“Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Уг нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.

Тус нийтлэлд нийт долоон хүний нэр дурдагдсан бөгөөд иргэн Э.Бат-Үүлийг, С.Зориг агсны аминд халдсан хэрэг болох үед дэргэд нь байсан. Хажууд нь байсан хэрнээ мэдээлэл өгөөгүй нуун дарагдуулсан гэж гүтгэсэн. Хэрэв энэ үнэхээр нотолгоотой, баримттай мэдээлэл бол хуулийн байгууллагын өмнө сэтгүүлч үүнийгээ батлах ёстой гэж хотын даргын өмгөөлөгч Б.Алтанхуяг ярилаа.

Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүлж байгаа юм байна.

Эргэн сануулахад, хэрэг гарсны дараа С.Зориг агсны гэрээс түүний цагаан өнгийн малгай олдсон байдаг. Үүнтэй холбогдуулан хэрэгтнээр татаж байсан ч, гэм буруугүй гэдгийг нь цагдаагийн байгууллага тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

 

Т.Буянаа