Шинэ шилийн баярын уур амьсгал бий болгоход байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс "Шилдэг тохижилт чимэглэл бүхий аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах уралдаан зарлажээ.

Уралдаанд оролцох аж ахуйн нэгжүүд сүлд мод, өвлийн өвгөн, цас, мөсөн урлал, гэрлэн чимэглэл гэх мэт орчны тохижилтыг шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлсэн байдлаар хийнэ. Гадна хаяг, гэрэлтүүлэг, чимэглэлийг орчин үеийн шинэлэг хэв маягаар шийдэн, хаягаа монгол крилл үсгээр бичиж, техникийн аюулгүй байдлыг хангасан байна. Мөн орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарсан байх юм.

Нийслэл хотод шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлэх, хотын гэрэлтүүлэг, тохижилтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байгууллагуудад сайшаасан “Тусгай тэмдэг” наана. Харин зохион байгуулсан арга хэмжээнд оролцоогүй нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллагуудад сануулсан “Гахай” нааж олон нийтэд зарлана. Удаа дараа хариуцлагагүй хандсан байгууллага аж ахуйн нэгжийг хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах юм.

Шинэ жил угтсан ажлын хүрээнд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний байрны цамхагт байрлах Нийслэлийн цагийг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани хариуцан чимэглэж байгаа. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран он солигдох мөчид Чингисийн талбайд шинэ оноо угтаж буй иргэдэд зориулан 30 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан худалдаа үйлчилгээ гаргах гэнэ.