Оросын Ерөнхийлөгч В.Путин эхнэрээсээ салаад бараг 3 жил болж байгаа билээ. Харин одоо түүний экс гэргий, 53 настай Людмила Путина шинэ хайртай учирчээ. Людмилагийн шинэ нөхөр өөрөөс нь 16 насаар дүү юм байна. 37-той Артур Очеретный гэгч энэ эр Хүмүүсийн харилцааг хөгжүүлэх төвийн удирдагчаар ажилладаг аж.
Сонирхолтой нь, Путиний экс эхнэр Люда 2 дахь удаагаа гэрлэхдээ шинэ нөхрийнхөө овгийг авч, Людмила Очеретная гэдэг болжээ. ОХУ-ын экс Тэргүүн хатагтай Людмила Путина 1958 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Калининград хотод төрсөн бөгөөд түүний эцэг нь тосгоноос гаралтай жирийн нэгэн байжээ. Тэрбээр Калининградад ахлах сургуулиа төгсчээ. Сургуулиа төгссөнийхөө дараа багаасаа л мөрөөдсөн урлагын сургуульд шалгалт өгсөн хэдий ч тэнцээгүй байна.

Улмаар Людмила гэртээ харьж, эцэг, эхдээ туслан янз бүрийн ажил хийх болжээ. Тэр шуудан зөөгч, дэлгүүрийн худалдагч, эмнэлэгт эрүүл ахуйчаас эхлээд жүжгийн клубд хүртэл ажиллаж байжээ. Эцэст нь дээд боловсрол хэрэгтэй гэж үзэн Калининградын техникийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж эхэлсэн байна. Харин энэ шалгалтандаа Людмила тэнцэж, хүссэн сургуульдаа орсон ч хоёрдугаар курсээс нь хаяж, Калининградын нэгдсэн авиа компанийн үйлчлэгч болжээ.




Тэнд ажиллаж байхдаа тэрбээр Владимир Путинтэй танилцсан юм. Анхны уулзалтаасаа хойш гурван жилийн дараа буюу 1983 оны долоодугаар сарын 28-нд Людмила Владимир Путинтэй гэрлэжээ. Тэр үед нөхөр нь КГБ-ийн удирдах газарт ажиллаж байв. Тэдний амьдрал баян тансаг байгаагүй болохоор Москва руу шилжих хүртлээ тэд В.Путины эцэг, эхийн гэрт амьдардаг байжээ. Людмила 1990-ээд оны эхээр маш том осолд орж, үүнээс үүдсэн гэмтлээ эмчлэхийн тулд хоёр жил эмнэлэг сахьсан аж.

Путин хоёр охинтой. Том охин Мария 1985 онд Питерт, харин бага охин Катерина нь 1986 онд Дрезденд төрсөн юм. Хоёр охинд эмэг эхчүүдийг нь дурсаж нэрүүдийг нь хайрласан гэдэг. 1762 онд байгуулагдсан, сайн боловсрол эзэмшүүлдгээрээ дэлхийд алдартай Германы “Петершүле” хэмээх дунд сургуульд охид суралцаж байжээ. Тухайн үед эцэг нь Германд тагнуулчаар ажиллаж байсан юм.

В.Путины дөрвөн жилийн томилолт дуусаж, Москвадаа буцан ирэхэд эгч, дүү хоёр Гаазагийн нэрэмжит Герман сургуульд шилжин суралцсан юм. Харин дээд боловсролыг эцгийнхээ сурч байсан одоогийн Санкт –Петербург хотын Улсын Их сургуульд эзэмшсэн аж. Мария биологи, харин Катерина Дорнын соёл судлалын факультетийг тус тус дүүргэжээ.

В.Путиных Москва руу шилжсэнээс хойш Людмила ажил хийхээ больж, зөвхөн хүүхдүүдээ асрах болсон бөгөөд энэ амьдрал нь түүнд таалагддаг байв. Путин нэр нөлөөтэй болохын хэрээр Людмила олны хараанаас улам нуугдах болж. Эцсийн эцэст 2013 оны зургадугаар сарын 6-ны өдрийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эхнэр Людмила Александровна Путина нар "Эсмеральда" балетын завсарлагаар телевизийн сэтгүүлч ярилцлага авах үед салж байгаагаа зарласан юм.



В.Путин хэвлэл мэдээлэлд салах болсон шалтгаанаа “Бид хамтдаа салах шийдвэрийг гаргасан. Хэдийгээр салж байгаа ч бид найзууд хэвээрээ үлдэх болно” гэж хэлсэн. Харин Людмила Путина “Тэр бол ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан хүн. Бид хүүхдүүддээ анхаарал тавина. Энэ боловсон салалт гэж хэлж болно” гэсэн аж. Владимир Путиныг эхнэрээсээ салах болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байсан юм.



В.Путин гэргийтэйгээ ойр дотно харьцахаа больсон гэдгийг олон эх сурвалж хэлж байсан бөгөөд хэдийнэ шинэ эхнэр сонгосон гэх мэдээлэл ч цацагдах болсон юм.

Тэр үед олимпийн аварга уран гимнастикч, Төрийн думын гишүүн Алина Кабаевагаас болж В.Путин эхнэрээсээ салсан гэж олон хүмүүс үзэж байжээ. Тэднийг амрагийн холбоотой гэх мэдээлэл аль эртнээс л Оросын төдийгүй, барууны хэвлэлүүдээр гарч байжээ.



Алина Маратовна Кабаева 1983 оны тавдугаар сард Ташкентад төрсөн. Афины олимпын алтан медальт, 2000 оны Сиднейн олимпын хүрэл медальт. Уран сайхны гимнастикийн дэлхийн хошой аварга, европын таван удаагийн аварга. Гэхдээ тэрбээр одоо спорт биш улс төрийн карьер хөөж, В.Путиний “Нэгдмэл Орос” намд нэгдэн, Төрийн думд хүртэл сонгогдсон билээ. ОХУ-ын нэрт гимнастикчин бүсгүй А.Кабаеваг В.Путины хоёр хүүхдийг төрүүлсэн гэсэн мэдээ ч гарч эхэлсэн.








 




Эх сурвалж: TIMES.MN