1.СОНИРХОЛТОЙ СОНГУУЛИУД

Грек. Нэгдүгээр сарын 25-нд Грек улсад Парламентын сонгууль болж, уламжлалт хоёр том нам ялагдаж, гурав дахь хэмээх тодотголтой, зүүн үзэл баримтлалтай “Сириза” нам ялав. Мөн оны есдүгээр сарын 20-ны өдөр Грект дахин парламентын сонгууль болж, “Сириза“ нам дахин ялалт байгуулав. Энэ бүх үйл явдал Грек Улс санхүү, эдийн засгийн гүн хямралд орж, Европын холбоо болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Грекийн Засгийн газрыг хүчтэй шахаж, грекчүүдийн олонхид нь огт таалагдахгүй шийдвэр гаргахыг тулгасантай холбоотой. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тус улсад тулгаж байгаа бодлогын хэрэгжүүлэх эсэх талаар тус улсад санал асуулга явуулсан. “Санхүүгийн нэмэлт тусламж авахын тулд олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг хүлээн авч, цаашид хэмнэлтийн горимд шилжих эсэх асуудлаар санал асуулгад грекийн сонгогчдын 62.5 хувь нь оролцож, 61.3 хувь нь “үгүй” гэж хариулсан дүн” гарсан билээ. Грекийн хямрал, тус улсад болсон санал асуулгын дүн нь Европын холбооны үйл ажиллагаанд ч ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.

Их Британи. 2015 оны тавдугаар сарын 7-нд Их Британид парламентын сонгууль болж Ерөнхий сайд Дэвид Камероны удирддаг эрх баригч Консерватив нам ялж, дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болов. Их Британид болсон сонгуулийн нэг содон үйл явдал бол Шотландын Үндсэрхэг үзэлтэй нам Шотландад үнэмлэхүй ялалт байгуулсан явдал, түүнчлэн Парламент дахь Либерал намын суудал эрс цөөрсөн явдал тус тус мөн бөгөөд Камероны толгойлсон Консерватив нам Их Британи нь Европын Холбоонд байх эсэх талаар нийт ард түмний дунд олон нийтийн санал асуулга явуулна гэсэн санал дэвшүүлсэн нь сонгогчдын дэмжлэгийг авсан гэж тооцогдсон билээ.

Бирм. 2015 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Бирм буюу Мьянмар улсад Парламентын сонгууль болж, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи хатагтайн тэргүүлсэн Сөрөг хүчний “Ардчиллын төлөө үндэсний лиги” нам ялав. Аун Сан Су Чи хатагтай 1913 онд Монголд болсон олон улсын хуралд ирж оролцохдоо Монгол Улсад тогтсон өнөөгийн төр, засгийг “Дүр эсгэсэн ардчилал” хэмээн товч бөгөөд тодорхой тодорхойлж, “Дүр эсгэсэн ардчилал нь Дарангуйллаас ч илүү аюултай шүү” хэмээн анхааруулан сануулж байсан юм.

2.ҮНДЭСТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ

2015 оны хоёрдугаар сарын 11-12-нд Белоруссын нийслэл Минск хотод Герман, Орос, Украин, Францын Ерөнхийлөгч нар нарын уулзалт болж Украины Донбасст дэгдсэн мөргөлдөөнийг зохицуулахын тулд юуны түрүүн гал зогсоох тухай тохиролцож, Минскийн гэрээнд гарын үсэг зурав. Хожим нь талууд энэхүү гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Францын Парист уулзаж, гэрээний хэрэгжилтэнд шүүмжлэлтэй хандаж, тус гэрээний дагуу үүрэг хүлээсэн талууд гэрээг хэрэгжүүлэх талаар илүү идэвхтэй ажиллахыг шаардсан билээ. Энэ гэрээ нь сүүлийн жилүүдэд Украин Улс Европын Холбоонд элсэх ёстой хэмээн ярьж байснаа энэ байр сууриа гэнэт өөрчилснөөс болж олон түмний дургүйцлийг хүргэсэн Януковичийн тогтоосон дэглэмийн эсрэг олон нийтийн жагсаал цуглаан болж, улмаар Янукович ОХУ руу оргон зугтсан үйл явдалтай холбоотойгоор бий болсон зөрчил, хямралыг зохицуулахын тулд байгуулагдсаныг сануулах юун. ОХУ нь Украин Улс Европын Холбоонд элсэнэ гэхэд анхнаасаа эсрэг байр суурь баримталж байсан бөгөөд Украинд шинэ төр, засаг эмхлэн байгуулагдаж, тус улс Европын Холбоонд элсэх нь стратегийн зорилт мөн гэсэн байр суурийг хатуу баримтлах болсонтой холбогдуулан ах дүүгийн харилцаатай байсан хоёр улсын хоорондын харилцаанд томоохон ан цав гарч, Украины бүрэлдэхүүнд байсан Крымийн иргэд олон нийтийн санал асуулгаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орох шийдвэр гаргасан. Түүнчлэн оросоор ярьдаг бүс нутаг болох Украины Донбасст зэвсэгт бослого гарч, Украины тал босогчдод тэр зэвсгийг ОХУ-ын зүгээс нийлүүлж байгаа, түүнчлэн босогчдын эгнээнд ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнээс төлөөлөл байгаа хэмээн үзэж, эдгээр үйл явдлаас болж Европын Холбоо, АНУ болон Япон, Канад зэрэг улс орон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан билээ. Хариуд нь ОХУ Европ, АНУ зэрэг улс орноос импортолдог байсан уламжлалт бараа, бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д оруулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Нэгэн түүх, нэг үүсэл гарал, нэг соёлтой, ах дүү үндэстэн хэмээн тооцогддог оросууд болон украинчууд ийнхүү хоорондоо зэвсэг барин тэмцэх болсон нь ихээхэн эмгэнэлтэй үйл явдал гэж дүгнэхээс өөр аргагүй.

3.ЧАНГА СТАНДАРТ ТОГТООХОД ХҮРГЭВ

2015 оны гуравдугаар сарын 24-нд Франц улсын өмнөд нутагт Германы иргэний агаарын тээврийн “Люфтханзе” компанийн А320 нисэх онгоц осолдож, 150 хүн амь үрэгдэв. Онгоцны ослыг шалган судалсны дараа онгоцны нисгэгч онгоцоо санаатайгаар осолдуулсныг тогтоосон юм. Тус онгоцны нисгэгч өмнө нь сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан тухай мэдээлэл цацагдаж, иргэний нисэхийн компаниуд онгоцны нисгэгчдийнхээ сэтгэл мэдрэлийн байдлыг сайн шалгадаг болох, илүү чанга стандарт тогтоож баримталж байх нь зүйтэй гэж үзсэн юм.

4.50 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТОРГУУЛЬ

Олон улсын Гаага дахь шүүх болон Европын Холбооны тусгай комисс ОХУ-ын төр, засаг “Юкос” компанийг санаатайгаар дампууруулж, хувьцаа эзэмшигчдийг эрх ашгийг ноцтойгоор хөндөж, тэднийг хохироосон хэмээн тогтоож, ОХУ тэдгээр хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөрт 50 тэрбум ам.доллар, мөн 1,5 тэрбум ам.долларын торгууль тус тус тавьж, тодорхой хугацаанд багтаан торгуулийг төлөхийг үүрэг болгосон байна. ОХУ-ын төр, засаг энэхүү торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд торгуулийг төлөхөөс татгалзсан байна. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир “ЮКОС”-ын хувьцаа эзэмшигчид болон бусад сонирхогчид торгуулийн асуудал хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглаж байна. Төр засаг хувийн бизнес рүү дайрч орох нь эргээд ямар хор хөнөөлтэй байгааг, мөн Европ тив хувь хүний эрх чөлөө, бизнесийг хамгаалах талаар ямар хүчтэй тогтолцоо бүрдүүлж чадсаныг эндээс харж болно.

5.ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ

2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балба улсад Рихтерийн шаталбараар 7,8 баллын хүчтэй газар хөдөлж, 8699 хүн амь үрэгдэж, 22 489 хүн шархдаж, найман сая гаруй хүн гэр оронгүй болж, түүх соёлын дурсгалт олон газар, барилга, баримал устав. Монголчууд эрт дээр үеэс эхлэн Балбын Жарон Хашорын суврагад сүсэглэн мөргөж ирсэн түүхтэй. Газар хөдлөлтийн гамшигт Жарон Хашорын суврага харьцангуй бага өртсөн талаар Энэтхэг, Бирмийн хэвлэлүүд мэдээлжээ. Эдийн засгийн хөгжил сул дорой, засаглал нь тогтворгүй тус улс ихээхэн газар хөдлөлийн гамшгийн дараахь сэргээн босголтод хүчин мөхөсдөж байна.

6.ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ УДИРДАГЧИД ХЭЭЛ ХАХУУЛЬД СЭЖИГЛЭГДЭВ

2015 оны тавдугаар сарын 27-нд Швейцарийн Цюрих хотод Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах албан тушаалтнуудыг цагдаа нар баривчлав. ФИФА-гийн Ерөнхийлөгч Зепп Блаттер болон Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Платини нарын эсрэг дайралт эхлэв. 2018 он болон 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнүүдийг ОХУ болон Катарт тус тус зохион явуулах эрхийг олгох шийдвэр гаргахдаа шударга ёсыг зөрчиж, ДХБХ-ны гишүүд хээл хахууль авсан гэсэн мэдээ, нийтлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олонтаа цацагдсан учир ДХБХолбооны удирдлагыг ийнхүү сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар АНУ, Швейцар зэрэг улс орны хуулийн байгууллагууд ДХБХ-ны гишүүд хөл бөмбөгийн тэмцээн зохион явуулах, реклам явуулах эрхийг олгох зэрэг шийдвэр гаргахдаа нийт 150 гаруй сая ам.долларын хээл хахууль авсан гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа билээ.

7.ДИПЛОМАТ ХАРИЛЦААГ СЭРГЭЭВ

2015 оны долдугаар сарын 20-ны өдөр АНУ ба Кубын хооронд дипломат харилцааг албан ёсоор сэргээв. Харилцааг сэргээхэд Ромын пап лам Франциско ихээхэн чухал үүрэг гүйцэтгэв. Пап лам эхлээд Кубад, дараа нь АНУ-д айлчлал хийсэн юм. Хоёр улсын дипломат харилцаа сэргэсэн ч том сорилт шалгуур хүлээж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

8.ХҮЧТЭЙ ДЭЛБЭРЭЛТ

болов2015 оны наймдугаар сарын 12-ны өдөр Хятадын Тяньжин хотын боомтын агуулахад хоёр удаа хорт бодис дэлбэрсний улмаас 173 хүн амь үрэгдэж, 95 хүн сураггүй алга болов. Уг дэлбэрэлтийн хүч нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японд хаясан атомын бөмбөгдөлтөөс давж гарсныг зарим хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү дэлбэрэлтийг хятад дахь дотоодын улс төрийн нөхцөл байдалтай бүр тодруулбал авлига хээл хахуультай хийж байгаа тэмцэлтэй холбоотой гэх өнцгөөс барууны зарим хэвлэл тайлбарласан.

9.ИСЛАМЫН ХАЛИФАТ БҮЛЭГЛЭЛД ӨГӨХ ЦОХИЛТ ЭРЧИМЖИЖ, ОРОС-ТУРКИЙН ХАРИЛЦАА ХУРЦДАВ

2015 оны есдүгээр сарын 30-нд Оросын Холбооны Улсын байлдааны онгоцууд Сири улс дахь Лалын Халифат бүлгийн байрлалд агаараас цохилт өгч эхлэв. Үүний өмнөхөн буюу есдүгээр сарын 1-3-нд АНУ-д болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын терроризм, Исламын улстай тэмцэх асуудлыг хөндөж, өөрсдөө энэ талаар дорвитой арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн билээ. Тэрээр НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаас эх орондоо буцаж ирэнгүүтээ Төрийн Думд асуудал оруулж, Исламын улсын эсрэг агаарын цохилт өгөхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргуулав. Мөн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ОХУ-д гэнэт айлчлав. ОХУ-ын агаарын цэргийн хүчин Сири дэх Исламын улсад өгөх цохилтоо улам эрчимжүүлэв. 2015 оны арваннэгдүээр сарын 24-ний өдөр Туркийн байлдааны сөнөөгч онгоцууд Оросын Су-24 нисэх онгоц руу дайрч сөнөөв. Үүний улмаас ОХУ, Туркийн харилцаа хурцдав. Туркийн Ерөнхийлөгч энэ үйлдэлдээ уучлал гуйхгүй гэсэн бол ОХУ 2016 оны эхнээс Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаагаа зарлав.

10.ОНГОЦЫГ ПУУЖИНГААР ХАРВАЖЭЭ

2015 оны аравдугаар сарын 13-ны өдөр Донбасст буудуулан унасан MH17 нислэгийн Боинг 777-200 нисэх онгоцны сүйрлийн талаарх тайлан гарав. Голландын Аюулгүй Байдлын Хорооны дарга Тьиббе Йустра уг онгоцыг пуужингаар харвасны улмаас сүйрсэн байна гэж мэдэгдэв. Уг онгоцыг оросууд харвасан гэдэг хардлага хамгийн түрүүнд гарч байсан. Харин оросууд болохоор энэ нотолгоог эсэргүүцэж байгаа. Хэн, ямар учир шалтгааны улмаас хаанаас пуужин харвасан гэдэг одоо болтол тодорхойгүй байна. Харин гэм зэмгүй олон зорчигч зөрчил мөргөлдөөний золиос болж, амь насаа алдаж хохирсон байна гэдэг тодорхой зүйл билээ.

11.ТЕРРОРИЗМЫН АЮУЛ

2015 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Парис хотноо “Шарли Эбдо” хошин шогийн сэтгүүлийн газарт Лалын шашны хэт туйлшрагч үзэлтэй гурван алан хядагч дайран орж 12 хүнийг шууд буудан алж, 11 хүнийг шархтуулсан онц ноцтой гэмт хэрэг гарч, хүн төрөлхтөнд терроризм ямар их аюул тарьж болох талаар анхааруулга болов.

2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл Парис хотод террорист халдлагын улмаас 130 хүн амь үрэгдэж, 351 хүн шархдав. Францын Ерөнхийлөгч улс орондоо онц байдал зарлав. Алан хядлагыг Исламын улс хүлээж байгаагаа зарлав.

2015 оны аравдугаар сарын 31-ний өдөр Оросын Холбооны Улсын “Когалымавиа” гэдэг нисэхийн компанийн А320 нисэх онгоц Египтийн Синайн хойгт осолдож, дотор нь сууж явсан 224 хүн бүгд амь үрэгдэв. Нисэх онгоцны зорчигчийн суудал дор тэсрэх бөмбөг тавьсны улмаас онгоц осолдсоныг тогтоов.

12.ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ 195 УЛС НЭГДЭВ

2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Францын нийслэл Парис хотод Дэлхийн Дулаарлын асуудлаарх Олон Улсын бага хурал эхэлж, их гүрнүүд хүн төрөлхтөний өмнө онцгой өндөр үүрэг гүйцэтгэж, томоохон хариуцлага хүлээж байгааг сануулав. Энэ нь олон жилийн өмнө Киотод болсон олон улсын бага хурлаас хойшхи хугацааны хамгийн амжилттай болж өнгөрсөн яриа хэлэлцээ мөн гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Ойрын ирээдүйд дэлхийн дулаарлыг Цельсийн 1,5-2 хэмийн хооронд барихаар заасан Парисын хэлэлцээрийг 195 орны төлөөлөгчид дэмжиж сайшаажээ.

13.ЦАГААЧДЫН ДАВАЛГАА ЕВРОПЫГ ДАРАВ

Европ тив 2015 онд Сири, Ирак, Афганистаны цагаачдын хөлд дарагдав. Ойрхи Дорнодын орнуудаас Европыг зорьсон цагаачдад хандах хандлагыг Сирээс гэр бүлийнхэнтэйгээ завиар гараад осолдож, Туркийн нутагт тэнгисийн эрэг хавиас олдсон таван настай хүүгийн цогцос үндсээр нь өөрчилсөн билээ. Далайн эрэг дээр хэвтэж байгаа хүүгийн зураг дэлхий даяар цацагдсан нь цагаачдад хандах хандлагыг ихээхэн зөөллөсөн хэмээн дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Нөгөө талаасаа цагаачдын энэ урсгал Европ тивийн улс орнуудын иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэнийг Парист болсон цуврал алан хядах ажиллагаа харуулав. Уг алан хядлагыг үйлдсэн зарим хүн цагаачдын дунд орж Европ тивд хөл тавьсан нь тодорхой болсон юм.

14.ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТУУД

2015 оны долдугаар сарын 8-10-нд Оросын Холбооны Улсын Башкир улсын нийслэл Уфа хотод БРИКС-ын орнуудын долоо дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болов. Үүнтэй бараг нэгэн зэрэг хугацаанд буюу долдугаар сарын 9-10-нд Уфа хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны гишүүн орнуудын уулзалт болов. 2015 оны арваннэгдүгээр сарын 18-19-нд Филиппиний Манила хотод Ази, Номхон далайн орнуудын Эдийн Засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулган болов.

15.АНАГААХ УХААНЫ АМЖИЛТ

Хүний толгойг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон нь орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд томоохон ололт болов. ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург дэх “Акадмик хоспитал”-д толгой шилжүүлэн суулгах мэс засал 19 цаг үргэлжилжээ. Хорт хавдар туссан 36 настай залууд донор болох толгойг залгасан байна. Уг хагалгааг удирдсан доктор Том Довнейн “Бид бүхий л хүчээ дайчилсан. Толгойг шинэ биед залгасан юм. Өвчтөний биеийн байдал хэвийн байна. Тун удахгүй ил шидийг харах болно. Хэдийгээр хагалгааны явцад олон хүндрэл гарч байсан ч бид бууж өгөөгүй” гэжээ. Хорт хавдартай залуугийн донор нь авто ослоор амиа алдсан 21 настай залуу юм байна. Амиа алдсан түүний гэр бүлийнхнээс эмч нар зөвшөөрөл авсны дагуу ийнхүү хагалгааг амжилттай хийсэн аж. Хагалгааны өртөг 11 сая ам.доллар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин