Эх орондоо болж өндөрлөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төрд Сонгуулийн чимээнээр намаа сольж, урваж шарвах явдал цөөнгүй гардаг. Тэгвэл энэ удаад Д.Тэрбишдагва уг жасгаалтад орохоор зэхэж буй тухай дуулдав.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа гүйцэтгэх товчоонд албан ёсоор гаргасан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадад яваа тул түүнд хариу өгөөгүй байгаа юм байна. Энэ ч байтугай намаас хүртэл гарах гэнэ.

Уг нь АН, МАН хоёр ирэх сонгуульд ирээдүйгүй байгаа бөгөөд МАХН хүчирхэгжиж, сонгуулиар нэлээд том ялалт байгуулж болзошгүй тул эрх баригч намаас МАХН-ыг хөнөөх олон ажил хийж байгаа юм билээ. Тэгвэл олон янзын арга сэдэн хар пиар хийж, бие биенийхээ толгой дээр гишгэлэн өгсөхөөр зэхэж, Н.Энхбаярыг унагах ажиллагаа эхэлсэн хүнд үеийг далимдуулан Д.Тэрбишдагва дээш гарахаар ийн шийдсэн бололтой.

Гацууртын орд: Дампуурсан компанийг аврахаар Засгийн газар сэтгэл шулуудлаа

Энэ сарын 14-нд УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийв.

Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон гэдэг. Харин хөрөнгө “Сентерра гоулд Монголиа” компани нь 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө, 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Гэвч манай улс газар шороогоо ухуулж дөнхүүлчихээд эцэстээ юутай үлдэх вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох хэрэгтэй. Энэ ордыг ашиглахыг анх яригдсан цагаас нь эхэлж зарим гишүүд эсэргүүцэж байсан билээ. Өчигдөр ч тэд өөрсдийн байр сууриа илэрхийлж татгалзсан кнопыг дарсан юм. Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц. Даваасүрэн, Г.Уянга, Н.Батбаяр нар эсэргүүцэв. Тэд Гацууртын голын хүнцэлийн агууламж өндөр байгаа асуудлыг хөндсөн юм. Хүнцэл бол маш аюултай бодис. Энэ хортой бодис гар худагнаас, цаашлаад гүний худагнаас хүртэл илэрч байна. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үнэхээр хүнд байдалд орно гэдгийг онцлон хэллээ.

Гэвч 57.7 хувийн саналаар дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Д.Дэмбэрэл "ЗГ-ийг юу ч гэж хуурч мэднэ, итгэхгүй байгаа учраас дэмжихгүй"

 

 

 

Г.Уянга "Дампуурсан компанийг аврахын тулд Гацууртын ордын асуудлыг Засгийн газар лобидож оруулж ирж байгаад харамсаж байна"

 

"Гурван жилдээ ажилтай ч 30 жилдээ мөнгөн ус, химийн хорт бодисны хордлоготой, хорт хавдартай үлдэнэ"

Байгаль орчны хуульчдын холбоо, иргэний хөдөлгөөнийхөн зэрэг олон хүн уг ордыг ашиглуулахыг эсэргүүцэж байгаа билээ. Тэд өөрсдийн байр сууриа "Монголын төр нэг уулыг тусгай хамгаалалтанд аваад, хүн оруулахгүй байж чадахгүй болчлоо гэж үү. Тэр төмөр зам барих 10 мянган цэргээсээ 100 цэрэг аваачаад асуудлыг шийдэж болохгүй байв уу? Нинжа нарыг оруулж, хүний амь нас хохироход хүргэсэн нь тусгай зохион байгуулалттай үйлдэл байлаа. Энэ бол Монголын байгалийн баялаг, газар нутгийг гадныханд өгөх гэсэн хорт төлөвлөгөөний нэг л хэсэг байлаа. Эх орончдыг "цээжээ дэлдсэн" гэж гутааж, "эх оронч үзэл гэдэг бол адгийн новшнуудын сүүлчийн хоргодох байр" гэсэн хуурамч суртал явуулж, эх орноо хайрлах гэдэг бол шившигтэй ичгүүртэй зүйл мэтээр залуусын толгойг угаасаар ирлээ.

Нийгэмд нэлээдгүй хүлээлт үүсгэж мөн багагүй тоглолт хийгээд байгаа сэдэв бол Хүүхдийн мөнгө. Нийгмийн халамжийн ажилтнууд өөр өөр мэдээлэл өгч байгаа энэ цаг үед улсын төсөвт тодотгол хийхгүй бол хүүхдийн мөнгө багасах асуудал хүртэл яригдаж эхэллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан: Төсөвт тодотгол хийлгүйгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэвэл нэг хүүхдэд очих мөнгөний хэмжээ багасна гэсэн үг. Энэ оны төсөв батлахад хүүхдийн мөнгөнд зориулсан 144 тэрбум төгрөг төсөвлөснийг нийт хүүхэддээ хувааж өгөх болно. Тэгэхээр cap бүр олгодог 20000 төгрөг багасна гэсэн үг. 110 орчим тэрбум төгрөг нэмж баталж байж бүх хүүдэд cap бүр 20000 төгрөг олгох боломжтой болно. Төсвийг бүтэн жилээр нь баталдаг. Тэгэхээр жилийн хугацаандаа хүчинтэй. Түүнээс жилээр баталчихсан төсвийг зургаан сард нь зарцуулчихаад үлдсэн зургаан сард нь юу ч үгүй байна гэж байхгүй. Батлагдсан мөнгө нь 144 тэрбум төгрөг, хүүхэд бүрт олгоно гэхээр нэг хүүхдэд очих мөнгөний хэмжээ багахаас өөр арга байхгүй. Хэрвээ нэг хүүхдэд очих мөнгөө багасгахгүй гэвэл санхүүжилтээ нэмэх ёстой. Санхүүжилтээ нэмэхийн тулд тодотгол хийх хэрэгтэй. Ийм л хоёр арга зам байна. Засгийн газар бол ямар ч хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг шийдүүлье л гэсэн. Энэ нь Төсвийн хуулиар батлагдсан мөнгөө хүүхдүүддээ хуваагаад өгье гэсэн санаа. Нөгөө талаасаа Засгийн газар орлого нэмэгдүүлэх боломж байхгүй гээд байгаа. Тэгэхээр аль ч талаа бодсон батлагдсан санхүүжилтэндээ багтааж хүүхдийн мөнгөө өгнө гэж Засгийн газар танилцуулаад байна. Үзэл баримтлалдаа ч тэгээд биччихсэн. Тиймээс бүтэн жилдээ багтаад, 144 тэрбумаа хүүхдийн тоондоо хувааж өгнө гэж бодож байна. Хоёрдугаарт тогтоол батлагдангуут хэрэгжиж чадахгүй. Яагаад гэвэл хууль давдаг тогтоол байхгүй. Тэртэй тэргүй тодотгол хийсний дараа тогтоол хэрэгжинэ. Тэгэхээр 2016 оны төсвийн тодотгалтой цуг цогцоор хэлэлцэж байж хуульд нийцнэ. Өөр арга байхгүй.

Талийгаач Т.Лхагвасүмбэрэл живж нас барсан гэсэн шинжилгээний хариу гарчээ

"Дэлхийн Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амиа алдсан талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог "2015.11.05-ны өдөр түүнийг алга боллоо гэсэн мэдээлэл ар гэрийнхэнээс нь ирүүлсэн. Ингээд 2015.11.11-ний өдөр түүний машиныг олсон. Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан.

Автомашины үзлэгээр хоёр гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас, 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Түүнийг живэлтийн улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжилгээний хариу гарсан.

Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байна" гэлээ.

Эдийн засагт таатай мэдээ байна. Бодлогын хүүг нэг хувиар буурууллаа. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар мөнгөний Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ.

Бодлогын шийдвэр нь өнөөдрөөс буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа, цаашид ч нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй гэж үзсэн нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгаа юм байна.

Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна гэж зөвлөлөөс дүгнэсэн байна.

Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм.

 

 

Шинийн дөрвөн хүртэл бүх нийтээрээ амарна. Энэ жилийн Сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.
Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 9-ний Мягмар гарагт тохиож байгаа юм. Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-11-нд үргэлжилж, 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглана.

2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2-нд амардаг байсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1, 2, 3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн Цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.

Урлагийнхан ар араасаа бие даасан тоглолтоо хийсээр байна. Энэ удаад Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон Увертура хамтлаг "Надад үлдсэн найз" мюзиклээ гурван өдөр тоглохоор товоо зарлав. "Улсын драмын эрдмийн театр"-ын тайзнаа болох тус мюзиклийн зохиолчоор "Милл" кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцоно.