Булган аймгийн Рашаант сумын дунд сургуулийн багш хүүхдийн гарыг халуун будаагаар түлсэн гэх мэдээлэл өнөөдөр олон сайтаар цацагдсан билээ.

Энэ талаарх зарим зүйлийг тус сургуулийн захирал П.Сийлэгмаагаас тодрууллаа

-Хүүхдийн гар түлсэн хэргээр нэг багшийг ажлаас нь халсан байгаа юм уу?

-Ажлаас нь халсан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад ажлаас халдаг нь буруу л юм шиг байна. Хүүхдийн гар түлсэн гэдэг эцэг эхийнх нь гомдолын дагуу эрүүгийн хэрэг үүсгээд багшийг шалгаж байгаа. Мөн аймгийн Боловсролын газраас манай сургуульд шалгалт ирээд, эл асуудлаас болоод түүнийг ажлаас халчихсан. Уг нь хэвлэлээр бичээд байгаа шиг тийм зүйл болоогүй, гаран дээр нь будаа асгаж, түлээгүй юм. Гэтэл түлээгүй ч байсан хүүхдийн биед хүрсэн загнасан л бол ингэх ёстой гээд аймгийн Боловсролын газар арга хэмжээ авчихаж байгаа юм.

-Тэгвэл будаагаар түлсэн нь худал болж таарав уу?

-Тухайн өдөр үдийн цайнд будаатай шөл орсон. Багш бүх хүүхдэд хоолыг нь хийж өгөөд нөгөө охин аягагүй ирсэн болохоор нь гар дээр чинь хийж өгнө шүү гээд айлгах санаатай халбагатай шөлөө бариад зогсож байтал нэг хүүхэд тохойнд нь хүрээд асгуулчихсан байгаа юм. Багшийн тохойд хүрсэн хүү ч би санамсаргүй асгуулсан гэдгээ хэлдэг юм. Мөн шинжилгээгээр түлэгдэлтийн зэрэггүй гэж гарсан байгаа.

-Хэдэн жил ажиллаж байгаа ямаp багш вэ?

-Долоо дахь жилдээ багшилж байгаа өөрөө хоёр хүүхэдтэй их даруухан, төлөв төвшин эмэгтэй багш байгаа. Би гар дээр нь асгаагүй, хүүхэд миний тохойнд хүрчихсэн байхгүй юу гээл уйлаад байна. Гэтэл ажлаас нь халчихсан байдалтай л байна.

-Нэгдүгээр ангийн хүүхэд гэдэг үнэн үү?

-Гуравдугаар ангийн эмэгтэй хүүхэд байгаа. Эцэг эх нь гомдол гаргасан болохооор эл хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.

Н.Ганаа