Гранд повер” компанийн химийн үйлдвэрийн ажилчид хордож, гурван хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан билээ.

Тэгвэл уг компани нь 2000 онд “Монголын анхны, хувийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралтын компани” хэмээн байгуулагдаж байсан ажээ. Ингээд одоогийн байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн нэлээд хэд, хэдэн салбарт ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн намраас эхлэн “Нүүрснээс хийн түлш гаргаж авах” технологийг нэвтрүүлэн, уг төслийг хэрэгжүүлж эхлээд байсан юм. Өөрөөр хэлбэл нүүрсийг химийн аргаар боловсруулаад, тусгай шугам хоолойгоор дамжуулан “Гранд байшин” зэрэг өөрийн барилгадаа халаалт өгдөг байжээ. Уг ажлыг хийж гйүцэтгэдэг, үйлдвэрийн ажилчин залуус өчигдөр хордож, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчихаад байгаа юм.

Аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нөхцөлд уг үйлдвэрийн үйл ажиллагаанаас ажилчид төдийгүй иргэд ч хордож, улмаар алдаа гаргавал томоохон дэлбэрэлт үүсэх ч эрсдэлтэй технологи юм байна.

Тодруулбал цахилгаан станцууд нүүрс түлээд, хотыг цахилгаан, дулаанаар хангадаг бол “Гранд повер”-ийн үйлдвэр нь нүүрсийг боловсруулан химийн урвалд оруулж, хийн түлш үйлвэрлэснээрээ хотын утааг 50 хувь бууруулж, нүүрсний хэрэглээг 10 хувиар бууруулах зорилготой уг төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Уг үйлдвэрийг өнгөрөгч 10 сараас эхлэн ажилуулж эхэлсэн бөгөөд одоогоор зөвхөн ганц аж ахуй нэгжид л хийн түлшээ дамжуулж байгаа юм. Цаашид хүрээгээ тэлж, хийн түлш дамжуулах айл өрх, албан байгууллагын тоог нэмэгдүүлснээр ийнхүү хотын утааг бууруулна хэмээж байгаа ажээ.

Төсөл эхлээд хоёрхон сарын нүүр үзэж байхад гурван хүний алтан аминд хүрч байгаа уг ажил хүрээгээ тэлбэл хотын иргэд хордож, дэлбэрэлтэд өртөж, үхэхгүй гэх баталгаа алга. Хүний эрүүл мэндэд асар хортой, химийн үйлвэрийн ажлыг хянадаг, мэддэг мэргэжлийн байгууллага манайд байна уу. Уг төслийн аюулгүй байдлыг анхааралдаа авах шаардлагатай гэдгийг өчигдөрийн хэрэг харууллаа.

 

Н.Ганаа