Хүний нутагт ажиллаж, хэдэн төгрөг цуглуулан Монголдоо ирж сайхан амьдрах чин сэтгэлтэй явсан ч нөхөр, хадам ээж нь залилан орон байр, мөнгө төгрөггүй болгожээ. 10-аад жил хамтран амьдарч, жаргал зовлонгоо хуваалцан бяцхан охины эцэг эх болчихоод гудманд хөөж гаргасан нөхөр, хадам ээжтэйгээ шүүхээр заргалдаж буй М.Зулгэрэл манай сонинд хандсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Та ямар учраас манай сонинд хандсан юм бэ. Эхнээс нь тодорхой яриач?

-Би 2002 онд АНУ руу ажил хийж амьдралаа сайжруулахаар явсан. Тэнд байхдаа Б.Цогтбаяртай танилцаж, хамтран амьдраад хүүхэдтэй болсон. Хоёулаа ажил хийж, цалингаа цуглуулаад байр авахуулахаар Монгол руу Б.Цогтбаярын ээж Ө.Мөнхтуяад мөнгөө явуулж байсан юм. Тухайн үед Ө.Мөнхтуяа утсаар ярихдаа өөртөө, манайд, Б.Ганболд хүүгийнхээ нэр дээр гурван байр зээлээр авч байна, мөнгө төгрөгөө явуулаарай гэсэн. Бид хоёр ярилцаад эх орондоо буцаад очиход орон байртай байх нь зөв гээд сар бүр мөнгө явуулж байсан. Нийтдээ 50 гаруй мянган ам.доллар дундаасаа явуулсан. Манай хүн нэг л ажил хийнэ. Харин би жижиг, сажиг 2-3 ажил зэрэг хийдэг байсан.

Охиноо төрүүлчихээд нялхад нь Монгол руу ээждээ өгч явуулаад, гурван нас хүрэхээр нь буцаагаад авсан юм. Тэгээд 2012 онд охин маань сургуульд орох болоод эх орондоо очиж амьдаръя гэж ярилцаад эхлээд охин бид хоёр Монголдоо ирсэн. Б.Цогтбаяр нэг жил ажиллаад араас ирэхээр болсон. Ирээд байрандаа орох гэтэл хадам ээж Ө.Мөнхтуяад ямар ч байр байгаагүй. Бид хоёрт авсан байраа зарчихсан гэсэн. Байрыг маань зарсан юм бол ядаж мөнгөө авъя гэтэл байхгүй гэсэн. Тэгээд аргагүйн эрхэнд би охинтойгоо ээжийндээ амьдарч байтал 2013 онд Б.Цогтбаяр ирсэн. Бид гурав манай ээжийнд дөрвөн сар амьдарсны эцэст Ө.Мөнхтуяа дунд хүүгийнхээ амьдарч байсан байранд бид гурвыг оруулсан.

-Тэр байрандаа хэр удаан амьдарсан юм бэ. Юунаас болоод салчихав?

-Намайг Монголд ирснээс хойш нэг жилийн хугацаанд нөхөр болох Б.Цогтбаяр АНУ-д өөр хүүхэнтэй хамтран амьдарч байсан юм билээ. Тэнд байдаг таньдаг хүмүүс хэлж байсан ч би өөрийн нүдээр хараагүй юм чинь гээд тоогоогүй.

Гэтэл охин бид хоёр дээр ирээд ч олигтой байгаагүй. Өөр хүүхнүүдтэй орооцолдоод, архи дарс уугаад, ааш зан нь хувираад сүүлдээ зоддог болсон. Намайг зоддог нь багадаад охин руугаа индүү, индүүний тавиур шидэж, зодох гэж дайрдаг болсон. Тэгээд аргаа бараад нэг шөнө цагдаа дуудаад өгсөн. Түүнээс өмнө зөндөө л зодуулж бэртэж гэмтэн, толгойгоо бариулж, зургийг нь авахуулж байсан. Бүр хорооны цагдаад хэлж захиргааны хариуцлагаар торгуулж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн түвшин тогтоолгож байсан акт ч бий. Гэтэл ээж Ө.Мөнхтуяа нь өглөө ирээд миний хүүхдийг цагдаад барьж өгсөн гээд намайг охинтой минь хамт хөөж гаргаад, хоёр өрөө байрны эд хогшил, хувцас хунар, хийх гэж байсан хоол хүнсийг хүртэл гаргаж хаясан. Тэгээд л ээжийндээ нүүж очсон доо. Түүнээс хойш долоон сар өнгөрөхөд охин бид хоёрт орон гэр, мөнгө төгрөг юу ч өгөөгүй.

-Та ямар шалтгаанаар шүүхэд хандав. Анхан шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?

-Би 10-аад жил хүний нутагт ажиллаж, зовж зүдэрч олж цуглуулсан мөнгөө энэ хүмүүст дээрэмдүүлсэн учраас гомдлоо барагдуулах гэж шүүхэд хандсан. Гэтэл ХУД-ийн анхан шатны шүүх 3-4 удаа хойшлуулсны эцэст шүүх хурал болоход Д.Энхцэцэг шүүгч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.

Би АНУ-д олж байсан мөнгө, цалин хөлсөө нотлох баримтаар, хүн амын орлогын албан татвараа сүүлийн таван жил төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн хувь хүнээр мөнгө явуулж, түүнийг Ө.Мөнхтуяа очиж авдаг байснаа гэрчлүүлж мэдүүлэг өгүүлсэн. Гэтэл хариуцагч Б.Цогтбаярын талаас нэг ширхэг ч орлогын баримт гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Байр авахаар явуулсан 47 мянган ам.доллараас гадна Б.Цогтбаяр бид хоёр дундаасаа хоёр машин наашаа ачуулсан. Тэр мөнгө бидэнд ирээгүй. Бүр манай нагац эгчийг хүртэл мөнгө авсан гэж худал мэдүүлэг өгч, хуурамч баримт барьж ирсэн. Тэрийг нь гэрчилж шүүх дээр хамаатны охин нь мэдүүлэг өгсөн. Шүүх хурлын дараа нөгөө охин над руу утасдаад “Зулгэрэл эгчээ намайг уучлаарай. Мөнхтуяа эгч намайг хүчээр мэдүүлэг өгүүлсэн шүү” гэж хэлсэн. Энэ бүх баримт, гэрчийг шүүгч шалгаж, үнэн зөвийг ч тогтоогоогүй.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа юу?

-Давж заалдах гомдол гаргасан, удахгүй шүүх хурлын тов зарлагдах байх. Гол нь би Б.Цогтбаяртай хамтран амьдрах хугацаандаа АНУ-д ажиллаж олсон орлогоо баримтжуулж, Монгол руу 47 мянган ам.доллар явуулж байснаа тогтоолгосон, гэрчийн мэдүүлэг байсаар байтал шүүх бүрэн үнэлээгүй гэсэн үндэслэлээр давж заалдаж байна.

Мөн Б.Цогтбаяр нь АНУ-д орлого олдог байсан эсэх, орлогоосоо мөнгө шилжүүлж байсныг баримтаар нотлоогүй байхад Монгол Улс руу шилжүүлсэн мөнгө нь Б.Цогтбаярын хөрөнгө болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.

Шүүх хуралдааны явцад би CD дээр бичлэг хийсэн. Тэр бичлэгийг үзүүлэх гэтэл шүүхийн танхимд компьютер эвдэрсэн гэдэг шалтгаанаар нотлох баримтыг шинжлэн судлах бололцоо олгоогүй. Энэ бичлэгт Ө.Мөнхтуяа өөрийнхөө амаар “Би М.Зулгэрэлээс мөнгө авсан нь үнэн. Энэ хоёрт байр авсан нь үнэн” гэсэн бичлэг байсан. Бичлэг үзэж чадахгүй учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх зөвшөөрөөгүй.

-Яагаад нөхөр Б.Цогтбаяраас гадна хадам ээж Ө.Мөнхтуяаг хариуцагчаар татсан юм бэ?

-Ө.Мөнхтуяа насаараа өмгөөлөгч хийсэн хүн. Одоо Сүхбаатар дүүрэгт нотариат хийдэг. Б.Цогтбаяр ч эрхзүйч мэргэжилтэй хүн. Хүн үр хүүхдийнхээ төлөө амьдарч, тэднийгээ сайхан амьдруулахыг хүсдэг. Гэтэл Ө.Мөнхтуяа хүүгээ эхнэр, охиноосоо салахыг ятгаж, амьдралд нь оролцож, мөнгө төгрөг, орон гэрийг нь үгүй хийж байна. Хүүгээ бодож байгаа бол ач охиноо ч бодох хэрэгтэй биз дээ. Надаас өмнө нь ч нэг бүсгүйтэй амьдарч байтал ээж нь салгасан юм билээ. Ер нь Б.Цогтбаяр ээжийнхээ үгээр амьдардаг хүн. Тэгээд ч АНУ-аас мөнгөө Ө.Мөнхтуяа руу л шилжүүлж байсан учраас хариуцагчаар татсан.

Б.Цогтбаяр охинтойгоо бараг холбоогүй. Маш цөөн уулздаг. Сургуулийнх нь төлбөрийг төлдөг ч энэ жилийнхийг төлөхдөө манай өмгөөлөгчид охиныхоо сургуулийн төлбөрөөр миний мөнгийг төлнө гэж хэлсэн байсан. Хүний эцэг хүн үр хүүхдийнхээ төлбөрийг төлөх үүрэгтэй гэдгээ ухамсарлахгүй, түүнийгээ надаас авсан мөнгөнийхөө оронд өгнө гэж байгаа нь ямар хүмүүс вэ гэдгийг харуулж байгаа юм.

-Одоо охинтойгоо хаана, яаж амьдарч байна даа?

-Бид хоёр ээжтэйгээ амьдарч байна. Ээж маань бие муутай, тэтгэвэрт байдаг хүн бий. Би тодорхой хийсэн ажилгүй. Б.Цогтбаяр охиндоо хувцас хунар, бэлэг сэлт авч өгдөггүй. Өнгөрсөн шинэ жилээр л нэг бэлэг өгсөн. Гэхдээ би тэр хүнтэй хамтран амьдарсан, хүүхдийг нь гаргасан гээд орон байр, мөнгө нэхээд байгаа юм биш. Би өөрийнхөө ажиллаж олсон мөнгөө л буцааж авахыг хүсч байгаа. Би охиноо л орон гэртэй болгомоор байна.

Гэтэл надад орон байр байтугай нэг ч төгрөг өгөхгүй гэдэг. Өөрөө л надаас анх сална гээд явсан хүн. Анхнаасаа бодлоготойгоор мөнгийг маань авах зорилготой байсан юм билээ. “Намайг өвчтэй ганц ээжтэй ядуу хүүхэн, чамайг өмгөөлөх хүн байхгүй. Би өмгөөлөгч хүн, чамд юу ч өгөхгүй” гэж заналхийлдэг байсан.

-Охин нь энэ бүхнийг хэрхэн хүлээж авч байна. Сэтгэл санаа нь ямар байна?

-Охин маань одоо 10 настай. Бүхнийг ойлгож мэдэж байгаа. Бид хоёрыг салсны дараа охин аавыгаа санаад бэтгэрээд бөөстсөн. Хүүхэд ч гэлээ ээжийнхээ, эмээгийнхээ санааг зовоохгүй гээд сэтгэл доторх зүйлээ ярьдаггүй юм байна.

Зурагтаар аав ээжтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа хүүхдүүдийг харахаараа, тийм кино гарахаар охины минь нулимс нь цийлэгнээд босоод явчихдаг. Хөөрхий минь дотроо их шаналдаг биз. Хэдий надаас салсан ч охинтойгоо утсаар яриад, уулзаад явж болно доо. Үр хүүхдээ бодох сэтгэлгүй хүн юм. Өнөөгийн нийгэмд надтай адилхан ийм асуудалтай эмэгтэйчүүд байдаг байх. Тиймээс залуу охид бүсгүйчүүдэд хандаж сэрэмжлүүлэх, анхааруулахыг хүсч танай сонинд ярилцлааг өгч байна. Хүнээ сайн таньж суугаарай, мөнгө төгрөгний асуудалд хариуцлагатай байх ёстой юм байна шүү. Хэдий нөхөр, хадам байлаа ч мөнгө төгрөгний асуудалд болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин