50 гаруй жилийн түүхтэй монгол улсын үндэсний томоохон үйлдвэр “Сүү” ХХК нь байгуулагдсан цагаас нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн. Хагас зууны туршид нь хэрэглэгчдэдээ зөвхөн экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилго болгодог хэмээн сүржин рекламдах тус компани хэрэглэчидээ хохироож байна.

Учир юу гэвэл тус компаний 1 литрийн “Миний Монголын Сүү” бүтээгдэхүүн хэмжээндээ хүрдэггүй дутуу байдаг юм байна. Энэ талаар нэгэн хэрэглэгч цахим хуудаснаа нийтэлж баримт нотолгоотой зураг хүртэл дэлгэв.

Өмнө нь ч бас энэ талаар нэгэн хэрэглэгч дэлгэж Мэргэжлийн хяналтад хандаж байсан. Харин “Сүү” ХХК энэ талаар “Хүний гар оролцох боломжгүй, 1000 мл-ээр савлах тохиргоотойг хянах самбараас харж болно” хэмээн үйлдвэр дээрээ бичлэг хийн тайлбарласан байдаг.

Гэсэн ч энэ үйлдэл ганц нэгээр тогтоогүй бололтой. Олон хэрэглэгчид энэхүү мэдээлэл гарсны дараа хэмжиж үзсэн байдаг бөгөөд “Сүү” ХХК-ны бараг бүх сүү 1 литртээ огтхон ч хүрдэггүй юм байна. Өдөрт 30-40 тонн сүү боловсруулж иргэдэд хүргэдэг тус компани хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг юм. Бид ихэвчлэн савалгаатай бүтээгдэхүүнийг савтай чигээр нь хэрэглэдэг учраас хэмжиж үздэггүй.

Энэ байдлыг “Сүү” ХХК овжиноор ашиглаж хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсаар байгаа нь харамсалтай. Энэ асуудалд мэргэжлийн хяналтынхан, албаны хүмүүс анхаарлаа хандуулаасай.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

suudutuu