Гэр хорооллын айлуудад гал түймрээс сэргийлэх арга хэмжээ хийгдэж байна
2015/12/25
Гал түймрийн тоо нэмэгдэж түүнээс учрах хохирол өсч байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар гэр хорооллын айл өрхүүдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ жил нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагын 80 гаруй хувийг гэр хорооллын айл өрхөд гарсан гал түймэр эзэлж байгаа тул энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний зорилго нь гэр хорооллын нутаг дэвсгэрт оршин суудаг айл өрхүүдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Хог хаягдлын тухай МУ-ын хууль тогтоомжид тусгагдсаны дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж өгөх, хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа явуулж гал түймрийн тоо, хохирлыг бууруулахад оршино.
Гэр хорооллын айл өрхүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар хөдөлгөөнт ухуулга, сурталчилгааг (автобусны эцсийн буудал, худалдаа үйлчилгээний төв, хорооны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худаг орчмын газруудад) зохион байгуулж, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбайгаар чанга яригч бүхий автомашинтай явж урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга сурталчилгаа хийнэ.
Мөн гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбайд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, сэрэмжлүүлэг материал тарааж хороодын Засаг даргын ажлын байранд мэдээллийн самбарыг тогтмол ажиллагаанд оруулж, хэсгийн ахлагч нарт гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гэр хорооллын айл өрхүүдэд галлагааны хэрэгсэлд биечлэн үзлэг хийж газар дээр нь заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байна.