НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжээд 17 хонож байна. Иргэн, аж ахуйн нэгж, худалдан авсан бара бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болж байгаа билээ. НӨАТ-ын урамшуулалын анхны сугалаа өнөөдөр болох юм. Орон даяар Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр 19.30 цагт шууд дамжуулахаар болсныг Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн.

Энэ удаагийн НӨАТ-ын урамшуулалын сугалааны шагналын сан 158 сая төгрөг бөгөөд нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар сугалаанд оролцох боломжтой юм байна. Ойролцоогоор нэг сая гаруй баримт бүртгэгдсэн байна.

НӨАТ-ын урамшуулалын сугалааны дугаар нь латин хоёр үсэг найман оронтой тооноос бүрдэж байгаа бөгөөд сугалааны хонжворыг сүүлийн орноос эхлэн тодруулна. Тодруулбал, сүүлийн гурван орон тоо таарвал 20 мянган төгрөг, дөрвөн орон тоо таарвал 100 мянга гэх мэтээр найман орон таарвал 100 сая төгрөг хожих юм. Хэрвээ супер азтан тухайн үед шалгараагүй бол дараагийн сард 150 сая төгрөг болж өснө. Эхний сугалаан дээр хожоогүй хэмээн баримтаа хаяж болохгүй бөгөөд жилийн эцсээр супер тохиролд оролцох эрхтэй аж.

Сугалааны хонжвор таарсан мөнгө тухайн иргэний данс руу автоматаар шилжинэ. Иргэн, аж ахуй нэгж баримтаа гурван сарын дотор www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх хэрэгтэйг албаныхан сануулсан.

НӨАТ-ын урамшуулалын сугалааг энэ онд сард хоёр удаа зохион байгуулахаар болсон бөгөөд энэ жил нийтдээ 18 удаа сугалаа явуулах гэнэ. Нийт сугалааны сан 22 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа юм.

Т.Буянаа