УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 90.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтот хэсэгт хүргэхээр болж, төсвөө батлуулж байсан. Харин хоёр сар орчмын дараагаас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болж, дээрх хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэхдээ 2016 оны төсвийн тодотголыг хамт өргөн мэдүүлээгүй нь дээрх тогтоолыг баталлаа ч хуулиа давахгүй гэж үзэх гишүүн цөөнгүй байв.

Учир нь төсөвт хүүхдийн мөнгө шаардлагатай 1-17 бүлгийн өрхийн хүүхдэд зориулж 144 тэрбумыг л тусгасан. Гэвч энэ нь олон хүний шүүмжлэлтэй тулгарсан. Иймд Засгийн газраас бүх хүүхдэд 20 мянгыг үргэлжлүүлэн өгөхөөр ийнхүү төсөл боловсруулсан юм. Гэтэл төсөвт бүх хүүхдэд өмнөх жишгийн дагуу олгох эх үүсвэрийг суулгаагүй.

Энэ талаар өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хүүхдийн мөнгийг тогтвортой, ямар нэгэн чирэгдэлгүй олгож ирсэн бөгөөд цаашид хүүхдийн мөнгө хуулиар тогтоосон хугацаанд хэвийн олгогдоно гэдгийг онцлов. Одоогийн байгаа төсвөөр бол ирэх наймдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгох боломжтой.

Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор шийдэх асуудлыг зохицуулсан зохицуулалт бэлэн гэнэ. Тодруулбал, УИХ-аас баталсан 2015 оны 103 дугаар тогтоолд хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор зохицуулахыг Ерөнхий сайдад даалгасан заалт тусгасан байдаг.

Энэ талаар Сангийн сайд Б.Болорын хэлж байгаагаар бол хүүхдийн мөнгөний нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс олгох тооцоолол хийгдэж байгаа учир одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Харин одоо байгаа эх үүсвэрээсээ хүүхэд бүрт мөнгөө олгоод явж байх хэрэгтэй. Ямартай ч хүүхдийн мөнгө олгох асуудалтай холбогдуулан төсвийн тодотгол гарцаагүй орж ирнэ гэсэн юм. Ингэхээр өмнөх жишгийн дагуу олговол 100 орчим тэрбумын эх үүсвэрийн асуудал гарч ирэх юм. Уг мөнгийг ирэх сонгуулиар ялсан намын Ерөнхий сайд тодотгож өгөх эсэх ирэх наймдугаар сар хүртэл хүлээстэй байх нээ.

Т.Буянаа