Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан хүчингийн хэргийг хэргсэхгүй болгож, нуун дарагдуулсан гэх гомдол ЦЕГ-т иржээ. Тодруулбал Сэлэнгэ аймагт 22 настай бүсгүйг хүчирхийлсэн Билгүүн гэх залуу аавынхаа албан тушаалын байдлыг ашиглан цагдаагийн байгууллагад нөлөөлсөн байна. Түүний аав нь Хилийн цэргийн 101-р ангийн захирагч, хурандаа цолтой нэгэн аж. Харин Билгүүн тус цэргийн ангид хөгжмийн салаанд ахлагч цолтойгоор ажиллаж байгаад хэрэг болсны дараа ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр ярихдаа “Б-д холбогдох хүчингийн хэргийг хянаад прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал 2015 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 00:40 цагт иргэн У-аас “Ажил тараад гэр лүүгээ явж байтал үл таних согтуу залуу байрны орцонд орж, хувцас тайлж хүчиндэхийг завдлаа” гэх гомдол мэдээлэл манай цагдаагийн байгууллагад ирсэн. Б гэгч энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. хохирогч У нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн иргэнийг үл таних биш өмнө нь таньдаг, тэр ч бүү хэл дотно харилцаатай байсан нь тогтоогдсон. Хохирогч У хэлэхдээБ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зөвшөөрөлгүй үнссэн, би өөрөө гэр бүлтэй хүн учраас уур хүрч цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн” гэх мэдүүлэг өгсөн учраас Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн. Аймгийн прокурорын газраас 2015 оны 10-р сарын 14-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаж, гомдол мэдээлэл гаргагчид хариу мэдээлэл өгсөн” гэжээ.

Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мэдээллийг эсэргүүцсэн хохирогч эмэгтэй гомдолтой гэж байгаа тул ЦЕГ-аас уг хэргийг анхааралдаа авч байгаа юм байна.

Угаас Цагдаагийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа иргэдийн сэтгэлд нийцээгүй, сэжигтэй санагдсан тохиолдолд дээд шатны байгууллагад нь хандах бүрэн эрхтэй байдаг ажээ.

Ингээд бусдын талд илт үйлчилж, хууль дүрэм зөрчсөн цагдаагийн албан хаагчдад холбогдох шийтгэлийг нь өгдөг юм байна. Харин гомдол гаргасан иргэний зөв үү. Сэлэнгийн цагдаагийн байгууллагын зөв үү гэдгийг ЦЕГ-аас хэрхэн шийдвэрлэхийг харах л үлджээ.

Н.Ганаа