Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг осолдсон талаар мэдээлсэн. Шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолджээ. Энэ талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ.

Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж явсан аж. Харин ослын улмаас 10 хүн бэртэж Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд орсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байгаа гэв. Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Ослын улмаас ахмад М.Батбаяр амиа алджээ. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.