-ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ САНХҮҮГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРУУЛАХУЙЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЭМЖЛЭХГҮЙ БАЙХ, МӨН АЛИВАА ШҮҮМЖЛЭЛД ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАХЫГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД УРИАЛЖ БАЙНА-

Өдрийн сонины 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №279 (5231) дугаарт “Шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” нийтлэл хэвлэгджээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга дээрх нийтлэлээс үүдэн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа гэм хор учруулсны хохиролд тус сониноос 1.000.000.000 (нэг тэрбум), “Үндэсний шуудан” сониноос 960.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын эрх боловч түүний нэхэмжилсэн их хэмжээний мөнгө нь хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн хүнд байдалд оруулахуйц эдийн засгийн цензур хэмээн Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.

Түүнчлэн төсвийн болон төслийн хөрөнгийн захиран зарцуулалттай холбоотой асуудал нь олны анхаарлыг татсан, олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн мэдээлэл байдаг тул тухайн асуудлын мөрөөр сурвалжлан нийтлэх, үүнд олны анхаарлыг хандуулах, шүүмжлэл өрнүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг байдаг.

Глоб Интернэшнл Төв нь улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд Эрүүгийн болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг аливаа шүүмжлэлийг нухчин дарах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг айлган сүрдүүлэх, дуу хоолойг боомилох, дарамтлах цензур болгодог жишиг тогтож буйд харамсаж байна.

Ардчилсан нийгэмд улс төрчид, өндөр албан тушаалтнууд, сонгогдсон төлөөлөгчид нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээдэг, олон нийтийн байнгын хараа хяналт, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг учраас аливаа шүүмжлэлд хүлээцтэй хандаж, ардчилсан нийгмийн амин сүнс болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хувийн нэр төр, алдар хүндээс илүүд үзэхийг уриалж байна.

Иймд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг төрийн өндөр албыг хашиж буй сонгуульт албан тушаалтны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн мэдээлэлд хүлээцтэй хандаж, нэхэмжлэлээсээ татгалзана гэдэгт найдаж байна.

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлын эрх, илэрхийллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Глоб Интернэшнл Төв

Утас: 324764, 324627, Факс: 315326

Цахим шуудан: [email protected]

[email protected]

[email protected],

http://www.globeinter.org.mn