Бөхчүүдийн барьц сонгохыг хүлээж зогссон үхээнц байдлыг Ө.Даваабаатар эвдлээ
2016/02/02
Хэдхэн хоногийн өмнө улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан бөхийн өргөөнд болсон. Залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд тэргүүтэй алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уран барилдаант харцага Өлзийбатын Даваабаатар найм давж түрүүлсэн.
Ө.Даваабаатар харцагын хувьд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран дайчин барилдааныг үзүүлж, олны хэлдгээр бахтайхан түрүүлсэн билээ. Бөхийн тайлбарлагчид хэлэх үгээ олж ядан магтацгааж, бөхийн өргөөнд цугласан олон шавайгаа ханатал баярлаж буйг анзаарахад сүүлийн үед ийм уран барилдаан гараагүй нь илт мэдрэгдэж байв.
Бараг л долоо хоног бүр ээлж дараалан болдог барилдаанууд нэгэн хэвийн загварт автчихсан, тийм нэг унтаа уйтгартайхан болдгийг бөх сонирхогч олон сайн мэднэ. Тиймдээ ч сүүлийн үед бөхийн үзэгчдийн тоо эрс цөөрч, жинхэнэ сэтгэлийн таашаалыг мэдрэхээс илүүтэйгээр цаг нөхцөөх гэсэн нөхөд цуглаж байна уу гэж эргэлзэхэд ч хүргэсэн юм. Үүнд бөхчүүдийн урам хугалсан унтаа байдал, хурц дайчин бус үхээнц барилдаан, үзэгч олноо бус зөвхөн өөрийгөө бодсон өрөвдмөөр сэтгэлгээ нь нөлөөлсөн.
Ч.Санжаадамба, Ц.Содномдомдорж нарын цөөхөн бөхчүүд зодоглоогүй бол үндэсний бөхийн барилдаан бүр чиг үзэх юмгүй, улсын аварга, арслан, гарьдтай цолтой бөхчүүд нь нэгийн давааны ам угтуулаа хаяж дөнгөхгүй зууралдаж, онигоогоо чирдэг. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба нар зодоглоод дор даваанд уначихвал тэгээд өнгөрөө. Идэр залуу аваргууд нэг, хоёрын давааны амны хүүхдүүдтэйгээ хар хөлсөө цутгатал, тамираа бартал ноцолдохыг харахад эрхгүй өрөвдмөөр. Монгол үндэсний бөхийн түвшин өнөөдөр ийм л хэмжээнд байна. Үүнийг С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд ойлгож, ухамсарлан бодох л хэрэгтэй. Харцага цолтнуудын хүндэтгэлийн барилдааны дараа бөх сонирхогч олны сэтгэл баясч, сошиал ертөнцөд Даваабаатарын зургийг янз бүрээр тавьж, баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Энэ бол бөх сонирхогч, бөхөө дээдэлдэг түмэн гагцхүү Ө.Даваабаатар гэдэг залууд хайртайдаа бус монгол үндэсний бөхөд уран дайчин барилдааныг үзүүлж, бөхийн ертөнцийн унтаа, уйтай байдлыг сэрээсэнд нь талархаад буй хэрэг юм.
Бөхийн тайлбарлагчид “Харцага Ө.Даваабаатар даваа бүртээ уран хурц, эрмэг дайчин барилдааныг үзүүлж, гайхалтай байна” гэж орилолдоод байсан. Энэ нь сүүлийн үед ийм уран барилдаан үзэгдэхгүй болсныг, бөхчүүд маань үзэгчид болоод бөх тайлбарлагчдыг залхаан цээрлүүлж, бүгд шодооны буюу алсын сүвээний барьц авах гэж барилдах бус баглаж зогсохын нэр төдий болсныг гэрчилнэ.
“Сүхбат аварга ингэж барилддаг байлаа” хэмээн Даваабаатарын барилдааныг харсан хүмүүс ярьж байсан. Нээрээ л бөхийн эрдэмд хөтөлсөн дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат шиг барилдааныг тэр үзүүлж эхэллээ. Сүүлд болсон харцага цолтнуудын барилдаанд 3-7-гийн даваанд энэ цаг үеийн шилдэг залуу бөхчүүдийг дараалуулж давсан. Аварга, арслангийн буурь заалаа гэдэг шиг баруун солгойгүй тонгорч шидсэн. Ингээд их шөвгийн дөрөвт түрүү жилийн магнай бөх залуу арслан Э.Оюунболдыг хөлийг нь шүүрч аваад арагш дэрлээд хэвтүүлчихэж байна. Э.Оюунболд бол төрийн наадамд түрүүлчихсэн ид аагин дээрээ байгаа бөх. Тэгтэл Даваабаатарт хэдхээн секундэд нам даруулаад хэвтээд өгч байна.
Түрүү үзүүрт залуу арслан Н.Батсуурийг өрөнгүүтээ л хавсраад шидчихсэн. Удаашруулсан байдлаас харахад зүгээр ч нэг хавсраагүй юм билээ. Батсуурь арслангийн алхаа гишгээг нь тааруулж байгаад тосгуулж хавсраад, түүнээ залгуулан давуулж бариад, зайлж дугтран, арагш гүйлгэж шидээд тэрүүхэн агшинд хичнээн ч мэхний хувилбар хийсэн юм бэ дээ. А.Сүхбат аварга ид үедээ “зургаан залуу заан” буюу Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Б.Ганбат нартай яг л ингэж гал асаасан, хэт цахисан барилдаанууд гаргаж, уран мэхийг угсруулан хийж олон түмнээ баясгадаг байсан сан.
Тэдний барилдааныг үзэх гэж бөхийн өргөөг дүүртэл цугласан олон хэд хэдэн хэсэг болж талцаад, спортын фэн ийм байх ёстой гэдэг шиг өөрийн бөхөө дэмжиж, зургаан залуу зааны барилдааныг зүрх даран үздэг байлаа. Тийм л үеийг Даваабаатар харцага сануулж, даваа бүрт үзэгчдийг суудлаас нь босгож, цөсийг нь хөөргөсөн юм.
“Даваабаатар бөхийн ертөнцдөө эргэн ирлээ” гэж олон түмэн шагширч байна. Энэ ч учиртай. Хоёр мянга долоо, найман олны үед улсын начин тэрээр өнөөдрийнх шиг уран хурц барилдааныг үзүүлж, олон түмнээ цэнгүүлдэг байв. Харин 2009 оны өвлийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, Ө.Даваабаатар харцагыг эвгүй унагаснаас болж бэртэл авч, ид мандаж байх цагтаа бөхийн дэвжээг орхисон гашуун түүх бий. Түүнийг шөрмөсөө тасалж хүч гарган барилдах нь бүү хэл, хөлөө аясаар нь хөдөлгөж ч чадахгүй шаналж байх үеийг мэдэх нэг нь мэддэг. Тиймдээ “Даваабаатар эргэн ирлээ” гэж шагширсан байх. Рагчаа гарьдтай хийсэн барилдаан ард олны нүдэн дээр ил болсон. Уг барилдааны дараа “Амбатны цагаан Жигмэд буюу Рагчаа” гэх утга бүхий нийтлэлүүд өдөр тутмын хэвлэлээр гарч байсан. Сонирхолтой нь 2008 онд Ө.Даваабаатар зургаагийн даваанд Д.Рагчааг давж улсын харцага цолонд хүрсэн байдаг юм.
Сүүлийн жилүүдэд бөхийн өлгий гэгддэг Төв аймгаас бараг л гурав давчих хүчтэн төрөхгүй байгаа. Жараад оны эхэн үе буюу Жигжидийн Мөнхбат аваргыг ид байх үед Лувсанчимэдийн Сосорбарам, Өлзийсайхан Эрдэнэ-Очир, Пүрэвийн Дагвасүрэн гээд аваргын дайтай арслангууд Төв аймгаар цоллуулж, төрийн наадмын түрүү, үзүүр их шөвөгт шалгарч байлаа. Далаад оны эхэн үеэр Хадаа аварга гарч ирээд бас л бужигнаан болсон. Хад аварга шиг бяртай хүн монгол бөхөд дахин заяахад ховор л гэдэг юм. Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн хүчтэн. Гэхдээ монгол бөхийн дэвжээнд хорин удаа түрүүлсэн юм шиг ард түмэндээ хайрлагдсан хүн. Алдаж онож явсан он жилүүд нь тийм хайрлам сэтгэгдлийг төрүүлдэг ч байж магад. Гэхдээ тэр бол хүний хайлан явсан байдаг.
Хадаа аваргыг залгаж төрсөн бөх бол дархан аварга А.Сүхбат. Түүний барилдааныг ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Сүхбат аварга нэгэнтээ манай сонины редакцид ирээд Ж.Гангаа сэтгүүлчтэй ярилцаж суухдаа “Би монгол үндэсний бөхийн барилдааныг урлагийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлсэн” гэж билээ.
Үнэндээ ч тэгж бодохоос өөр аргагүй. Тийм бөхийн шавь Даваабаатар юм. Бэртэл гэмтлийн улмаас санасандаа хүртэл барилдаж чадалгүй, наадмын ногоон дэвжээнээс багтарч буцсан жилүүд олон байсан биз. Сүхбат аварга зодог тайлсныхаа дараа “Ирээдүйн аварга” хэмээн шагнал бий болгож, тэр жилийн цагаан сарын барилдааны үеэр аймгийн цолтой Ө.Даваабаатар хэмээх бүдүүвтэр гуятай, сөөсгөр халимагтай туранхай бор хүүд анхны шагналаа олгож байсныг санаж байна. Эл бүх учралыг санаж Ө.Даваабаатар бөхийн дээд цолонд хүрэх учиртай юм. Тавин таван оны наадамд Төв аймгийн Баянбараат сумын адуучин Самдангийн Оргодол гэж хүн нутгаасаа хөтөлгөө морьтой гарч давхиад төрийн наадмын түрүү бөхөөр тодорч байсан түүх бий.
Өнөө жил тэгш ой давхацсан гээд 1024 бөх барилдах юм гэсэн. “Шанаган тав” минь бөхгүй боллоо гэж шаналж байгаа олныхоо сэтгэлийн магнайг тэнийлгэж идэр залуу харцага тодроод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Алдарт Мөөеө, энгүй хүчтэн Хадаа, уран барилдаант Сүхбат аваргуудын нутаг, за тэгээд аваргын дайтай хэдэн арслангийн нутгийнхан сүүлийн үед тариан талбайны мануухай гэдэг шиг хөлийн цэцээр сууж, нутгийнхаа нэрийг дуудуулж байх шив дээ. Ардын багш Данзандаржаагийн Сэрээтэр, алдарт уяач Хэнмэдэхийн хөвгүүд болох Амараа, Түвшинсанаа гээд баахан олон хөлийн цэц “мануухай”-нууд л бий болсон байна. Аатай, хүчтэй нутгийнхны алдрыг өргөх найдвар Даваабаатарт байгаа юм биш үү.
Зоригоо · 2016/02/02
Өдрийн сониныхон гэж дандаа Төв аймгийн голдуу архи айраг ярьсан нөхдүүд. Нийтлэлүүд нь дандаа тийм утгатай байдагийг анзаарсан уу. Нэг л задгай, замбараагүй, хэнэггүй амьдрлыг магтсан өнгө аястай. Залуу сэтгүүлчид нь бүгдээрээ тийм байдлыг шүтдэг болсон байна лээ. Энэ үгийг сонсох хэрэгтэй, удирдлагууд нь. Захиалж уншихаа болино гэж бодож байгаа
Зочин · 2016/02/02
rock medee bna daa hahahhaha
Зочин · 2016/02/02
Bukh medehgui huneer iim yum bichuulj bdag
Зочин · 2016/02/02
neg talaas n harval bas ortoi ug bichsen bn shuu. bi buhiin horhoiton ch gesen ter barits huleedeg purevsaikhan, azjargal geed avir aash ch muutai yumnuudad durgui.
Зочин · 2016/02/02
cool
Зочин · 2016/02/02
Шал хогын юм уншчлаа.
Зочин · 2016/02/02
ENE ODOO GALZUU HUNII ODRIIN TEMDEGLEL YM UU OGT BOH MEDDEGGUI HUN YM UU ALI ESVEL ZUGEER NEG HUN MAGTAH SONIRHOLTOI YM UU HUN BOLGON OORIIN ONTSLOG ARGA BARIL ZAASAN MEH BAGSH SURSAN SURGUULI BELTGEL BIYIIN ONTSLOG ZAN ARANSHIN GEED OLON ZUIL BDAG YM ENUUN SHIG YUUGAACH MEDEHGUI SOLIOROH HEREG BHGUI MEDREL MUUTAI YM SHIG YM BICHIHIIN BOHIIN ORGOO BITUU L BGAA SHDEE UNDESNII BOH SONIRHDOG HUN TSOORCH BGAA CH GEH SHIG YU BE ! ER EM NI MEDEGDEHGUI HACHIN YM BGAADAA BARAG !!!!!!?