Манай улсад банк дээрэмдэх гэмт хэрэг нэлээн өсөх хандлагатай боллоо. Энэ сард гэхэд хоёр ч удаагийн банкны дээрмийн хэрэг гарч нэг хэргийг одоогоор илрүүлээгүй байгаа юм. Иргэдийн хувьд холливиудын кино хэт их үзсэнээс болж ийм тэнэг үйлдэл гаргалаа гэх нэг нь байхад эдийн засаг хямарсан үед иргэд ийм сонголт хийж байна шүү дээ гэх хүмүүс байна. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл байгаа байх. Гэхдээ банкны хамгаалалт муу байгааг дээрх хэргүүдээс харж болно. 2004 оноос хойших банк дээрэмдсэн хэргүүдийг харахад дээрэмдүүлээгүй банк бараг л байхгүй. Иймд банкны салбарынхан ажилчдынхаа аюулгүй байдал, хамгаалтаа чангатгах хэрэгтэйг доорх хэргүүдээс харж болно.

Өмнө нь зэвсэглэн банкинд халдсан хэргүүдийн зарим нь илэрч, цөөнгүй хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдолгүй хавтаст хэрэг нь түдгэлзүүлсэн хэргийн жагсаалтад орчихсон явж байгаа.

Тухайлбал, 2004-2005 оны үед “Анод” банкны “ТБД Андууд” дэлгүүрийн дэргэдэх салбарт зэвсэглэсэн этгээд халдаж, хамгаалагчийг нь шархдуулаад 125 сая төгрөг дээрэмдэн зугтсан юм. Уг хэргийг одоо хүртэл илрүүлж чадаагүй. Одоогоос хоёр жилийн өмнө “Голомт” банкин дахь хадгаламжаасаа мөнгө аваад гарч явсан хүнийг тоосгоор цохиж дээрэмдсэн.

Гэмт этгээдийг баривчлах үед тэрбээр бараг л бүх мөнгийг нь үрчихсэн, хадамдаа машин, өөрөө байр, машин авсан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар тэднийг хурааж авсан.

Налайх дүүрэгт байрлах “ХААН” банкны салбарт 2012 оны хоёрдугаар сарын 3-нд галт зэвсэгтэй этгээд орж, хоёр иргэнийг буудаж гэмтээсэн гэмт хэрэг гарсан.

“Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарт томоохон буу барьсан эмэгтэй 2013 оны хоёрдугаар сарын 3-нд халдаж, теллерийн дэргэд өрөөстэй байсан мөнгөнөөс гурван сая авч зугтахдаа хоёр боодлыг нь унаган сая төгрөгтэй гарсан. Хэд хоногийн дараа уг эмэгтэйг олж саатуулсан юм.

Түүнээс хойш нэг хэсэг банкинд халдсан гэмт хэрэг харьцангуй гарахгүй байсан ч энэ оны гуравдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд мөн л зэвсэглэсэн этгээд халдаж, мөнгө авч зугтсан ч хамгаалагч нь хойноос нь гүйж цүнхнээс нь барьж авснаар гэмт этгээд баригдалгүй, банк хохиролгүй үлдэж байсан юм.

Тэгвэл энэ сарын 12-ны 10.00 цагийн үед Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төвд зэвлэгсэн этгүүдэд халдаж 380 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг ах дүү болох Э, Б залуус хийсэн бөгөөд ихээхэн хэмжээни өрөнд орсон тул банк дээрэмдэхээр болсон хэмээн мэдүүлсэн юм.

Энэ сарын 24-нд 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт байрлах “Капитал” банкны салбарт 180 см орчим өндөртэй 25-30 орчим насны эрэгтэй халдаж 14 сая орчим төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийн эзнийг одоо хүртэл цагдаагийн байгууллага илрүүлээгүй байгаа юм.

Дээрх хэргүүдийг харж байхад банкны хамгаалалт чанга аюулгүй байдлаа сайн хангасан бол дээрх хэргүүд гарахгүй байх үндэслэл харагдаж байгаа юм. Иймд ирэх онд банкууд өөрсдийн аюулгүй байдлаа сайн хангаж, энэ талаараа сурталчилгаа явуулж иргэдэд таниулах юм бол гэмт хэрэг үйлдэх гэж байгаа нэг ч хүнийг зогсоож болох юм.

Т.Буянаа