Д.ЖАВХЛАН

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн билээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн “Хөх чоно” клубын тамирчин, ОУХМ Б.Содгэрэлийг рингний шүүгч хассанаар тамирчин, дасгалжуулагч, шүүгч, үзэгчдийн дунд багагүй маргаан гарсан. Энэ талаар Б.Содгэрэл хэвлэлд анх удаа ярилцлага өгснийг хүргэж байна.

-Та яг юунаас болж шүүгчтэй гар зөрүүлэх болов?

-УАШТ-ий мөнгөн медалийн төлөө “Алдар”-ын Н.Шинэбаяртай хүч үзсэн. Тэр зугтаж, нэг бол зуурч тулалддаг онцлогтой боксчин л доо. Түүний тэврэлтээс салах гэж байдаг хүчээ шавхан зүтгэтэл рингний шүүгч М.Отгонбаатар намайг мөргөсөн хэмээн тулааныг зогсоосон. Үүгээр зогсохгүй завсарлагааны үеэр намайг элдвээр шүүмжлэн бухимдуулсан. Би бухимдлаа барьж дийлэлгүй М.Отгонбаатарыг түлхтэл түүнээс архи үнэртэнэ лээ. Олимпийн жилийн УАШТ-ий медалийн тулаанд согтуу шүүгч рингэнд гаргаж байна шүү дээ. М.Отгонбаатар саяхныг хүртэл “Алдар” спорт хорооны тамирчин байсан. Миний өрсөлдөгч Н.Шинэбаяр “Алдар”-ын тамирчин гээд бодохоор согтуу шүүгч хэний талд ажиллах нь ойлгомжтой. Тэмцээний ерөнхий шүүгч Ганхуяг сугалаа болон рингний шүүгч томилохдоо л алдаа гаргасан. Би эд нарт олон жил даруулж яваа хүн.

-Шүүгч таныг өрсөлдөгчөө мөргөсөн гэж тэмцээнээс хассан?

-Н.Шинэбаярыг мөргөсөн юм бол байхгүй. Хэрэв тэгсэн бол толгойгоо бариад бөөн юм болно биз дээ. Шинээ надаас өндөр тул миний үсэрч цохисныг телевизийн нэг талаас авсан бичлэг хүмүүст буруу ойлголт төрүүлж л дээ.


-Та тэгээд М.Отгонбаатарыг согтуу эсэхийг шалгуулсан уу?

-Миний аав Баттөр тэмцээний ерөнхий шүүгч Ганхуягт рингний шүүгчийн архи хэрэглэсэн эсэхийг шалгуулах хүсэлт тавьсан ч тэд шалгаагүй. Би рингнээс буугаад М.Отгонбаатарын амыг үнэрлэх гэхэд тэрээр танхимаас гараад зугтчихсан. Ерөнхий шүүгч Ганхуяг “Бид шүүгчид авах арга хэмжээгээ дараа авна” гээд л өнгөрсөн. Би 2001, 2005 онд улсын аварга болсон. Түүнээс хойш олон луйвардуулсан даа.


-Та бокс тоглохоос гадна шүүгчээр ажилладаг байх аа?

-Шүүгч болоод хоёр жил өнгөрчээ. Уг нь Шинээ бид хоёрын хэн гар хавчсаныг нь шүүгч сануулах ёстой байлаа. Ер нь шүүгч бол хоёр сануулаад гурав дахид нь торгодог дүрэмтэй. Торгосны дараа тухайн үйлдлээ дахин давтвал тэмцээнээс хасч болно. Гэтэл рингний шүүгч тэгсэнгүй, намайг торгох нь байтугай сануулаагүй. Шууд л тэмцээнээс хасчихлаа. Биеэ барилгүй шүүгчийг түлхсэн нь миний буруу л даа.


-Та яагаад шагналын тавцанд гараагүй юм бэ?

-Шагнал гардуулах үеэр ирсэн ч миний нэрийг зарлаагүй. Би амжилт гаргах гэж олон сар хөлс, хөдөлмөр зарцуулж хүрэл медаль хүртэхэд амжилтыг минь үнэлээгүйд л их гайхаж байна. Мөн 2006 оны УАШТ-ий 57 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө ОУХМ З.Энхзоригтой тулалдахад шүүгчид намайг илт луйвардаад зогсохгүй хүрэл медалийг минь өгөөгүй. Би ч гуйж яваагүй. Үүний хариуд тухайн үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди гуай миний өөдөөс харж байгаад “Чи энэ өдрөөс эхлэн олон улсын ганц ч тэмцээн уралдаанд явахгүй. Мөн нэг ч тэмцээнд түрүүлэхгүй” гэж заналтайгаар хэлж байлаа. Боксын хүрээнийхэн дасгалжуулагч Д.Бандийг их зуунги хүн гэж хэлдэг. Үнэн л юм билээ. Түүний хэлснээр би олон улсын тэмцээн уралдаанд явж чадаагүй. Би тухайн үед залуу байж. “Чаддаг юм бол намайг зодох тамирчнаа бэлдчих” гэж хэлж байв. Аав маань аргаа бараад Спорт хороонд хандаж, З.Энхзориг, Б.Содгэрэл нарын дунд сорилт явуулаад хэн ялсныг нь олон улсын тэмцээнд явуулъя гэсэн хүсэлт гаргахад тэд “Содоогийн амжилт үзүүлэх нас нь өнгөрсөн” гэсэн. Тэгэхэд би ид 20 настай байлаа. Мөн намайг мөч богинотой гэж элдвээр гоочилсон. Хөнгөн жинд мөч богино гэж цоллуулсан би өнөөдөр 75 кг-д медалийн болзол хангаж явна.

-Тэмцээний үеэр аав тань Д.Банди багшид нэлээд ширүүн үг хэлэх шиг болно лээ?

-Хүү нь луйвардуулаад рингнээс буухад хэний ч эцэгт яаж сайхан байх билээ. Бухимдсан аав маань индрийн урдуур явж байтал Д.Банди гуай бахдалтай нь аргагүй инээмсэглэн “Баяр хүргэе” гээд гар барих гэсэн байгаа юм. Д.Банди гэдэг хүний намайг зуусан тэр хатуу гар 10 жил өнгөрсөн байхад ч тавигдаагүй гэж бодохоор их харамсч байна. Манайд боксын бээлий өмсч үзээгүй хүн тэмцээн шүүж байна. Ганхуяг гэж хүн рингэнд ялахаасаа илүү ялагдаж байсныг нь хүмүүс мэднэ. Тэгсэн Олон улсын боксын холбооны од хүртэл авчихсан байх юм. Сошиал ертөнцөд шүүгчтэй маргалдсан бичлэгийг спортын олон группт тавьсан байна лээ. Энэ бол холбооноос зохион байгуулалттайгаар хийсэн зүйл гэж бодож байна. Олонд үзэн ядуулаад дараа нь арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөө нь юм. Ид үед маань УАШТ-д дарж, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулаагүй. Эцэст нь хэлэхэд, шүүгчийг түлхсэн нь миний буруу. Гэхдээ хамгийн гол нь рингний гадна юу болж байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй болохоор бодит байдлыг олонд хүргэе гэж ярилцлага өглөө.

Эх сурвалж: Ардын эрх