Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн нэгэн сурагч онц хэрцгийгээр зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийн төрсөн эгч Ч өнөөдөр бидэнд хандсан юм.

Тэрбээр “2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны лхагва гаригт манай дүү тархиндаа цус харвасан байдалтай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн. Гурван хоног огт ухаан орохгүй байсаар өчигдөр нас барчихлаа.

Дүү маань 23-нд хичээлээсээ тарж ирчихээд “Ангиа цэвэрлэнэ” гээд буцаад гарсан юм билээ. Тэгэхэд ногоон “Истана” маркийн автомашинтай хэсэг хүмүүс дүүг минь чирч, гудчин, хөөж элдэж байхыг хүмүүс харсан байсан. Дөнгөж амьдралд хөл тавих гэж буй, арваннэгдүгээр ангийн сурагч шүү дээ. Айж сандарсандаа барьж буй барилга дээр хүртэл гарсан байсан.

Тэр машин дотор нэг таньдаг хүүхэд нь аавтайгаа хамт явж байсан юм билээ. Тэгээд л дүүг маань зодож, тамлаж, эцэст нь цагдаа нарт хүргэж өгсөн байгаа юм. Дүү Цагдаагийн хэлтсээс гарч ирэхдээ гуйвж дайваад, яг л согтуу хүн шиг болчихсон байсныг харсан хүн ч бий.

Тэгээд анги дээрээ ирээд “Би цагдаад зодуулчихлаа. Миний толгой өвдөөд байна. Та нар битгий чимээ гаргаад бай” гэж уурласан гэсэн. Тэгээд л цонхоороо бөөлжөөд байхаар нь ангийнх нь найзууд “Чиний бие өвдөөд байгаа бол харь. Дараагийн цэвэрлэгээг хийнэ шүү” гэж хэлсэн байна лээ. Тэгээд дүү маань нэг найзындаа очоод цагдаад зодуулсан гэдгээ хэлээд ухаан алдчихсан гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарчихсан, хэргийг прокрурор руу шилжүүлэн шалгаж байна.

Цагдаа нар зодсон нь бараг батлагдаад байгаа. Ангийнх нь хүүхдүүдээс мэдүүлэг авахдаа цагдаад зодуулчихаад ирсэн гэж хэлснийг нь бичиж авалгүй, орхисон байсан нь бүр ч сэжиг төрүүлж байгаа юм. Тэр хүүгийн аав яах гэж дүүг минь цагдаад аваачиж өгсөн юм бол.

Цагдаа нар ч гэсэн миний дүүг тархинд нь цус харватал зодсон нь удахгүй ил болох байх. Ямартай ч дүү тэр хүүтэй бага зэргийн хувийн өс хонзонтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний аминд хүрнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Бид маш их харамсаж байгаа.

Аав ээж минь отгон хүүгээ алдсандаа үнэхээр гомдолтой байна. Хэрэг үнэн мөнөөр шийдэгдээсэй. Тэр хүүгийн аав, цагдаа нар ч гэсэн хариуцлага хүлээх байх. Өөр олон хүүхэд ийм жигшүүрт хэргийн золиос бүү болоосой гэсэндээ олон нийтэд мэдээлэхийг хүслээ” гэж ярьсан юм.

Уг мэдээллийн мөрөөр бид Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрынхантай холбогдоход “Утсаар мэдээлэл өгөх боломжгүй, ажлын өдрөөр, дарга нараас лавла” гэв.

http://mongolnews.mn/