Дөрвөн ес эхэлсэн энэ үед автомашины хулчлага дээрэмдэх хэрэг ихсэх болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг нэлээд хэд гарсны дотор автомашин дээрэмдэх, хучлага хулгайлах хэрэг нэлээд гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийн дуудлага өвлийн цагт байнга ирдэг тул хорооны цагдаа нар хучлагатай автомашин дээр дугаарыг нь бичих арга хэмжээг нэлээдгүй хийсэн. Гэвч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.

Энэ сарын 16-нд Баянгол дүүргийн Богд-Ар хороололд оршин суух 43 настай эрэгтэйн “Toyota Rav-4” автомашины хучлагыг Сэлэнгэ аймгийн харьяат иргэн согтуу үедээ хулгайлж байгаад баригдсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид 15 настай эрэгтэй хүүхэд бусадтай бүлэглэн “Тоуота рrius-20” автомашины хучлагыг хулгайлсан байсныг илрүүлжээ.

Жолооч та автомашиныхаа хучлага дээр өөрийн улсын дугаараа бичсэн тохиолдолд таны хучлагыг хэн нэгэнд зарах боломжгүй. Мөн жолооч та хулгайн хучлага авсан тохиолдолд гэмт хэрэгтэн болно гэдгийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн анхааруулав.

Автомашины хучлагаас гадна дээрмийн хэрэг цөөнгүй гарсан байна. Тодруулбал Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 42а байрны гадна байсан Toyota Land Круйзер-80 маркийн автомашины зүүн хойд талын жижиг толь, Toyota Prius-20 маркийн автомашины зүүн хойд талын том цонхийг хагалж дотор нь байсан эд зүйлсийг хулгайлсан байсныг илрүүлжээ. Мөн 16 настай эрэгтэй хүүхэд бусадтай бүлэглэн “Subaru Impreza“ автомашинаас “Samsung S-4” гар утас, “Casio” бугуйн цаг, биеийн тамирын хувцас, пүүз зэргийг хулгайлсан байсныг илрүүлсэн байна. Сүүлийн үед гэмт этгээдүүд фэйсбүүкийн автомашин эзэмшигчдийн группэд нэгдэж, тийм машины эд зүйл авах зарыг харж байгаад хулгай хийж зардаг тохиолдол гарах болсон.

Тэгвэл энэ сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 40-р гудамжинд байсан “Toyota Ranner” автомашины их гэрлийг 16 настай эрэгтэй бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлжээ. Иймд жолооч та бүхэн автомашины эд зүйлс авах гэж байгаа бол хувь хүнээс биш аж ахуйн нэгжээс авах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд өөрсдөө хохирч, цаашлаад хариуцлага хүлээнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулан хэлэв.

Т.Буянаа