СУИС-ийн Бүжгийн сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэгээс Бүжгийн багш Ц.Ганбаярын талаар тодрууллаа.

 

-Танай сургуулийн бүжгийн багш Ц.Ганбаяртай холбоотой асуудлыг лавлахаар явна. Оюутны хөдөлмөрийг мөлжсөн тухай юм л даа?

-Ц.Ганбаяр багш манай сургуульд 2014 оны есдүгээр сарын 1-нээс 2015 оны зургадугаар сарын 1 хүртэл гэрээ байгуулж, цагийн багшаар ажилласан. Цэнгээнт бүжгийн багш жирэмсний амралтаа авсан учраас оронд нь ажиллуулж байгаад гэрээний хугацаа дуусгавар болж зургадугаар сарын 1-нд цуцалсан. Өөрөөр хэлбэл, энэ багш манай сургуулиас гарсан. Хичээлийн шинэ жил эхэлж, аравдугаар сарын эхээр оюутнуудаасаа сургалтын төлбөрийг нэхэж эхлэх үеэр Ц.Ганбаяр багшийн тухай асуудал гарч ирсэн. Сургуулийн захиргаанаас оюутнуудын ар гэрийнхэнтэй уулзахад Спорт бүжгийн холбоо гэсэн тамгатай албан бичгээр манай оюутнуудыг хичээл тарсны дараа Өвөрмонгол руу авч явсан байсан.

 

-Та гэрээ нь дуусгавар болсон багш учраас сургуульд хамаагүй гээд байна уу?

-Бид манай сургуульд хамаагүй гэж хаяагүй. Энэ иргэд хоорондын асуудал учраас манай сургуульд хамаагүй. Гэхдээ оюутан нь манай сургуулийнх учраас хамаагүй гээд орхилгүй оюутнуудынхаа төлөө ажилласан. Ц.Ганбаяр багшийн араас хөөцөлдөөд гэрт нь очиж уулзлаа. Аргаа бараад манай сургуульд цагийн багшаа хийгээд цалингаараа энэ хүүхдүүдийн төлбөрийг барагдуул гэсэн. Бид хүний ёсоор энэ хүнд маш энэрэнгүй хандаж байна. Харамсалтай нь, энэ багш нэг ч удаа сургууль дээр ирсэнгүй.

 

-Гэхдээ оюутнууд одоо хичээлдээ явж байгаа биз дээ. Төлбөрөө төлөөгүй хэдэн оюутан байгаа вэ?

-Нэгэнт иймд тулсан учраас бид төлбөрөө 100 мянгаар ч хамаагүй чадах хэмжээгээрээ тушаагаарай гэдэг шаардлага тавиад оюутнуудаа хичээл сонголтыг нь хийлгэсэн. Явцын шалгалтыг ч дээрх оюутнуудаас авсан. Гэтэл одоо жил хагасын шалгалт болох гэж байна. Иймээс оюутнуудаас төлбөрөө гүйцээж төлөхийг шаардсан юм. Нийт 16 оюутнаас төлбөрөө төлөөгүй төгсөх ангийн хоёр оюутан л байна. Бусад нь хагас жилийн төлбөрөө хийсэн.

 

-Эцэг, эхчүүд өөр тамгаар гэрээ хийсэн талаар сургуулийн удирдлагад мэдэгдсэн үү?

-Нэг ч эцэг, эх энэ талаар дуулгаагүй. Нэг жилийн гэрээгээр манайд ажилласан багшийн асуудлыг манай сургуультай холбож, янз бүрийн мэдээлэл гарч байгаад гайхаж байна. Манайхтай гэрээгээ цуцалснаас хойш болсон үйл явдал. Оюутнуудаа эцэг, эхэд нь хүлээлгээд өгчихсөн байсан. Мөн сургуулийн харьяа биш тамга тэмдгээр гэрээ байгуулж явсан. Тиймээс манай сургуулийн нэртэй холбож, энэ асуудлыг ярихгүй байхыг хүсч байна. Энэ нь иргэд хоорондын асуудал. Бид эцэг, эхчүүдэд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.

 

Б.Дэлгэр