мэдээлэл өгч болох уу?

-Миний охин өрх толгойлсон эмэгтэй. Гурван настай охиныхоо хамт түрээсийн байранд амьдардаг байсан. Гэтэл хүйтэн цэвдэг сэтгэлтэй тэдгээр албан тушаалтнууд миний охиныг хууран дуудаж, аймшигтайгаар эрүүл мэндийг нь хохироосон. Хэрэв тэд охиныг минь ингэж зэрэмдэглээгүй бол охин минь өнөөдөр ажлаа хийгээд явж байх байсан.

-Энэхүү хэрэгт Б.Ханбаатараас гадна Тамгын газрын дарга Б.Ариунболд гэх хүний нэр яригдаж байсан?

-Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Б.Ариунболд нар дуудан аваачиж, хэрцгий авирлан охины минь эрүүл мэндээр тоглож, хохироосон. Энэ хэргийн үнэн мөнийг хуулийнхан олж, гэмт этгээдэд хариуцлага тооцно гэдэгт итгэж байгаа. Тамгын газрын дарга асан Б.Ариунболд өнөөг хүртэл ямарч буруугүй “гэрч” гэх нэр зүүж, эрх чөлөөтэй явж байгаад үнэхээр их гайхаж байна. Гол гэм буруутан нь тэр хүн шүү дээ.

-Ямар учраас Б.Ариунболдыг гол гэм буруутан нь гэж үзэж байгаагаа тайлбарлахгүй юу?

-Тэр Б.Ариунболд гэгч нөхөр л миний охиныг зүгээр ажлаа хийж байхад нь дахин дахин худлаа хэлж, дуудсаар байгаад гэмт этгээдийн гарт авчирч өгсөн. Хэрэв тэр дуудаагүй байсан бол ийм хэрэг гарахгүй байсан байх. Эх хүний хувьд үнэхээр гомдолтой байна. Тэр хүн ямар нэгэн санаа зорилго агуулан худал хэлж, охиныг минь дуудсан нь илт. Тэгээд ч зогсохгүй охиныг минь хувийн эмнэлэгт аваачсан байдаг. Хүлээж авахгүй гэхээр нь нэгдүгээр эмнэлэгт аваачиж өгсөн. Нэгдүгээр эмнэлэгээс түргэнээр гэмтэлийн эмнэлэгт аваачиж өгөхдөө “Зам дээрээс оллоо. Танихгүй ийм нэг хүн хэвтэж байсан” гэж хэлснийг нь бодохоор хэлэх ч үг олдохгүй юм. Тэр хүн зохих шийтгэлээ амсана гэдэгт итгэж байна.

-Худлаа хэлсэн баримт, нотолгоо бий юу?

-Байгаа. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд өгсөн худал мэдүүлэг нь хүртэл бий. Б.Ариунболд нь өнөөдөр гэрч гэгдэж байгаа шүү дээ. Гэтэл тэр миний охиныг таньдаг байсан. Өөрөө тэр газарт дуудаж авчирсан. Тэр хэрэг болсон газар нь түүний мэдүүлэгтээ ярьсан шиг төв зам биш. Төв замаасаа бүр 9 км-ийн зайтай газар байрладаг. Хэрэв Б.Ариунболд гэгч хүн худал хэлж дуудаагүй бол тэр өдөр тийм хэрэг болохгүй байсан. Гэтэл тэр хүн нь өнөөдөр гэрч гээд явж байх нь утгагүй зүйл. Тиймээс бид энэ хэргийг прокурорт буцаагаад Б.Ариунболд гэгч хүний шалгуулахаар гомдол гаргасан.

 

 

 

-Энэ зураг үнэхээр нүд халтирам юм. Олон нийтэд дэлгэх нь зөв үү?

-Бид гэр бүлээрээ ярилцаж байж шийдсэн. Энэ хэрэг цаг хугацаа өнгөрөх тусам олон нийтийн анхаарлаас холдоод байна. Мөнгө, төгрөгтэй этгээдүүд хөндлөнгөөс оролцоод, охины маань нэр хүндэд халдаад, бараг биеэ үнэлэгч шахуу болгож олон нийтэд ойлгуулж байна. Хэвлэл мэдээллийнхэн та нар олон нийтийн бодол санаанд маш хүчтэй нөлөөлдөг шүү дээ. Гэтэл охины минь талаар худлаа мэдээлэл цацагдуут олон нийт тэрэнд нь итгэж эхэлж байна. Эргэлзэж байна. Тиймээс л миний охиныг ийм байдалтай болгож хаясан гэдгийг олон нийтэд харуулъя гэж бодсон юм. Нүдээр хараагүй зүйлдээ хүн итгэж үнэмших нь бага. Харь элгийн танихгүй хүмүүс энэ зургийг хараад хэцүү байхад төрсөн эх, ах дүү нар нь үүнийг харахад ямар байсан гэж бодож байна. Энэ бүх байдлыг бид хэвлэлийнхнээс нууж, охиноо дараа нь олон нийтийн дунд амьдрахад нь хэцүү юм уу гэж нэлээд зугтаасан. Гэтэл өнөөдөр хэрэг нь иймэрхүү байдалтай, зарим нэг нь эрх чөлөөтэй явж байна. Хэрэг бараг балрах шахуу болчихлоо. Тэгэхээр үүнийг олон нийтэд ярьж, үзүүлж, сануулж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцуулахыг хүсч байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа хандаж хэлэхэд энэ төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль бус үйлдэлд цэг тавих цаг нь болсон байна.

-Одоо охин тань ямар эмчилгээ хийлгэж байна вэ?

-Дахин хагалгаанд орох шаардлагатай байна. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж үрэвсэл үүссэн, шээс нь задгайрч барьж чадахгүй байдалтай бусдын асрамжид байна. Хагалгаанд орох хугацаагаа хүлээж сууна даа. Бид охиныхоо эмчилгээ сувилгаанд чадахаараа л анхаарч байна. Гэвч эмчилгээний зардлаа төлж чадахгүйн улмаас арга буюу эмнэлгээс гарсан.

-Өнөөдрийн байдлаар эмчилгээнд хэчнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?

-Зөвхөн эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөг зарцуулсан. Бусад нэмэлт зардлаа тооцвол жирийн малчин өрхөд маш хүнд тусч байна. Мөнгөгүй учраас бусдаас зээл авч, урд хормойгоороо нөхсөөр одоо ч санхүүгийн байдал асар хүнд байдалд байна.

-Б.Ханбаатарын зүгээс ямар нэгэн тусламж үзүүлээгүй юу?

-Ар гэрийнхэнээс нь туслалцаа үзүүлэхийг хүссэн ч ямар ч арга хэмжээ, тусламж үзүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Дөрвөн удаа уулзсан. Тэгэхдээ бүгдэнд нь манай талаас утсаар залгаж уулзах хүсэлт гаргасан. Нөгөө талаас нэг ч удаа өөрсдөө залгаж яриагүй. Эмчилгээний зардал мөнгөнд юу ч нэмэрлээгүй шүү дээ. Арга буюу бид элэг нэгт монголчуудаасаа сэтгэлийн буянаа хайрлахыг хүсч явна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд туслаж байгаа юу. Уг нь анхаарал хандуулна гэж байсан?

-Энэхүү аймшигт хэрэг гарсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд эмнэлэгт ирж биечлэн уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Тиймээс охины минь үүрсэн зовлонг бага ч болов нимгэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарт баярласнаа илэрхийлж байна. Мөн ГССҮТ-ийн эмч н.Гантулга, УНТЭ-н эмч н.Саранцэцэг болон нийт эмч сувилагч нартаа баярлалаа. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан “Энэ төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль бус үйлдэлд цэг тавих цаг нь болсон. Дахин хэчнээн аав, ээжийн хүү, охид гэмт халдлага, хүчирхийлэлд өртөж болохыг хэн ч үгүйсгэх аргагүй. Ийм эрсдэл бодитой байгаад анхаарч өгнө үү. Төрийн жирийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гэмт халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирч байхад түүний гэр бүлийн гишүүдээс өөр хэнд ч хамаагүй мэт хохироод үлддэг жишиг бий болох вий хэмээн эмзэглэж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Тэгээд бидэнд тохиолдсон ийм гашуун зүйл дахин хэний ч гэр бүлд бүү тохиогоосой гэж би хүсч байна” гэж хэлмээр байна. Миний охин эргээд ажиллаж хөдөлмөрлөх чадвартай болохоороо бусдын л адил эх орондоо хийж бүтээх, гэр бүлээ тэжээх, төрийн албандаа зүтгэх, тэр сайхан мөч ирээсэй гэж туйлын их хүсч байгааг олон түмэн минь ойлгон хүлээн авна биз. Та бүхнээсээ дахин хүсэхэд хүний тус багаддаггүй гэдэг шиг бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Тэрбээр охинд нь туслахыг хүссэн хүн бүхэн дараах хандивын дансаар сэтгэлийн дэм өргөхийг хүслээ.

Хандивын данс хаан банк: 5030496142 В. Бадамсүрэн ээж

Төрийн банк: 311000089875 В. Бадамсүрэн ээж

Холбоо барих утас: 94444212, 88191432, 89764443