Манай улсад энэ долоо хоногт олон үйл явдал болж өрнөв.

Улс төрчид эдийн засгаа босгох талаар ухаанаа уралдуулах бус сонгуулийн сурталчилгааны ажлаа ид өрнүүлж, бэлгээрээ уралдаж байх юм. Иргэд хүнийг нь харж сонгоно уу гэхээс бэлэг мэтэд хууртах үеэ өнгөрөөсөн гэдгийг тэд даанч нэг ойлгохгүй байгаа бололтой. Өмнөх сонгуулиар мөнгө амлаж хавтгайрсан халамж болгосон нь өдгөө муу үр дүнгээ үзүүлж буй.

 

Ухаан биш бэлгээрээ уралдаж байгаа улс төрчдийн богцыг задалвал, нүүрс, нэгж, 40-ын бидон, гурил гээд л үргэлжилнэ. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар ч мөн ахмадуудад бэлэг тараахаар зэхэж байгаа гэнэ. Гишүүд жил бүрийн Баянхонгор аймгийн 66-аас дээш насны амхад буурлуудад “Цагаан сар”-ын гарын бэлгийг гардуулдаг уламжлалтай. Харин энэ жил УИХ-ын сонгуулийн хуультай холбогдуулж оноос өмнө энэ сарын 24-30-ны хооронд тус аймгийн Ардчилсан намын төв байранд бэлгээ гардуулах ажээ. Энэхүү бэлгийн богц цаашаа өргөжинө гэхээс дундрахгүй биз ээ.

Тэднийг ийн бэлгийн талаар уралдаж байх хойгуур овсгоотой Л.Гүндалай өөрийнхөө үгээр хүмүүсийг татаж явна. Түүнийг сонговол шууд л баяжих юм гэсэн.

 

Нийгэмд болж бүтэхгүй иргэдийг бухимдуулсан үйл явдал илүүтэй өрнөх боллоо. Үүнийг зарим нэг нь эдийн засаг хүндэрсэн иргэд нь ядууралд ихээр өртөж байгаатай холбон тайлбарлах юм. Энэ сарын эхээр ах, дүү хоёр нийлж банк дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл дахин энэ сарын 24-нд “Капитал” банкны Хан-Уул дүүрэгт байрлах салбарт дээрмийн хэрэг гарч 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарав Тодруулбал, 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж, зугтаасан байна. Харин уг хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж эхлээд байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм.

 

 

Дандаа саар зүйл болно гэж юу байхав ээ. Хүүхдийн цэцэрлэг нэгээр нэмэгдсэн сайхан мэдээтэй. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн ортой 230 дугаар цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон тав дахь цэцэрлэг болж байна. Өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээж авлаа.

 

Зам хаалгаж ямбалсаар байх уу Замын түгжрэл, утаанаасаа Монгол салж чадахгүй нь бололтой. Ийн хэлэхийн учир нь энэ сарын 23-нд ажил тарах үеэр багшийн дээдийн автобусны буудлаас гадаад хэргийн яам хүртэлх замыг цагдаа нар хаачих юм.

Өвлийн хүйтэнд хөлдчихгүй харих гэсэн иргэд эхний ирсэн автобусанд чихэж аваад л суулаа. Гэвч 18:05 минутад автобусанд суугаад 20:10 минут хүртэл бүтэн хоёр цаг нам зогсож байж арайхийн Blue Sky-н харалдаа ирэв. Энэ хооронд нөгөө пиг дүүрэн чихсэн автобусанд цөөхөн хүн үлдлээ.

Хөөрхий зам хаасан нөхдүүдийн өмнөөс нийтийн тээврийн жолооч ах иргэдээс ихээхэн зэмлэл хүртэж элдвээр хэлүүлэх нь энүүнхэнд. Жолооч ахаас зам яагаад хаачихсан талаар тодруулахад, "Өө сайд, дарга нараа гэрт нь хариулах гээд ажил тарахын үед энэ замыг хаачихдаг. Сүүлийн үед ингээд л хаачихдаг болсон. Одоо их дэлгүүр хүрчихвэл цаашаа ямар ч түгжрэл байхгүй байна" гээд хянагч самбараа хараад зорчигчдоо одоо буухгүй байхыг анхааруулж байсан юм.

Хүмүүс бууж л байвал надад сайн гэхээр нь яагаад "зам нээгдээд хурдан дараагийн буудал дээрээ очоод хүнээ дүүргээд авбал ашигтай ш дээ" гэлээ. Бодоод байсан жолооч ахын зөв юм байна. Багшийн дээдийн автобусны буудлаас суусан бүх зорчигч цахим картаа уншуулж, бэлэн мөнгөө хайрцаганд хийгээд л орж ирсэн. Харин тэд нэг газраасаа хөдлөхгүй зогссон нийтийн тээврээс буухдаа нэг ч хүн мөнгөө авья гэж хэлээгүй бууж одоцгоосон юм. Ингээд зам нээгдэж автобус давхисаар мөнгөн завъяагийн буудал дээр ирэв. Үнэхээр жолоочийн хэлснээр талбайгаас цааш түгжрэл байсангүй. Энэ байдлыг хэдэнтээ харж өөрийн биеэр мэдэрсэн. Хотын дарга аа! иргэд өвлийн хүйтнээр "хөл дүүжлэх унаагүй боллоо" дэлгэрэнгүй унших боломжтой.

Өвлийн хүйтэнд ард түмнээ бодолгүй зам хааж ямбалдаг эрхэмүүд одоо энэ үйлдлээ зогсоовол яасан юм бэ??? Манай улсаас өөр төв замаа хааж байгаад гэртээ харьдаг улс төрчид үгүй. Харин ч ард иргэдтэйгээ ойр байна гэж сонгуулийн уриа лоозондоо хэрэглэж улиг болтол сурталчилдаг байснаа та нөхдүүд мартжээ. Урин дулаан цагт иргэд чинь алхаад гэртээ харьчихна. Гэтэл ес эхэлчихсэн хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүд алхаж явмааргүй байна.

Эдийн засаг онцлох мэдээ:

2016 оноос ЭМД-ын шимтгэл төлөхөд өөрчлөлт орлоо.Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж ирэх оны нэгдүгээр сараас эхлэж эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ оюутнууд өөрсдөө төлнө. Шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх мөнгийг төлнө. Өөрөр хэлбэл, сард 1920 төгрөг, жилд 23 мянга 40 төгрөгийг төлнө гэсэн үг.

Харин 18 нас хүртэлх хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төр хариуцахаар боллоо. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол 3 нас хүртэл нь асарч, бойжуулж буй эхчүүд, хугацаат цэргийн алба хаагчдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцэх мөнгийг төлөхөөр болов. Тодруулбал, сард 3840 төгрөг, жилд 46 мянга 80 төгрөгийг төлөх юм.

Спортынхон үргэлж л баяртай мэдээ дуулгадаг. Тэгвэл энэ удаад Ёкозүна М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн номд бүртгэлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд албан ёсоор бүртгэжээ.

Тэрбээр цаашдаа 40 түрүүлэх зорилготой байгаа бөгөөд энэ тухайгаа хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн хүндэтгэлийн найран дээр албан ёсоор хэлсэн юм. “Тайхо аваргын 40 жилийн өмнө 32 түрүүлж дээд рекорд тогтоосон байдаг. Би түүнийг одоогоор 34-35 болгосон. Надад ийм шагнал ирлээ та бүхэндээ баярлалаа” хэмээн тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Японд сүмогоор барилдаж буй гадны улсаас Монгол Улсын бөхчүүд хамгийн амжилттай барилдаж байгааг Сүмо бөхийн холбооноос албан ёсоор мэдэгдэв.

Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх аваргууд нь Монгол Улсын иргэд байгаа бөгөөд тэдний араас озэки буюу арслан цолтой хоёр бөх удаалж байна. Өнгөрсөн сарын башёд 70 дахь аварга түрүүлсэн бол Монголын бөхчүүд ирэх сард эхлэх Хацү башёгийн дээд зиндааг тэргүүлэн барилдахаар болжээ.

 

Мөн 2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорлоо.

С.Батцэцэг "Дасгалжуулагч нар, спортын сэтгүүлч нарт баярлалаа. Рио 2016 олимпийн наадамд Монголын тамирчид олуулаа медаль авах болно оо. Үргэлж дэмжиж явдаг та бүхэндээ баяртай байна" гэв.

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэг шилдгийн шилдгийнх нь цомыг гардуулан өгч "Энэ жил С.Батцэцэг маш сайн байсан. Бөртэ чоно наадмын шилдгээр тодрох нь гарцаагүй байсан. С.Батцэцэг дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон. Олимпийн аварга болох бүрэн боломж бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга болсон хүн одоогоор байхгүй чамд боломж байгаа шүү" хэмээн амжилт хүссэн юм.

 

Шинэ жил болох гээд урлагийнхан байгууллага, хамт олонд ая дуугаа өргөж яваа. Тэд үнэ төлбөртэй дууллаа л гэх мэдээлэл гардаг болохоос чин сэтгэлийн бэлэг болгож үнэгүй дуулж олныг баярлуулж байсан нь тун ховор.

Тэгвэл МУГЖ, дуучин Т.Ариунаа ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас хамгаалж, өөрсдийнхөө амийг өгөхөөс ч буцдаггүй эрэлхэг залууст шинэ жилийн баяр дээр нь өнгө нэмжээ.

Тодруулбал, тэрбээр Онцгой байдлын ерөнхий газрын хамт олныг сонгон баярлуулахаар шийдэж хөдөлмөрч залуустаа шинэ жилээр нь үнэгүй дуулсан байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа