Дарханы төмөрлөгийн үйлдвэр анх 1993 онд байгуулагдаж байсан түүхтэй билээ. Харин 2014 онд концессийн гэрээгээр хувьд шилжүүлсэн юм. Тодруулбал энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхийн тулд улс 2010 онд QSC компанитай гэрээ байгуулсан байдаг.

Харин Эдийн засгийн хөгжлийн яам 2012 онд байгуулагдаад концессын жагсаалтыг шинэчлэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үүнд мөн багтаасан юм. Тиймээс уг үйлдвэрийг QSC компанид эзэмшүүлэх гэрээг 2014 оны дөрөвдүгээр сард байгуулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл QSC компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, хувийн эзэмшилдээ шилжүүлэн авчээ.

Ийнхүү хувьд шилжсэн цагаас эхлэн санхүүгийн асуудалд орж байгаа гэдгийг үйлдвэрийн ажилчид хэлж байгаа юм. Тэгвэл үйл ажиллагааны түүхэндээ сул зогсолт хийж байгаагүй уг үйлдвэр өнгөрсөн оны сүүлээс эхлэн үйл ажиллагаагаа хаажээ. Үүнийг компанийн удирдлагууд ажилчиддаа тайлбарлахдаа шинэчлэн сайжруулах ажил байгаа. Тиймээс өвлийн сул зогсолт хийж байна. Ирэх гуравдугаар сард ажиллаж эхэлнэ гэж тайлбарлсан аж.

Уг нь QSC компанитай 20 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувьчлуулсан бөгөөд гэрээнд тусгахдаа ямарч нөхцөлд үйл ажиллагааг нь зогсоохгүй гэж заажээ. Харин энэ талаар Аж үйлдвэрийн яам ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэж байгаа юм байна. Гэхдээ Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид нэрээ нууцлан “дампуурч магадгүй гэсэн айдастай байгаа” гэдгээ хэлсэн юм. Монголын саалийн үнээ гэгддэг уг байгууллага ийнхүү хувийн хэвшилд очиж, сул зогсолт хийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүй зүйлийг харууллаа.

Н.Ганаа