Н.Алтанхуягийн хэлснээр бол засгийн газар шууд огцрох ёстой
2013/01/21
УИХ-ын сонгууль өнгөрсний маргаашнаас эхэлсэн эрх баригчдын дарангуйлал орон нутгийн сонгуулиар өртөөлөн өнөөдөртэй золгоход бүр ч гаарав. Үүнээс үүдэн төрийн дархлаа сулрах хандлага бий боллоо гэх.
“Шинэчлэлийн” хэмээх малгайгаа сольсноос биш Н.Алтанхуягаас эхлээд “хуучин муу толгой”-гоо солиогүй болохоор улс орны ажил урагшилж өгөхгүй, дээр нь төрөл садангийн хэлхээнд төөрөлдөөд үнэхээр хөөрхийлөлтэй байна. Олонхийн хүчинд омойтсон Н.Алтанхуягийн тэнэгдүү шийдвэрээр ташуурдуулсан улс орны бодлогыг Ерөнхийлөгчийн шүүхээр далайлгасан харалган шийдвэр улам бадраагаад байхаар юу болох билээ. Ёстой л “гал дээр тос нэмнэ” гэгч болж байна.
УИХ-ын сонгуулиас хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрч байхад зарим тойргийн иргэд төрд төлөөлөх элчээ сонгоогүй байна. Үүгээр ч зогсохгүй зарим тойрог ард түмний сонголтоор гараагүй, шүүхийн шийдвэрээр УИХ-д суусан төлөөлөлтэй л байна.
Үүний тод жишээ бол “АПУ”-гийн Г.Батхүү. Орон нутгийн сонгуулийн маргаан ч олон түмний саналыг харгалзах бус шүүхийн шийдвэр хүлээн дуншиж байгаа нь нэн харамсалтай. Өнгөрөгч орон нутгийн сонгуульд МАН есөн аймагт ялалт байгуулсан ч хуулийн дагуу орон нутгаа захиран суух эрхгүй дарамтлуулж байна. Уг нь журмаараа аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд батламжилдаг юм. Гэтэл МАН-ын ялалт байгуулсан аймгуудын Засаг даргыг өдгөө болтол батламжилж өгөхгүй, АН-аас үүрэг гүйцэтгэгчдийг томилж байна. Ялсан нам нь олонхи болж, засгаа бүрдүүлж, орон нутгаа удирддаг өнөөх хууль дүрэм нь хаана явна вэ.
Н.Алтанхуяг харин “аймаг орон нутгийг том том компаниуд хувьчилж авах гээд байгааг би тэвчихгүй” гэсэн тэнэгдүү хариулт өгөөд сууж байгаа. Сүүлдээ өөрөө энэхүү тайлбартаа ороогдож, УИХ-ын гишүүддээ загнуулахаараа “чамд хамаагүй” хэмээн мугуйдлах аж. Тиймээс шүүх эрх мэдэл, олонхийн дарангуйлал дор зургаан аймаг Засаг даргагүй, улмаар сумдын Засаг даргыг нь ч томилоогүй байгаа. Ерөнхий сайдын хувьд аймаг удирдах хүмүүс хувийн компанитай байж болохгүй гэсэн мугуйд санаатай гэнэ. Уг нь бол юу ч үгүй гуйлгачин төрд иргэдээ төлөөлдөггүй дэлхийн жишиг бий л дээ. Гэхдээ мунхаг санаа гаргаж байгаа Ерөнхий сайдын зүгт явна гэвэл дээрээс нь эхэлж цэвэрлэх хэрэгтэй болно. “Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас” гэсэн суутны үг байдаг ч энэ юуны хамаа байхав. Гэхдээ нэг талдаа Ерөнхий сайдын энэ санаа манай улстөрчдөд нэн хэрэгтэй зүйл мөн үү гэвэл бас мөн. Бүгд л хувийнхаа бизнесийг өөд татах гэж өндөр дээд албан тушаалд зүтгэдэг нь туйлын үнэн. Монгол Улсын зах зээл жижгээс гадна бизнес эрхлэгчдэд улстөрийн дарамт их байдаг учраас олонхи бизнесмэнүүд улстөрд зүтгэдэг. Ийнхүү сүүлийн 20 жилд бизнесмэнүүд улстөр рүү зүтгэсээр байгаад өнөөдөр улстөрд олигархийн бүлэглэл бий болсон. Энэ бүгдийг бодохоор Н.Алтанхуягийн санаа тун догь гэж хэлж болохоор.
Юутай ч Ерөнхий сайд маань энэ бүгдээ бодолцсон уу яасан, аймгуудын Засаг дарга нарыг томилох болохоор “хувьдаа компанитай хүмүүсийг Засаг дарга болгохгүй” гэсэн юм. Гэтэл өөрийнх нь бүрдүүлэн ажиллаж байгаа Засгийн газарт дээд тал нь 8-12, доод тал 2-5 компанитай сайдууд ажиллаж байна. Тэгэхээр Ерөнхий сайдын санаагаар бол “шинэчлэлийн” хэмээх малгайтай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болж байна. Ерөнхий сайд өөрөө гэхэд “Хаан жимс”, “Эмнэлгийн техник”, “Мах экспорт”, “Увс байгаль” гэх мэт дөрвөн компанитай. Энэ нь зөвхөн бидэнд ил байгаа нь шүү дээ. Тэгэхээр юуны өмнө гүйцэтгэх засаглалын тэргүүн маань хэлсэндээ хүрч ажлаа өгөх нь тодорхой.
Хамгийн олон компанитай сайдаар МоАХ фракцын тэргүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тодорч байна. Түүний мэдэлд дөрвөн компани 100 хувь, найман компанийн 25-100 хувь нь байдаг. Тэгэхээр Х.Баттулга сайд 12 компанитай учраас сайд байх нь бүү хэл төрд ажиллах ч эрхгүй хүн болж байгаа юм. Танхимынх нь тэргүүний хэлснээр шүү дээ. Нэгэн цагт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж, уул уурхайн салбарын хөгжил муугаас муу байгаа тухай удаа дараа “агсам тавьсан”-ы хүчинд Уул уурхайн сайд болсон Д.Ганхуяг 10 компанитай. Уг нь бол суутны хэлснээр бол биеэ засчихсан, гэрээ засаад зогсохгүй төрөө засчихсан догь эр бололтой. Нөгөө талаараа 10 компаниа өөд нь татах гэж төрд шургалсан нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Түүнээс биш Баабарын хэлснээр “түүхий толгой” Д.Ганхуяг төрд хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь өөрөө том асуудал шүү дээ.
Мөн л УИХ-ын чуулганы хуралдаанаас гишүүдийн карт сугалан зугтаасны хүчинд Эдийн засгийн хөгжлийн сайд болсон “фортуна” Н.Батбаяр томоохон дөрвөн компанитай. Биеэ засаагүй ч гэрээ засчихсан Н.Батбаяр чухам төрөө засалцах гэж дайрав уу, өөр ашиг сонирхлын үүднээс үү гэдэг нь тодорхой бус юм. Яагаад ч биеэ зассан гэж хэлэхээргүй “фортуна”- гийн хувьд гэрээ бол зассан л гэдэг юм билээ. Харин төр засалцах хүн бол биш. Галын тахилга хийж, цам харайж яваагаас харахад шүү дээ. Нөгөө талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг гэхэд л гурван компанитай. АН 1996- 2000 онд төрийн эрх барихдаа дөрвөн ч Засгийн газраа унагасан. Энэ үед АН боловсон хүчний дутагдалд орж, 27 настай Ч.Сайханбилэгийг УИХ-д оруулж, улмаар Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд болгож байв. Энэ цагаас хойш түүний амжуулсан ажил нь бидний мэдэж байгаагаар энэ гурван компани. Мэдэгдэхгүй чухам хэд байгааг хэн мэдлээ.
Засгийн газарт хамтрагчид нь ч тэднээс юугаараа дутна гэж, зарим нь бүр илүү гарах юм гээч. МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Шадар сайд болсон Д.Тэрбишдагва есөн компанитай. Саяхан даа, 2000 оны эхээр Н.Энхбаяраар хөтлүүлж их улстөрийн босгоор алхаж байсан Д.Тэрбишдагва 10 гаруй жилийн дотор 10-аад компанитай болж баяжсанаас биш түүнд ийм ажил хийсэн гэх тоймтой зүйл алга. Тиймээс бид энэ удаад Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаа зарим сайдын компанийг нэрээр нь жагсаав. Гэхдээ энэ бол бидний гарцаагүй мэдэж байгаа компаниудын л нэрс шүү дээ. Түүнээс биш Ж.Батзандангийн хэлснээр бол гадаадад эдлэн газартай, гадаадын банкинд асар их мөнгөн хадгаламжтай гээд явах юм бол дуусашгүй биз.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
“Хаан жимс” ХХК-50 хувь
“Эмнэлгийн техник” ХХК-33 хувь
“Мах экспорт” ХХК-50 хувь
“Увс байгаль” ХХК-50 хувь
Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва
“ТБД Андууд”-100 хувь
“Эрдэнэт прогрес” ХХК-100 хувь
“Алсын төв” ХХК-10 хувь
“Эсон дата” ХХК-50 хувь
“Лайф стойл андууд” ХХК-100 хувь
“Капитал менежмент Монголия” ХХК-100 хувь
“Кайзерф лашерай” ХХК-49 хувь
“Эмээлт прогрес” ХХК-49 хувь
“Одбилэг” ХХК-100 хувь
ЗГХЭГ-ын дарга-Ч.Сайханбилэг
“И Энд Ти” ХХК 50 хувь
“АСУ” ХХК-12.5 хувь
“Байгаль бьюти” ХХК-100 хувь
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр
“Монгол түлхүүр” ХХК-100 хувь
“Жаргалан сэрвис” ХХК-50 хувь
“Эм Си Ди Си” ХХК-40 хувь
“Эм Ай Си Пи” ХХК-30 хувь
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
“Мах импекс” ХК
“Женко тур бюро” ХК
“Талх чихэр” ХК
“Баянгол” зочид буудал ХК
“ХИД” ХХК-46 хувь
“Налайх” ХХК-100 хувь
“Вебсофт Монгол” ХХК-100 хувь
“Эмээлт зах” ХХК-100 хувь
“Нүүдэл трейд” ХХК-100 хувь
“МИК Эмээлт” ХХК-100 хувь
“Женко холдинг” ХХК-25 хувь
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
“Бридж” ХХК-25.29 хувь
“Бридж” констракшн-25.90 хувь
“Бэт” ХХК-25.90 хувь
“МШТ” ХХК-25.90
“Жигүүр” ХХК-25.90
“Эвридей интернэшнл” ХХК-25.90 хувь
“Наран Эвридей” ХХК-25.90
“АХИ” ХХК-25.90 хувь
“Эми Жи Ти” ХХК-25.90 хувь
“Жаг Дело” ХХК-25.90
Гадаад хэргийн сайд-Лу.Болд
“Бодь интернэшнл” ХХК-33.34 хувь