Уншигч олон та бүхэндээ Зул сарын болон шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье!
Бурхны ѳлгий орон гэх Энэтхэгт 10 хоноод ирлээ. Хамгийн сүүлд, 4 жилийн ѳмнѳ очиж байснаас онц ѳѳрчлѳгдсѳн ч юм алга. Ресторан, хоолны газруудад үхрийн махаар хоол хийхийг л бүрэн хориглочихож, бусдаар бол хэв хэвээрээ, бахь л байдгаараа. Тэхэд, Монголдоо хагас жил болоо л очиход танихад бэрхтэй болтол ѳѳрчлѳгдсѳн байдаг шүү дээ. Улаанбаатарчууд, ялангуяа залуучууд их соёлжиж, ѳѳрчлѳгдѳж байгаа нь шууд мэдрэгддэг. Энэтхэгчүүдийн хувьд бол, тал нь боловсролгүй, бичиг үсэггүй, соёлгүй хоцрогдсон, таксины жолооч нь бѳѳсѳѳ мааждаг, ядуусын хороололд хүмүүс ялгадсан дотроо амьдардаг...гээд тоочоод байвал муу юм барагдахгүй. Гэхдээ очсон улс орноо, ажил тѳрлийн холбоотой хүмүүсийхээ ѳлгий нутгийг муулах нь тийм ч соёлтой хүний зан биш, яахав монголтойгоо харьцуулах гээд ганц нэг факт дурдлаа. Бурхны тэр оронд биш, бурхан заяатай ард түмний эд эс, ширхэг нь болж тѳрсѳндѳѳ л ѳѳрийгѳѳ энгүй азтай хүнд тооцож явсаар суугуул нутагтаа эсэн мэнд буцаж ирлээ. Эсэн мэнд гэсний учир нь млрд-аар тоологдох хүн амтай энэ улсаас европад Зул сарын баяр үзэх гэсэн эрмэлзэлтэй үй түмэн зорчигчидтой давхцан амжиж ирнэ гэдэг мэдүүштэй, амаргүй даваа байдаг юм байна. Би монголоороо, монголоор овоглогдсон олон зүйлээр бахархдаг. Энэтхэгт олигтой мах олж идэж чадаагүй болоод ч тэрүү, элгэндээ тээж явдаг олон бахархлын нэгнийх нь тухай ѳнѳѳдѳр тусгайлан бичмээр санагдан нийтлэл тэрлэв.
Монгол хонины мах бол эм
Тѳвдѳѳс угшилтай Ази хонь, цаг уурын нѳхцѳл, бэлчээрийн ургамал, нүүдэлчин ардын селекцээр үндсэн чанар нь ѳѳрчлѳгдѳж МОНГОЛ ХОНЬ гэсэн бие даасан үүлдэр бүрэлдэн тогтсон байдаг. Монголчууд ѳнѳ эртнээс, хониныхоо махыг идшэнд хэрэглэхийн зэрэгцээ, шѳлѳѳр хүүхдийн угаалга хийх, тамирдсан хүнд шимт 3 ясны шѳл, битүү шѳл уулгах, яс түлж утах, хүүхдэд годон хѳхүүлэх, ууц ѳвчүүг дээдлэн хүндэлж идэх...гээд олон аргаар эмчилгээ сувилгаанд хэрэглэсээр иржээ. Монгол хонины махны шимт чанарын судалгааг манай болон орос, гадаадын монголч олон эрдэмтэн мэргэд чамгүй сайн хийчихсан юм билээ. Харин, бүх амин дэмийн бүрэлдэхүүн, агуулгатай, физиологийн ач холбогдолтой, биологийн хувьд зүйрлэшгүй үнэт тэжээл гэгдэх гэдэс, дотор махны судалгаа бол нилээд хожуу эхэлсэн, цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай объект юм байна. Монгол хонины махны уургийн үл орлогдох амин хүчлийн бүрэлдхүүн нь, Киргиз, Шинэ Зеландын бэлчээрийн хонины махныхаас 12,6% хүртэл их байдаг ажээ. Монгол хонины махны шимт бодисын агуулагдхуун дэлхийн дунджаас даруй 40%-иар их гэдгийг судлаж тогтоосон байдаг. Ухаандаа, дэлхийд уургийн чанарын 5%-ын үзүүлэлттэй хонины мах тун сайн чанарын гэж тооцогддог байхад, монгол хониных 7,5% байх жишээтэй л юм. МОНГОЛ ХОНЬ үүлдрийн бэлчээрийн хонины мах дэлхийн брэнд болох нь зүгээр л цаг хугацааны асуудал гэж бодож явдаг. Махны эрүүл ахуйн чанарыг сайжруулах нь ѳнѳѳхѳндѳѳ л тѳвѳгтэй байгаа болохоос, хониныхоо махны шимт чанарыг ихэсгэхийг эрмэлзсэн орнуудын орлодлоготой харьцуулахад ѳчүүхэн зүйл, онцгой асуудалд тооцогдохгүй бэрхшээл. Монгол хонины махны орлогдох, үл орлогдох шимт бодисын агуулагдхууныг 20 гаруй тѳрлийн органик нэгдлийн найрлагаар судалж тогтоосон жагсаалтыг би хараад сууж байна. Химийн үйлдвэрүүдэд, урвалын аргаар гаргаж авдаг энэ чухал нэгдлүүд монгол хонины маханд бэлнээр байдаг, тэр нь монголчуудын голлох хүнс болдог, монголчууд хониныхаа махыг идэхгүй удвал махасдаг гээд бодохоор сэтгэл хѳдлѳн огшмоор ч юм шиг.
Глүтамины хүчил ( glutaminic acid )
Дэлхийд энэ бодисыг голчлон химийн аргаар үйлдвэрлэн гаргадаг, эмийн найрлагад гол түүхий эд болон ордог. Тѳв мэдрэлийн системийн цусан хангамжийг тогтворжуулах, эргэн санах ой тогтоолтыг сайжруулах, моторик болон зах хязгаарын мэдрэлийн эд эсүүд, тэдгээрийн транспортлох процессыг түргэтгэх гээд мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагаатай холбоотойгоор эмнэл зүйн практикт ѳргѳн хэрэглэгддэг, юугаар ч орлошгүй органик нэгдэл юм. Глүтаматыг байнга жижиг доозоор хэрэглэсэн үед булчинд тамир сууж, шѳрмѳсний даац ихсэнэ. Ялангуяа булчинд очих мэдрэлийн эсүүдийн динамикыг тэнцвэржүүлснээр булчин, шѳрмѳс зѳѳлѳн эдийн уян хатан чанарыг бусад бодистой харьцуулшгүй үр дүнтэй дээшлүүлэх үйлчилгээтэй байдгаараа хүний бие организм, бодисын солилцооны нэн шаардлагатай бодист тооцогддог. Монгол хонины махны шимт нэгдлийн найрлагад энэ чухал бодисын хэмжээ 11, 7%-д хүрдэг. Глүтаматын ийм ѳндѳр найрлагатай мах дэлхийн аль ч улсад байхгүй, байх ч үндэслэлгүй.
Лизин (lysine)
Уургийн бүтцийн чухал элимент Лизиний хүчлийг органик химийн аргаар үйлдвэрлэн гаргадаг. Саяхан болтол тодорхойгүй байсан соёл иргэншлийн гэгдэх, автоиммуны ѳвчний үүсэх шалтгааныг антибиотек хэтрүүлсэн, эсвэл организм лизиний дутмагшилд орсон гэсэн 2 тѳрлѳѳр эрдэмтэд тогтоогоод байна. Учир нь лизиний хүчил гэх чухал нэгдэл, бодисын солилцоонд орохдоо, бие организмыг гаднын болон удамшлын тѳрмѳл вирус, хорт бактери, халдварт ѳвчний нянгийн довтолгооноос хамгаалан, эд эсийг сүйрүүлэх үйлчилгээг нь сармагжуулах ач холбогдолтой нэн чухал бодис ажээ. Лизиний хүчил нь бас, дархлааг сайжруулах чиглэлийн аргинина, нейтрофиль...зэрэг олон тѳрлийн бодисыг идэвхжүүлэх үйлчигээтэй юм. Лизин бол булчин шѳрмѳсийг бэхжүүлэх юугаар ч орлошгүй нэгдэл мѳн. Мѳн, яс бэхжүүлэх кальци, фосфор зэрэг химийн нэгдлүүдийг ясанд хүргэж ѳгдѳг маш чухал транспорт мѳн. Монгол хүн яс бѳхтэй, шүд сайтай байдгийн учир энд л байна. Түүнээс гадна, Лизин нь судасны агшилт, тэлэлт( присталтик)-ийг тогворжуулах, цусанд саахар, ѳѳхний хэмжээг зохистой хэмжээнд барих, бие махбодийн гаднын нѳлѳѳнд автахгүй, тэсвэртэй байлгах зэрэг ѳѳр ямар ч нэгдэлд байдаггүй онцгой чанаруудыг хадгалсан шимт бодис юм. Монгол хонины махан дахь лизины хүчлийн найрлага асар ѳндѳр. Зуншлага сайтай жилийн, Монгол Алтай, Хангайн нуруу, тѳвийн аймгуудад, тѳлѳг насны хонины махны шимт бодисонд лизины эзлэх хувийн жин 10% хүрэх тохиолдол бий. Лизины ийм ѳндѳр найрлагтай хонины мах дэлхийн аль ч ѳнцгѳѳс эрээд олдохгүй, байх үндэслэлгүй юм.
Треонин (L-Threonine)
Амин хүчлийн тѳрлийн юугаар ч орлуулах аргагүй органик нэгдэл бол энэ. Ѳѳр хоорондоо трансфузи хийгдсэн 5 онцгой чухал бодисын нэгдэл треонины бие организмын зайлшгүй хэрэгцээ нь насанд хүрэгсэдийн хувьд арай бага, 0,5 гр, харин хүүхэд ѳсвѳр насныхан ѳдѳр тутамд 3 гр хүртэл треонион шаарддаг. Треонины нэгдэл нь булчин шѳрмѳсний бүтэц, зохион байгуулалтын уран барималч нь юм. Ѳѳх тосыг задлаж солилцоонд оруулдаг чанараараа элэгний хамгаалалтын албаны буутай цэрэг л гэсэн үг. Треонины дутмагшилд орсон хүний элэг хатуурч эхэлдэг нь үүнтэй холбоотой. Шар ѳвчнѳѳр ѳвдѳх нь треонины үйлчилгээг саармагжуулах аюултай, хүүхэд насандаа шараар ѳвдсѳн хэнбугай ч гэсэн насан туршдаа ЭЛЭГээ хайрлаж, анхаарч явах олдмол мэдээллийн тээлттэй яваа шүү л гэсэн үг. Хонины махтай холбоод 3-хан нэгдлийг товч тайлбарлалаа. Ер нь хүний бие 98 тѳрлийн химийн нэгдэл, 20 гаруй тѳрлийн органик бодисуудыг шаарддаг, тэдгээрийн дийлэнхийг үйлдвэрлэдэг ЭЛЭГ гэх химийн комбинатын үйл ажиллагааг, түүхий эдээр тасалдуулахгүй хангая гэвэл хонины мах сайн идэж бай л гэх гээд байна л даа. Аптекаас эм аваад залгих, эсвэл шимт бодисыг цусандаа элгээр үйлдвэрлүүлэн оруулах 2-ын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Элэгнээс ялгарах 100 гаруй тѳрлийн элементийн ач холбогдлыг би тѳвѳггүй тайлбарлаж чадна, гэхдээ тэдгээрийн натурал байдалдаа хэрхэн урвалд ордог, хонь, малын эрхтнүүдийн алинд нь ямар шимт бодис ихээр агуулагдаж байдгийг тайлбарлахын тулд удаан жилийн судалгаа, шинжлэх ухааны интерпретаци хэрэгтэй бололтой юм билээ.
Монголчууд яагаад хүүхдүүддээ хурганы засаа будаатай хольж идүүлдэг вэ? Тэнд ямар урвал явагдав?
Чанасан махыг яагаад заавал сүүтэй цайнд хѳшиглѳж иддэг вэ? Махны шимт бодис сүүтэй ямар урвалд ороод юмар чухал нэгдэл гараад ирж байна?
Борцыг чанахын ѳмнѳ яагаад усанд удаан байлгадаг вэ?
Хонь гаргаад мах, эрхтний заримы нь яагаад хүүхдэд ѳх дургүй байдаг вэ? Яагаад түгшүүрийг гэхэд л бүсгүй хүнд ѳгдѳггүй заншилтай байна?
Хонины махны хормоонлиг хэсэг нь хаана нь байна?
Завхан, Ѳвѳрхангайн эсвэл жишээлэхэд, Дорноговийн хонины махны шимт бодисын агуулагдахуун яагаад ѳѳр ѳѳр байна?
..................................................................
Энэ мэт мянга мянган асуултад эрдэмтэд, судлаачид тоймтой хариулт ѳх ёстой юм.
Инспираци (inspiration)
Би энэ ухагдахууныг монгол хэлнээ хѳрвүүлж зүрхэлсэнгүй, утга уран зохиолд ѳнѳѳдрийг хүртэл ямартай ч ОНГОД гэдгээр хэлэгдсээр иржээ. Эль нийтлэлийн хүрээнд, инспирацийн экологийн ѳдѳѳгч нь нэрийн ургамалд байдаг, тэр нь хонины махаар дамжин бодисын солилцоонд орж тархи толгойд хүрч шим тэжээл болдог гэдгийг олж мэдсэнээ л дурдах гэсэн юм. Ер нь бол хүний тархи хоногтоо 160 гр ѳтгѳрүүлсэн цус шаарддаг, экстрактыг боловсруулах, ханган нийлүүлэгч эрхтэн нь ѳнчин тархины ар биенд байрладаг, түүхий эдээ эргэлтэнд байгаа цусны бүрэлдхүүнээс бэлнээр авдаг зэрэг нь шинжлэх ухаанаар аль хэдийн тогтоогдсон зүйл л дээ. Ургамал, амьтны гаралтай түүхий эдийн чиглэлээр Орос, Буриадын нэрт физиологич зарим эрдэмтэдийн диссертацыг олж үзэх завшаан надад олдсон юм. Зарим ургамал нь химийн эфедрин гэдэг хар тамхины бодисыг тодорхой хэмжээгээр агуулдаг, Монгол Алтай, Хангай нурууг хамран тал хээрийн бүсийн зарим мужид ургадаг болохыг судалж тогтоосон юм билээ. Эфедрины агуулгатай ургамал гэж нэр томъёогоор нь мэдэхгүй ч тиймэрхүү үйлчилгээтэй ургамал гээ л хэлэхэд Увс, Завханы захын малчин түүгээд ирж мэдэх л байх. Малын мах, цагаан идээгээр дамжин организмд бодисын солилцоонд орохдоо тэр бодис, тархинд, ялангуяа баруун ховдолд очиж экстаз үүсгэн, сэргээх үйлчилгээ үзүүлдгийг олж тогтоосон байдаг. Хавар ногоо гарах үеэр малчид янз бүрийн л юм ярьцгаадаг, чѳдѳр ѳвс хѳлд тээглээд энэ жил ч мал таргалах нь энэ дээ ч гэдиймүү, эсвэл айраг эрт эсэх нь, бор тарга авах нь эсвэл авахгүй нь...энэ бүхэн бэлчээрийн ургамалын аль нь юунд тусдагийн учрыг ямар ч эрдэмтнээс илүү л мэдсээр ирсний баталгаа. Олон зуун мянган жилийн ажиглалт, үндсэндээ эмпирик судалгаа шүү дээ. Сорчилж идүүлэх, сѳл хѳѳлгѳх...бүгд л утгатай. Инспирацийн үйлдэл нь ганц онгод орохоор хязгаарлагдахгүй, эрэмгий чанар, ѳл даах чадвар, манайхны огцом уур гэж ярьдаг эмоцийн хѳѳрѳл сааралтын процесс, түргэн сэтгэлгээ, ой санамж, мэдрэмж...олон тѳрѳл зүйлээр тусна. Монголчууд хоол идэхдээ хүртэл инспирацитай, хоржигнуулан сорж тачигнуулан зажилж иддэгээрээ европынхноос ялгардаг, энэ нь бүдүүлэг гэх зан огт биш зүгээр л хоол боловсруулах дур сонирхлын хүрээнд яригдах сайн талтай онцлог. Хонины махаа бүхлээр нь идчихээд үхсэн юм шиг унтаад ѳгдѳг ч гэсэн бие, мэдрэлийн системийг дэндүү сайн тайвшруулж чадаж байгаа ховор онцлог. Тархинд инспираци ѳхѳѳс гадна цусанд микро шаталт ѳгч байнгийн халуун байлгадаг бодис бас байна, тэдгээр нь тодорхой нэрийн ургамлаас малын махаар дамжин цусанд орж ирдэг нь ойлгомжтой болсон зүйл. Монголчуудын халуун цустай гэдгийг монголчууд ѳѳрсдѳѳ эрдэмтэдээс ѳмнѳ мэдэрчихсэн юм, гагцхүү түүнд шинжлэх ухааны интерпретаци хийж баримтаар баталгаажуулах л үлдсэн байх гэж бодогддог. Монголчууд дэлхийн талыг эзэлсний, ой санамж IQ-ээр дэлхийд ноёлдгийн, аливаад дасан зохицохдоо гарамгай сайны, спортын мэдрэмж ѳндѳр байдгийн, ерѳѳсѳѳ мэдрэмж инстинкт сайтайн, аливаад авъяастай, овсгоотой байдгийн, гадаад хэл амархан сурдгийн, монгол хүнээс эхүүн үнэр гардгийн, омголон дагшин зантайн...гээд олон зүйлийн учир шалтгааныг хонины махны, бэлчээрийн ургамлын шимт найрлагатай холбож ойлгож болох нь тодорхой. Тухайлаа л үзэхэд хонины махны орлогдох, үл орлогдох 14 шимт бодисын химийн найрлага, ямар үйлчилгээтэй байгааг жагсаагаа л гаргаад ирэхэд л олон янзын оньсого шиг таамаглалууд тайлагддаг юм. Ингээ л бодохоор монголчууд бид тун азтай, бурхан заяатай хүмүүс.
Энэ удаа гагцхүү хонины махны үнэт чанарын тухай товч бичлээ. Цагаан сарын ѳмнѳ амжуулаад цагаан идээний гайхамшгийн тухай бичмээр ч юмуу гэж бодогдсоноо нуух юун. Ийм байгальтай, ийм хонь малтай, мах цагаан идээндээ дэндүү дуртайгаараа монголчууд бид л бахархахгүй юм бол хэн, юугаар бахархах юм бэ! Энэ бол монголчуудад бурхнаас гэмээр заяачихсан ХУВЬ ТАВИЛАН.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
Эх сурвалж: www.sonin.mn